ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

О.Сэлэнгэ: Дөрвөн хүүхдийн гурав нь ямар нэг байдлаар өсвөр насны дарамтад өртдөг

Э.Туул
2015 оны 10 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг

Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний сүлжээний тэргүүн О.Сэлэнгэтэй хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа.

-Хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл цуглаж, уулзалт хийлээ. Уулзалтынхаа зорилгыг танилцуулаач?  

-Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдэн орсон анхны орнуудын нэг бөгөөд Хүүхдийн эрхийн олон улсын хууль болсон тус конвенцид нэгдэн орсон нь манай улсад хүүхдийн эрхийг бодитой хангахын төлөө Засгийн газар үүрэг хүлээж байгаа эхний чухал алхам юм.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын V тайлантай холбогдуулан Хүүхдүүд болон ТББ-уудын сүлжээдээс НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд илгээх нэмэлт илтгэлүүдийг танилцуулах уулзалт боллоо. 

Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн тав дахь удаагийн тайлангаа 2015 оны эхний улиралд Хүүхдийн Эрхийн Хороонд илгээсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенцид заасны дагуу Монгол Улсад хүүхдийн эрхийн байдал ямар байгаа талаар нэмэлт мэдээлэл өгөх илтгэлийг Японы Хүүхдийг Ивээх Сан удирдан чиглүүлж, Дэлхийн Зөн Монгол байгууллагатай хамтран санхүүжүүлснээр хүүхдийн асуудлаар ажилладаг үндэсний ТББ-ын сүлжээд болох “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Хүүхдийн оролцооны байгууллагуудын сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах сүлжээ, ЭКПАТ Монгол сүлжээнүүдтэй хамтран боловсруулснаа танилцууллаа.

Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх асуудал тулгамдсан хэвээр байна. 

Дээрх сүлжээдэд нийт 50 гаруй ТББ хамрагдаж байна. Бид уулзаад хүүхдийн эрх, эрүүл мэнд, боловсрол гээд олон асуудлыг ярилцахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх зэрэг асуудлыг ч мөн яаж шийдвэрлэх, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцлээ.  

-Нэмэлт илтгэлийг боловсруулахдаа ямар асуудлыг түлхүү тусгасан бэ. Хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал гарсаар л байна шүү дээ? 

-Илтгэлийг боловсруулахдаа ХЭК-ийн хэрэгжилтийг Монгол Улсын дөрвөн бүсийг төлөөлсөн Дундговь, Дорнод Ховд, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдэд нийт 245 хүнийг хамруулсан олон нийтийн хэлэлцүүлэг, 177 хүүхдийг хамруулсан хүүхдийн хэлэлцүүлэг болон хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдлын мэдээлэл цуглуулах уулзалтууд, ганцаарчилсан ярилцлагыг Хуүхдийг Ивээх Сан болон төрийн бус байгууллагууд зохион байгуулж цуглуулсан мэдээллийг багцлан дүгнэлт хийсэн.

Энэхүү илтгэлийг боловсруулах зөвлөх баг ТББ-ын сүлжээдийн гишүүн байгууллагуудтай фокус группын ярилцлага, гол мэдээлэл өгөгч түншүүдтэй ганцаарчилсан ярилцлага хийх замаар мэдээлэл цуглуулахаас гадна тайлант хугацаанд янз бүрийн байгууллагаас 2009-2015 оны хооронд хийгдсэн судалгаа, боловсруулагдсан илтгэл, тайланг судалж бусад мэдээлэлтэй нэгтгэн тусгасан.

НҮБ-ын ХЭХ-ноос ХЭК-ийн хэрэгжилтийн III, IV тайланг хэлэлцэж, Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтэд ТББ-ууд үнэлгээ хийсэн.

Мөн ХЭК-ын хэрэгжилтийн V илтгэлд дутуу тусгагдсан асуудлыг дэлгэрүүлж, тайлант хугацаанд шинээр бий болсон хүүхдийн эрхтэй холбоотой асуудлыг боломжит эх үүсвэрт тулгуурласан. Энэ илтгэл нь хүүхдийн асуудлыг эрх, эрх чөлөө, гэр бүлийн орчин болон асрамжийн хэлбэрүүд, эрүүл мэнд, боловсрол болон тусгай хамгааллын чиглэлээр гаргасан байгаа.

Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх асуудал тулгамдсан хэвээр байна. Бүх төвшинд хийсэн ярилцлага, хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн амьдралд байнга тулгамдаж ил болон нууц хэлбэрээр амь бөхтэй оршиж буй ялгаварлал, үл хайхралт, хүчирхийлэл түүний дотор гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөөр байгаа нь Засгийн газраас нэн яаралтай арга хэмжээ авч, хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгож үр дүнтэй үйлчилгээ үзүүлэн ажиллахыг шаардаж байгаа юм. 

-Хүүхдийн төлөө 50 гаруй ТББ ажилладаг гэж байна. Эдгээр байгууллагууд яг ямар ажил хийж, хэрэгжүүлдэг юм бэ? 

-Энэ уулзалтын бас нэг давуу тал бол ТББ-ууд хаана очиж, ямар ажил хийж хэрэгжүүлсэн тайлангаа тавих, харилцан туршлага солилцох, амьдралаас урган гарсан шийдлүүдийг хэрхэн зохицуулах гээд олон асуудлаа ярилцаж байна. Жишээ нь, манай Хүүхдийн оролцооны сүлжээ байгууллага гэхэд хүүхдийн оролцоо сургууль дээр болон бусад газарт ямар байна гэдгийг судалж, түүнд тохирсон арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Одоогийн байдлаар ЕБС дээр хүүхдийн оролцоо ердөө 20 хувьтай л байна. Ерөнхийлөгч маань хүртэл хүүхдийн оролцоонд тулгуурлаж, асуудлыг шийдээч, тэр хүүхдүүдийн санал бодлыг сонсооч гэдэг асуудлыг хоёр жилийн өмнөөс л ярьж байгаа. Гэтэл өнөөдөр 10 жилийн сургууль дээр хүүхдийн оролцоо, эрхийн асуудал хоцрогдчихоод байна. 

Зарим сургууль дээр очоод хүүхэдтэй холбоотой асуудалд тэдний оролцоо зайлшгүй шаардлагатай гээд ярихаар дэмий юм ярилаа, хүүхэд бол хүүхдээрээ л байх ёстой. Тэдний санаа бодол гэж юу байдаг юм, зүгээр л хичээлээ л хийхэд болно гэдэг байдлаар эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, сургуулийн захирлууд хандах байдал их байна. Тиймээс  хүүхдүүд маань өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлэхэд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж байна. 

Тэр сургуулийн бүх л ажилтан, албан хаагчид, жижүүрийг хүртэл ажилд авахдаа хүүхдийн байгууллагад ажиллаж чадах эсэх, тэрхүү стандартад нийцэж байгаа эсэхийг шалгаж авах хэрэгтэй. Тэгэхгүй тухайн хүн өөрөө ухамсрын доройтолд орсон, элдэв гаж буруу зуршилтай байвал энэ нь хүүхдэд маш буруу үлгэр дуурайлал үзүүлдэг.

Жишээ татахад, сургуулийн ажилтан хүүхдүүдийн дэргэд архи, тамхи хэрэглэх, хараалын үг хэлэх, эсвэл хүүхдийг  архи, тамхинд гүйлгэх гэх зэргээр нөлөөлөхөөр бидний бахархал болсон хүмүүс ийм байгаа юм чинь гээд хэнэггүйтэх, тэднийг дуурайх байдал нэмэгдэнэ. Тиймээс бид дээрх хүмүүсийг хүүхдийн байгууллагад ажиллах чадвартай, тэр шаардлагыг хангасан байх ёстой гэсэн шаардлагыг сургуулийн удирдлагуудад тавьж байна. 

