Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Агаарын урсгалын мэдрэгч

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 7 сарын 23
Cardoctor
Зураг зураг

Агаарын урсгалын мэдрэгч нь хөдөлгүүрт орох агаарын хэмжээг тодорхойлох үүрэгтэй. Air flow sensor, Air flow meter, Mass Flow sensor гэх зэргээр олон нэршилтэй. Мөн MAF гэж дуудагддаг. 

Бензиний цацалтыг ECU-аар удирдах болсноор энэхүү мэдрэгч зайлшгүй хэрэгтэй болсон юм. Өөрөөр хэлбэл хаазыг гишгэн холимогийн хаалтыг нээх үед агаар шүүгчээр дамжин орж ирэх агаарын хэмжээг хэмжин цахилгаан дохио болгон хувиргаж хөдөлгүүрийн компьютерт илгээснээр тохирох хэмжээний бензинийг цацахад чухал үүрэгтэй оролцдог. 

Ажиллагаа, бүтцийн хувьд янз бүр байдаг ба авто үйлдвэрлэгчид өөрсддөө тохируулан үйлдвэрлэдэг. 

Флап бүтэцтэй хэмжигч /хавтгай гадаргуун хөдөлгөөнөөр хэмжих/

Холимогийн хаалт нээгдэх хаагдах хөдөлгөөн хийх үед агаар шүүгчийн цаана байрлуулсан хавтгай мэдрэгч агаарын үйлчлэлээр хөдөлгөөнд орох ба түүний хөдөлгөөний өнцгөөр нь хэмжих аргачлал юм. 

Хэмжих хавтгайд буцаах пүрш байрлах ба агаар ихсэх үед хаалтын өнцгийг хэлбэлзэлгүй барих үүрэгтэй болно. Хаалтын тэнхлэг дээр байрлах потенциаметр өнцгийг хэмжиж цахилгаан дохио болгон илгээх юм. Энэ төрлийн мэдрэгчийн хэмжих хаалт нь L үсгийн хэлбэртэй байдаг ба нэг тал нь агаар орох замд, нөгөө тал нь дампер гэгэдэх хөндийд байрлана.

Агаарын урсгал буурах үед буцаах пүрш хаалтыг буцааж хаах эсвэл бага байрлалд аваачдаг. Хаалтын дурын тохиолдолын хөдөлгөөн бүрт агаарын урсгалыг урьдчилан тооцоолон суулгасан байдаг учраас хоолойн диаметр тухайн хөдөлгүүрт бүрт тохирсон диаметртэй байдаг. Энэ төрлийн хэмжигч хэдийгээр их тархсан ч сүүлийн үед түүний дараагийн үе болох агаарын даралтаар мэдрэх “D jetronic”систем нэвтрээд байгаа билээ.

 
 

Халсан утсаар хэмжих арга. (D jetronic)

Хэмжигчийн хөндийд нарийн цагаан алтан утсыг суулгасан байх ба түүгээр цахилгаан гүйдэл гүйлгэж халаана. Агаарын урсгалаар хөрөх утасны температурын өөрчлөлтийг ашиглан агаарын хэмжээг тодорхойлох юм. Тэгэхдээ агаарын мэдрэгчийн өмнө талд орох агаарын температурыг хэмжигчийг байрлуулж температурыг урьдчилан хэмжинэ. Ингэснээр яамрч саадгүйгээр агаарыг нэвтрүүлэхийн зэрэгцээ хэмжээг тодорхойлж байгаа юм. Энэ төрлийн мэдрэгч нь маш жижиг нарийн гэдэг үүднээс бохирдох нь амархан гэсэн сул талтай. Зарим мэдрэгч нь урд болон хойноо бохирдлоос хамгаалах шүүртэй байдаг боловч тэр нь шүүж чадахгүй болмогц бохирдож эхэлдэг ба удаан хугацаанд ашигласан тохиолдолд цэвэрлэх шаардлагатай юм.

 
 

Karman Vortex арга

Агаарын мэдрэгчийн хөндийд Karman-ын үзэгдлийг бий болгох зарчмаар хэмжих арга юм. Карманы үзэгдэл гэдэг нь агаарын урсгал аливаа биетийг дайрч өнгөрөхдөө биетийн ард талд агаарын хуйлралтыг үүсгэх үзэгдэл ба түүнийг нээсэн унгарын эрдэмтэн Theodore von Kármán-ын нэрээр нэрлэсэн.

Агаарын урсгал мэдрэгч руу орох аман дээр  карманы хуйлралтыг үүсгэх зөгийн үүр маягийн  тор байрлуулж түүний ард ультра долгион үүсгэгчийг байрлуулна. Агаарын хуйлралт нэмэгдэхэд ультра долгионы пульс өөрчлөгдөх ба энэ өөрчлөлтөөр агаарын хэмжээг тодорхойлдог. Энэ бүтэц бусад хийцээс илүү их өртөгтэй боловч агаарын хэмжээг тун нарийн тодорхойлж байсан учир Mitsubishi-ийн ихэнх загварууд ийм төрлийн агаарын урсгалын мэдрэгчийг хэрэглэж байсан байна.

 
 

Агаарын урсгалын мэдрэгчтэй холбоотой хэсгүүд

Холимогийн хаалтын байрлал тодохойлогч

Холимогийн хаалтын байрлал тодорхойлогч нь хаалтын өнцгөөс хамааран хөдөлгүүр сул ажиллаж байгаа эсэх, хаазалж байгаа эсэхийг тодорхойлж форсункны түлшний хэмжээг таслах зэрэгт мэдээлэл өгөх үүрэгтэй юм. Мөн холимгийн хаалт хаалттай мөртлөө хөдөлгүүрийн эргэлт нэмэгдээд байвал хөдөлгүүрийн тоормоз байна хэмээн мэдэрч түлшний өгөлтийг ECU зогсоох юм. Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдэж байгаатай холбоотой хэмнэлттэй автомашинууд гаргахыг зорих болсноор холимогийн хаалтын байрлал тодорхойлогчийн ажиллагааг улам боловсронгуй болгож байгаа юм.

 

Агаарын температур тодорхойлогч

Энэ тодорхойлогч нь агаарын урсгалын дотор байрлах нь бий бөгөөд мөн тусдаа агаарын хоолой дотор байрлах нь ч бий. Термистор буюу резисторын тусламжтайгаар температурыг тодорхойлсны үндсэн дээр ECU түлш цацах хэмжээг тохируулж байдаг.

 

Усны температур тодорхойлогч

Мөн эсэргүүцлийн тусламжтайгаар хөдөлгүүрийн усны температурыг тодорхойлж ECU-д мэдээлснээр хөдөлгүүрийн температуртай уялдуулан түлш цацах хэмжээг тохируулдаг. Хүйтэн үед асаах болон хөдөлгүүр бүрэн халах хүртэл цацах бензиний хэмжээг тодорхойлоход оролцдог юм.

 

Асаалтын инжекторын хугацааны унтраалга

Хүйтэн үед асаахад зориулсан бөгөөд энгийн форсункаас тусдаа асаах форсункны ажиллагааг хугацаагаар удирддаг. 

 
 

 O2 мэдрэгч /хүчилтөрөгчийн датчик/

Хатуу электродон мэдрэгчийн  тусламжтайгаар хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлдог. Мэдрэгч нь цирконийн  гадуур цагаан алт түрхсэн байдаг. Энэ мэдрэгч нь агаар ба түлшний харьцааг хязгаарлаж, оч өгөлтийн хэмжээг тохируулахад оролцоно. Гадна талын цагаан алтан түрхэц нь ажилласан хийг, доторх нь агаарын хэмжээг удирдана. Дан ганц мэдрэгчээр хөдөлгүүр ажиллаж болох боловч сүүлийн үед цилиндр бүр дээр тусд нь ийм мэдрэгч суурилуулах болсон байна.

 
Зураг