ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Сонин дээрээ соотолзох гэгч нь болов уу

Ж.Отгонмягмар
2015 оны 9 сарын 14
Монголын мэдээ
Зураг зураг

Замын хөдөлгөөний тухай шинэ хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлээд хоёр долоо хоног өнгөрчихлөө. Шинэ хуультай холбоотойгоор сошиал ертөнцөөр тоглоом, шоглоом болгосон олон янзын зураг цацагдаж, ямар байдлаар ч замын хөдөлгөөнд оролцсон торгох юм байна гэх мэтээр шүүмжлэл, магтаал хосолсон постууд хөвөрсөөр.

Хэдийгээр өнгөн дээрээ торгох, цагдах нь хэт ихэсчихсэн мэт харагдавч дүрмээ барьдаг, дүрмийн дагуу хөдөлгөөндөө оролцдог жолооч нарт энэ хууль тийм ч ач холбогдол өгөх асуудал биш. Харин өөрийгөө л ганцхан жолооч гэж ойлгодог, минутын тэсвэр гаргаж чаддаггүй, тэвчээргүй, дуут дохиог дуртай цагтаа хангинуулдаг, замын түгжрэлийн гол асуудал нь болсон хэсэг бүлэгт энэ хууль ёстой үүлгүй тэнгэрт аянга цахилсан юм шиг л хэцүү санагдаж байгааг нуугаад яахав.  

Хууль хэрэгжиж эхэлсэн өдрүүдэд замын цагдаа нар ажлаа сайн хийсэн үү, жолооч нар дүрмээ сайн биелүүлсэн үү юутай ч цэгцтэй, сайхан дүр зураг харагдаж байлаа. Тухайлбал, зорчигч нарыг мах мэт “ачдаг” бага оврын микронууд суудлынхаа хэмжээгээр зорчигч суулгаж, цагдаа хараад л суудлын бүсээ зүүсэн дүр үзүүлдэг жолооч нар ягштал бүсээ зүүж, хажууд суугаа зорчигчдынхоо бүсийг зүүлгэж, явган зорчигчид ч хүртэл хүмүүжсэн байлаа.

Эхний гурван өдөр дандаа ийм байгаасай гэж бодогдсоныг нуух юун. 

Камер цагдаа харахаараа л ягштал биелүүлж,  гар утсаар ярьж, микро ч хүнээ байдгаар нь чихдэг өмнөх дүр зураг давтагдаж эхлэв. 

Бүх хүмүүс ингэж дүрмээ биелүүлээсэй, хууль ингэж хэрэгждэг ч болоосой гэж бодогдсон юм даг. Гэтэл 14 хоногийн дараа харахаар монголын хууль гурав хоног гэдэг нь болчихов уу  гэж хардахад хүрч байна. Учир нь гарцаар гарах иргэд цөөрч, жолооч нар бүсээ зүүхээ больчихож.

Камер цагдаа харахаараа л ягштал биелүүлж,  гар утсаар ярьж, микро ч хүнээ байдгаар нь чихдэг өмнөх дүр зураг давтагдаж эхлэв. Цагдаа нар ч жолооч нарын тэр бүр мэдэхгүйгээс дүрэм зөрчдөг замд отож зогсчихоод, торгох, олон жил шугаманд яваад, ах дүү шигээ болсон микрочдод анхааруулга өгөөд өнгөрөх зэргээр толгойг нь илж байгаа талаар амтай бүхэн ярьж эхэллээ. 

Нэг үгээр хэлбэл нүглийн нүдийг гурилаар хуураад байгаа бололтой. Хуулийг гууль болгох бус харин ч цагдаа нар эхэлсэн шигээ эрч хүчтэй ажиллах шаардлагатай бус уу. Өмнө нь дураараа дургиад сурчихсан жолооч нарыг дүрмээ ягштал мөрддөг болтол хугацаа шаардагдах нь дамжиггүй. Тиймээс цагдаа нарын нийгмийн идэвхи, эрхэлсэн ажлаа дүрмээр нь хийх асуудал энд яригдах учиртай.

Хууль мөрдүүлэх гэж бүх жолооч нарыг зогсоож, гарцгүй газар явган зорчигч хэрхэн дүрэм зөрчиж буйг шалгаж байсан эхний гурван хоногийн эрч хүчээрээ л ажиллахсан. Сонин дээрээ соотолзох гэгчээр хэдхэн өдөр эрч хүчтэй ажиллаж, 50 гаруй сая төгрөгийн торгууль тавиад л хууль хэрэгжээд эхэлчихлээ гэж хэлж боломгүй байгаа юм.  

Ийм богинохон хугацаанд олон жилийн бүдүүлэг дадал зуршлыг нь засчихна гэж юу байхав. Арай ингэж эндүүрээгүй байлтай. Cайны хажуугаар сайн зүйл бий.

Тухайлбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох жолоочийн тоо  эрс буурсан сайн үзүүлэлт гарсан байна. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90-200 согтуу жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэсэн мэдээ ирдэг байлаа.

Харин хууль хэрэгжиж эхэлснээс хойш өдийг хүртлэх хугацаанд харьцангуй бага буюу 30-50 жолооч болж буурчээ. Энэ мэт дэвшилтэд зүйлийг хэвшүүлэхийн төлөө зөвхөн цагдаа ч гэлтгүй жолооч нар ч өөрсдөө хариуцлагаа ухамсарлаж батлагдсан хуулиа ягштал мөрдчих юмсан. Эцсийн дүндээ энэ хууль бидний л аюулгүй байдлын төлөөх хууль шүү дээ. 

Зураг