Хүүхдийн өмнөөс дүн шинжилгээ хийдэг, дүгнэлт гаргадаг байж болохгүй юм. 

Олон улсад маш өндөр шалгуур тавьдаг, хүүхэдтэй ажиллах жишиг дүрэм гэж байдаг. Түүнийг мөрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Нэгэнт хүүхдийн байгууллагад ажиллаж л байгаа бол хүүхдийнхээ санаа бодлыг сонсохоос бус хэн нэгэн даргын заавраар яваад байж болохгүй юм.

Хүүхдийн өмнөөс дүн шинжилгээ хийдэг, дүгнэлт гаргадаг байж болохгүй юм. Үүнийг л ойлгуулах хэрэгтэй байна. Бүр хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн багшийг ажлаас нь халдаг, багшлах эрхийг нь хүртэл хасдаг байх, үүнийг сургуулийн дотоод журамдаа тусгаж өгдөг байх ёстой. Тэр хүн нэгэнт хүүхэдтэй ажиллаж чадахгүй, хүүхдийн дэргэд зохисгүй ааш авир, аяг гаргаж байгаа бол Захиргааны хариуцлага хүлээлгэдэг байх ёстой юм. 

-ТББ гэхээр ашгийн бус байх ёстой. Гэтэл үйл ажиллагаа явуулж байгаа учраас зардал хэрэгтэй болно. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? 

-ТББ-ын нэрийг барьж, мөнгө нэхдэг, асуудал гаргадаг гээд сонсч байсан. Тэгэхдээ хүүхдийн төлөө ажиллаж байгаа, тэдний төлөө зүрх сэтгэлээ зориулж байгаа манай ТББ-ууд ажиллахаас өөр арга байдаггүй. Учир нь бид ажиллахгүй бол хүүхдүүд маань хэнд хандах вэ. Социализмын үед хүүхдүүдийн төлөө төрөөс анхаарал тавьж, бүхэл бүтэн байгууллагатай байлаа.

Гэтэл өнөөдөр нэг агентлагийн хэмжээнд л яригдаж байна. Тэгэхээр Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, Ерөнхий сайд маань хүүхдийн төлөө анхаарал хандуулж, бодитой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. 

-Хүүхдүүдийн хувьд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй байдаг. Оюутнууд мөнгө төлөхгүй яваад байхад хүүхдийг заавал мөнгөө төл гэдэг шаардлага тавьдаг. Мөн автобусны шат хэт өндөр, хүүхэд тээвэрлэх зориулалтын бус нийтийн тээврийн хэрэгслүүд манайд үйлчилдэг гээд асуудал их байна? 

-Угаасаа нийтийн тээврийн хэрэгслүүд хүүхэд тээвэрлэх стандарт хангаагүй. Олон улсад бол нийтийн тээврийн хэрэгслээр хүүхдээ зорчуулахыг эрс дургүйцдэг. Гэтэл манайд бол энэ нь эсрэгээрээ байгаа. Учир нь нийтийн тээврийн хэрэгсэл дотор хүүхэд халдлага, хулгай дээрэмд өртөхөөс гадна янз бүрийн гаж зуршилтай хүмүүс зорчиж яваад хүүхдэд нөлөөлөх зэрэг эрсдэл үүсч болно хэмээн үздэг.

Хүүхэд гэдэг онцгой субъект учраас түүнд онцгой анхаарал халамж тавьсан үйлчилгээг  үзүүлдэг байгаа юм. 

Хүүхэд гэдэг онцгой субъект учраас түүнд онцгой анхаарал халамж тавьсан үйлчилгээг  үзүүлдэг байгаа юм. Тиймээс энэ үйлчилгээг үзүүлэхийн тулд тусгай оператор компани гаргах, хүүхдэд зориулсан нийтийн тээврийн хэрэгслийг оруулж ирэх зэрэг асуудлыг Засгийн газраас гаргах шаардлагатай байгаа юм. Ингэхдээ тэр автобус нь ашгийн төлөө бус цэвэр хүүхдэд чиглэсэн үйлчилгээ байх  ёстой. 

-Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд хэнд хандсан бэ. Ямар нэгэн шийдэлд хүрэх боломж байна уу?

-ХТҮГ-ын дарга И.Нарантуяа болон манай улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн төлөө олон улсын байгууллагуудад хандаад байна. Мөн ХАХНХЯ-ны удирдлагуудад хандаж, саналаа тавьсан.  Шууд хариу өгөх боломжгүй, судлаад эргээд хариу өгнө гэсэн. Бид ч гэсэн энэ ажлаа орхилгүй, араас нь тууштай явна. Сая нийтийн тээвэр цахим системд нэвтэр, U money ухаалаг  карттай боллоо.  

Гэтэл хүүхдийн картаар зорчих томчууд олон байна. Тиймээс хүүхдүүд өөрсдөө энэ картаар зорчих боломжгүй болчихоод байгаа юм. Том хүн хүүхдийн картаар зорчиж байхад жолооч нь ч хяналт тавихаа больчихсон. Ийм хэмжээний сэтгэлгээний доройтол, тогтолцооны хямралд орчихоод байна. Яагаад гэвэл хүүхдэд зориулсан үйлчилгээг хэн нэгэн эдлэх эрх байдаггүй. Энэ чинь олон улсад бол ичмээр хэрэг. Гэтэл энэ сэтгэлгээний доройтол, тогтолцооны хямралаас болоод энэ асуудлаа шийдэж чадахгүй байна.

Энэ мэт асуудлыг хэлээд, шийдүүлэх гарц, арга замыг хайгаад явахаар ТББ гэдэг талаас нь хүлээж аваад, аливаа асуудал дээр төвөгшөөсөн, үл тоомсорлосон байдалтай ханддаг. ТББ гэдэг зүгээр л ямар ч хамаагүй асуудал дээр орилоод явж байх ёстой юм шиг бодчихсон. Гэтэл хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд хүүхдүүдийнхээ төлөө эцсээ хүртэл явдаг. Манай сүлжээ гэхэд л Ерөнхийлөгчтэй хамтраад 3,000 гаруй хүүхдэд батламж гардуулсан. Эдгээр хүүхдүүд маань одоо бусдын сайн сайхны төлөө зүтгээд явж байна. Хүүхдүүд хүүхэддээ  туслах аяныг өрнүүллээ.

Монголын сурагчдын холбоон дээр “School police” төвийг байгуулаад, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, НИТХ-тай  хамтраад нийслэлийн хэмжээнд “School police” хөтөлбөрийг явуулж байна. Энэ ажилд оролцсон эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө ажиллаж, тэдний төлөө сэтгэл зовж, хүүхдүүдийнхээ дуу хоолойг сонсч чаддаг болж байна. Тэгэхээр хүмүүс өөрчлөгдөж чаддаг юм. Одоо энэ хөтөлбөрийг орон нутагт  хэрэгжүүлэхээр сая ЦЕГ-ын дарга үүрэг өгсөн. 

-Хүүхдүүд бас НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд нэмэлт илтгэлийг илгээж байгаа гэсэн үү. Тэд өөрсдөд нь ямар асуудал тулгамдаж байгааг бичсэн хэрэг үү? 

-Хүүхдийн эрхийг цогцоор нь улсынхаа хууль тогтоомжоор баталгаажуулж, хэрэгжүүлэхээр хүчин зүтгэл гарган чармайж, хамгаалахгүй бол, засаглалын бүх төвшинд хүүхдийн эрхийг хангах улс төрийн хүсэл эрмэлзлэл үгүй болж байна.

