• 6 сарын 13, Баасан
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Богдхан уулын тэнгэрийг тайх тахилгын ёслол нөгөөдөр болно

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгат хайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурханхалдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг таван жил тутам зохион байгуулахаар заасан. 

Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны аравдугаар сарын 07-н буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр  үйлдэхээр төлөвлөжээ. 

Тахилгын ёслолыг зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэж байгаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.ШирэндэвБогдхан уулыг дархалж, тахиж ирсэн түүх Хүннү гүрний мандан бадарснаас цааших 3,000 жилийн тэртээгээс улбаатай.

Улсын төв архивын албан баримтад:

  • 12-13-р зууны үед Хэрэйд аймгийн Ван хаан Тоорил Богдхан уулыг тахиж, Туулын хар шугуйгаар нутаглаж байхдаа “Унасан газар угаасан усаа” гэх Монгол хүний сэтгэлээр өөрийн эрх хэмжээнд онголон дархалсан түүхтэй.
     
  • 1778 онд тэр үеийн Монголын тэргүүний сэхээтний нэг хүрээ сайд Юндэндоржийн санаачилгаар Богдхан уулыг албан ёсоор дархалж хамгаалалтад авсан байна.
     
  • 1778 онд Манж хааны зарлиг ёсоор Богдхан уулын тэргүүн Цэцээ гүний орой дахь хадан цохионы өвөрт тусгай дэг жаягийн дагуу тахилга хийдэг болжээ. Богдхан уулыг зун, намрын цагт хоёр удаа тахиж байгаад сүүлдээ нэг удаа тахиж, 1921 оноос хойш тахихаа больсон байдаг.
     
  • 1998 онд  Богдхан уулыг дархалсны 220 жилийн ойгоор Байгаль орчны яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, нийслэлийн Хан уул, Баянзүрх дүүргүүдийн оролцоотойгоор урьд тодотгосон дэг жаягийн дагуу Цэцээ гүн оргилыг тахиж байсан.
     
  • 1999 онд Улаанбаатар хот байгуулагдсаны 360 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, тахилгын сангийн оролцоотойгоор Цэцээ гүнийг тахисан.
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тэнгэрийг тайх тахилга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу 17 жарны шороон үхэр жилийн намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхацсан бэлэгт сайн өдөр болж Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр тус ёслолын ажиллагаанд оролцож байлаа.

Манай байгууллагын зүгээс тахилгад зориулан овоогоо сэргээж, зам харгуйгаа засан, хогоо цэвэрлээд байна. Мөн Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 20 жилийн ой болон тахилгад зориулан Богдхан уулын тухай түүх домог, ерөөл магтаал, амьтан ургамлын сан, газар зүйн байрлал, булаг шанд рашаан гээд Богд уулын талаарх бүхий л мэдээллийг багтаасан ном, болон ил захидлыг хэвлүүлэн гаргалаа” гэлээ.

Тахилгын ёслолын шашны талын зан үйлийг гардан зохион байгуулах Зүүн хүрээ Дашчойлон хийдийн зүгээс тахилгын үеэр Богдхан ууланд хог хаяхгүй, идээ будаагаа заасан газарт өргөж, соёлтой оролцохыг иргэддээ уриаллаа.

 

7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг