2015 оны 7 сарын 18-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын хөвөөнд Сарлаг фестивал буюу Сарлагийн баярыг тэмдэглэв.
“Сумын наадам, 90 жилийн ойн баяраас ч илүү олон хүнтэй, өргөн дэлгэр, зохион байгуулалт сайтай баяр болж байна” гэж Архангай аймгийн Тариат сумын Хоргын мишээл хоршооны дарга С.Жамбалдорж Сарлагийн баярыг дүгнэж хэллээ.
Энэ бол зөвхөн түүний бодол биш тус баяр наадамд оролцсон олон хүний сэтгэгдэл байв.
Сарлагийн тоогоор улсдаа тэргүүлдэг Архангай аймгийг түшиглэн тус баярыг зохион байгуулсан нь олон талын ач холбогдолтой байлаа.
Малчдад сарлагийн үнэт түүхий эд хөөвөр, сүү, хялгас зэрэг бүтээгдэхүүний бэлтгэлийн чанарыг сайжруулах замаар өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжуудыг харуулах, сарлаг маллах уламжлалт арга ухаан, түүх, соёлын өвийг сурталчлах, малчид, малчдын хоршоод, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хооронд харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэх мэт олон зорилго, ач холбогдолыг агуулсан тус үйл ажиллагаанд нийт 3000 орчим хүн оролцсон байна.
Сарлагийн баярыг орон нутагт зохион байгуулсанаар Монгол сарлагийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулах, худалдан борлуулах үйл ажиллагааг дэмжих, Архангай аймагт аялал жуулчлалын “брэнд” бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлэх гэх мэт ач холбогдолтой юм.
Хамгийн сайхан сарлаг, хамгийн их сүүтэй сарлагийн үнээ, хамгийн сайхан чимэг, тоногтой сарлаг гэх хамгийн хамгийн-уудаа шалгаруулах уралдаанд нийт 120 орчим сарлаг оролцлоо.
Малчдын дунд зохион байгуулсан “Сарлагийн түүхий эд материалаар хамгийн хийц сайтай гар урлалын бүтээгдэхүүн”, “Хамгийн амттай, өнгө үзэмж сайтай сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүн”, “Хамгийн олон сарлагийн тэрэг хөлөглөж ирсэн баг”, “Хамгийн их хөөвөр бэлтгэсэн хоршоо”, “Сарлаг бугуйлдах, булгиулах тэмцээн” зэрэг шалгаруулалтанд нийт 100 гаруй малчид оролцож ур ухаан, авьяас чадвараа сорьсон байна.
Эдгээр уралдаан тэмцээнийг үндэсний ноос ноолуур, хөөвөр боловсруулагч компаниуд ивээн тэтгэжээ.
Сүү цагаан идээ болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн, бусад гар урлалын бүтээгдэхүүн зарж борлуулсан малчид нэг өдөрт нийт 10,200,000 төгрөгийн орлого олжээ.
Харин баярт оролцсон нийт үйлдвэрлэгчид 7,100,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Сарлагийн баярын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо ТББ, Архангай Аймгийн Бэлчээр Ашиглагчдын Холбоо ТББ, Архангай аймгийн ЗДТГазар, Тариат сумын ЗДТГ ажилласан бөгөөд дэмжигч байгууллагуудаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт” Төсөл, Баялаг Өлзий ХХК, Уужин ХХК, Сор кашмер ХХК, Жинст мөрөн ХХК, Монгол нэхмэл ХХК, Алтай кашмер ХХК, Английн “Тэнгри” компани зэрэг олон байгууллагууд оролцлоо.
ШХА-н Ногоон алт төсөл нь 2004 оноос баруун 7 аймагт хэрэгжин бэлчээрийн зохистой ашиглалт хамгаалалтыг сайжруулах, малчид, орон нутгийн төрийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах, малчдын бэлчээр ашиглалтын хэсэг, хоршоог дэмжих, хөдөө аж ахуйн шинэ арга технологи, сайн туршлагыг нэвтрүүлэх, малчдыг зах зээлтэй холбох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.greengold.mn хаягаар орно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!