Мөн хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудыг хэрэгжүүлэхдээ төсөвтэй нь батлахгүй бол, төр засаг, иргэд бүгд хүүхдийг зөвхөн ирээдүйн иргэн биш, өнөөдрийн ч иргэн, тэр дундаа онцгой хамгаалал шаардлагатай хүн гэж үзэж чадахгүй, үзэл бодолтой хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй, тэдний дуу хоолойг сонсохыг хүсэхгүй, хүүхдийн эрх “хоосон амлалт” болж хувирна гэж хүүхдүүд үзэж байгаа юм.

Хүн бүр хуулиараа дамжуулан хүүхдийн өмнө ямар үүрэг хариуцлага хүлээдгээ мэдэж, хууль нь хэрэглэгдэж, төр хэрэгжилтэд нь хяналт тавьж чаддаг болчихвол хүүхдийн эрхийг хангаж чадна гэдэгт тэд итгэж байгаагаа дуулгалаа. 

-Тэгвэл хүүхдийн эрх хаана илүү их зөрчигдөж байна? 

-Бид Монгол орны нийслэл болоод дөрвөн зүгт амьдран суугаа хүүхдүүд боловсрол соёл, чөлөөт цаг, эрүүл мэнд, нийгмийн халамж, гэр бүлийн орчин, асран хамгаалал, иргэний эрх, эрх чөлөө, хүүхдийн хөдөлмөр зэрэг асуудлын хүрээнд ажилласан. Ерөнхийдөө хүүхдийн эрхийн зөрчил хамгийн их гардаг газар нь сургууль байгаа юм. 

-Яагаад сургууль гэж. Харин ч сургууль дээр хүүхдүүд үеийнхэнтэйгээ байгаа учраас эрх нь зөрчигдөхгүй юм биш үү? 

-Сургуулийн орчинд эрх нь зөрчигдөж байгаа тохиолдол тухайн сургуулийн нийт хүүхдийн 50 орчим хувь нь байна. Дөрвөн хүүхдийн гурав нь ямар нэгэн байдлаар өсвөр насны дарамтад өртсөн байх жишээтэй. Жишээ татахад, сургуулийн орчинд гэмт хэрэг үйлдэгддэг, согтуу хөлчүү хүмүүс татаж чангаадаг, тухайн сургуулийг төгссөн хүмүүс ирж хүүхдүүдийг дээрэлхдэг, сургуулийн хашаанд зодоон болдог ч юм уу.

Энэ мэтчилэн хүүхдүүд сэтгэлзүйн болон янз бүрийн дарамт, хүчирхийлэлд өртөөд байгаа юм. Тиймээс л бид “School police” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байгаа юм шүү дээ. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд, хүүхдүүдээ хамгаалахын тулд хэрэгжүүлж байгаа  юм. 

-“School police” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь сайн боловч нэг талаараа эцэг, эхчүүд энэ үүргийг хэнэггүй гүйцэтгэх тохиолдол гарч байна. Мөн зам хөндлөн гарах үед л ажиллах ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой ажиллаад байгаа шүү дээ. Гэтэл сургуулийн орчинд бүрэн хяналт тавих боломжгүй юм шиг санагддаг. Тэгэхээр “School police” буюу тухайн өдөр эргүүлд гарч байгаа эцэг, эхчүүдийн тоог нэмэх боломж байдаггүй юм уу? 

-Бодит амьдрал дээр ийм зүйл гарч байгааг үгүйсгэхгүй. Эцэг эхчүүдийн дийлэнх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гээд ойлгочихсон байдаг. Бидний зүгээс эцэг, эхчүүдэд эргүүлд гарахаас нь өмнө чиг үүргийг нь хэлж, танилцуулдаг. Сургуулийн орчинд хяналт тавихаас гадна сурагчид цуглах, тарах үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ийм үүрэг гүйцэтгэнэ гэж танилцуулдаг. Мөн хоёулаа гардаг нь аюултай нөхцөл байдал үүссэн үед нэгнээ аврах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм.

