ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ТБХ: Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тогтоолын төслийг дэмжлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагт төрийн ордны “Б” танхимд боллоо. Хурлаар, 

  • Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал, 
  • Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцсэн юм.

Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, Хэлэлцэх асуудлын талаарх танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хийсэн.

 

Тэрбээр, Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийг үндэслэн, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу Монгол Ардын намын нэр бүхий сайд нарыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсан. Үүний дагуу тус байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдыг огцруулах асуудлыг оруулж байгаа юм хэмээв.

С.Баярцогт сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувийн саналаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах тогтоолын төслийг Төсвийн Байнгын Хороо дэмжлээ

Дэмжсэн гишүүдийн тоонд Ж.Эрдэнэбат гишүүн өөрөө ч оржээ.