 “School police” хөтөлбөр энэ мэтээр маш өндөр үр дүн гарч байгаа учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн НИТХ-ын дарга, Хотын захирагч нарт танай сониноор дамжуулан талархал илэрхийлмээр байна. Мөн хөтөлбөрийг дэмжиж, сайн ажиллаж, зохион байгуулалттай  ороцлсон сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийг шагнаж урамшуулахаар НИТХ-ын даргатай уулзаж, шийдэлд хүрсэн. Өнгөрсөн жилийн тухайд 50 гаруй эцэг, эхийг шагнаж урамшуулсан. 

-Аливаа нэг хурал цуглаан болохоор л тэнд тийм хүүхэд хүчирхийлэлд өртлөө, тэдэн хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гээд л баахан тоон дүн хэлдэг. Гэтэл бид ийм хүчирхийллээс ингэж хамгааллаа, тэдэн хүүхдийг аварлаа гэсэн дүнг сонсч байсангүй. Тэгэхээр хүчирхийлэл, халдлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ олон ТББ-ууд юу хийж байна? 

-Тоон мэдээлэл гээд харахаар хүүхдийн төлөө ажилладаг 50 гаруй ТББ байна гэж байгаа боловч үнэндээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй л байгууллага байдаг. Тэр нь салбартаа ч хүрэлцдэггүй. Тухайлбал, хүүхдийн эрүүл мэнд гэхэд л хоёр байгууллага байх жишээтэй.

Тэгэхээр хариуцдаг салбар бүр нь өөр учраас тухайн чиглэлдээ мэргэшиж, нэгдсэн зарчмаар ажиллах нь чухал байгаа юм. Хүүхдийн асуудал бол улс төр, шашин хоёроос ангид байдаг учраас тоодог ч үгүй. Хүүхдийн асуудал яагаад шийдэгддэггүй вэ гэхээр тэд сонгуульд санал өгдөггүй учраас тэдний асуудлыг шийдэх хэрэггүй гэж боддог байх. 

-Сонгууль дөхөхөөр л улстөрчид хүүхдэд их хайртай болж, хүүхдүүдээр пиараа хийж эхэлдэг. Гэтэл та нарын санаачилсан ажлыг дэмжиж, туслах улстөрч, төрийн өндөр албан тушаалтан байна уу? 

-Бид хүүхдийн төлөө ийм ажил хиймээр байна гээд яваад ороход “чи нэр дэвших гэж байгаа юм уу”, “битгий  улстөржөөд бай” гэх зэргээр ханддаг. Үнэндээ хүүхдийн төлөө ажиллаж байгаа хүмүүс бор зүрхээрээ л явж байгаа шүү дээ. Оюутнууд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад жагсахад эд чинь миний сонгогч шүү гээд л асуудлыг нь шийдчихдэг. Гэтэл хүүхдүүд санал өгдөггүй болохоор тэдний минь асуудал шийдэгддэггүй. 

-Тэгвэл хүүхдийн асуудлыг шийдээгүй улстөрчийг сонгохгүй байх эрх нь эцэг, эхчүүдэд байна шүү дээ. Ерөнхийдөө “барьцаалах” маягаар ажиллах хэрэгтэй болох нь ээ дээ? 

-Хүүхдийн тээврийн асуудлыг шийдэхгүй бол тухайн нам, улстөрчийг “Хүүхдэд ээлгүй” гэж үзээд сонголт хийх асуудлаа эргэж нэг хараач гэж танай сониноор дамжуулаад эцэг, эхчүүдэд хандаж уриалмаар байна. Хүүхдийн асуудлыг орхигдуулж байгаа, тэдний асуудлыг мөрийн хөтөлбөртөө багтаагаагүй хүмүүсийг битгий сонгооч л гэж хэлмээр санагдаж байна даа. 

Зураг