ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч МАН-ынхныг баярлуулав уу?

М.Ганцэцэг
2015 оны 7 сарын 8
Зууны мэдээ
Зураг зураг

Айлын хүүхдүүд зодолдвол аав нэг юм хэлдэг шиг улс төрийн намууд толхилцоод ирэхээр Төрийн тэргүүн өрөөндөө хэдэн хүн дууддаг уламжлал тогтжээ. Харамсалтай нь намын дарга нар нь Ерөнхийлөгчийнхөө үгийг нэг чихээрээ оруулаад нөгөөгөөрөө гаргачихна. Эцэст нь Ц.Элбэгдорж баахан шоудсан болоод өнгөрдөг юм.

Энэ удаад улс төрийн ээдрээтэй үйл явцыг удаан харж тэвчихгүй нь, улс орны амьдрал хүнд, энд, тэндгүй түймэр дэгдэж, халуун төөнөсөн үед Төрийн ордонд бужигнаан үүсгэж болохгүй гэсэн байр сууриа Ерөнхийлөгч илэрхийллээ. Тэрээр энэ удаад зарим намын дарга нар, УИХ-д суудалтын нам, эвслийн бүлгийн удирдлагыг дууджээ.

Түүний өрөөнд УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар байлаа.

Ардын намгүйгээр ажиллахад хэцүү бэрх, заавал хамтарна гэсээр зургаан сайдыг нь урьж засагтаа ажиллуулж буй АН-ынхан хамтын гэрээгээ цуцалж, МАН-ыг засгаас гаргах шийдвэр гаргасныг Төрийн тэргүүн буруутгаж таван зүйлээр санаагаа хэлэв. Тэрээр “Аль нэг намын удирдах байгууллага дээр шийдвэр гаргаад Засгийн газарт хамтарснаа больдог. Засгийн газрын хувь заяаны асуудлыг шүүж болохгүй.  

Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэр. Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн шийдвэрийг албан тушаалтнууд гаргах ёсгүй. Нэг намын арван хэдэн хүн суугаад  Засгийн газрын талаар юугаа ярьсан, ямар үндэслэлээр ярьсан гэдэг нь тодорхойгүй байна. Хэн, хэн байсан гэдэг нь ч тодорхойгүй” гэв. Уг нь Төрийн тэргүүн Ардчилсан намаас угшилтай. Ийм байхад АН-ын удирдах байгууллага буюу Гүйцэтгэх зөвлөлд хэн, хэн байдгийг тэр дэндүү сайн мэддэг ч хэн нь юугаа ярьсныг энэ удаад “дуулаагүй” өнгөрсөн бололтой.

Төрийн ордонд өчигдөр өглөө “МАН засгаас гарахгүй гэнэ” гэсэн яриа байв. Ардын намынхан хэдэн өдөр тайван байцгаасан. Ордонд таарсан гишүүд нь нэг нэгнээсээ “Шинэ мэдээ байна уу” гэж асуухад “Үгүй. Шинэ мэдээ гэвэл хөөсөн, хөөгдсөн хүмүүс л байна” гэх. Тэд эртнээс Ерөнхийлөгчийн байр суурийг таамаглаж байсан болов уу.

Тэдний талаас уулзалтад оролцсон намын дарга М.Энхболд, Шадар сайд У.Хүрэлсүх нар дотроо бөөн баяр суусан биз. АН-аас гаргасан шийдвэрийг нам дарж үг хэлсэн Ерөнхийлөгч тэдэнд үнэхээр таалагдсан байлгүй.

Тэр улс төрийн намыг хариуцлагатай болгох тухай хуулийг баталж өг. 

Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ “Засаг байгуулахдаа юу ярьж байснаа эргэж санах хэрэгтэй. Дахиж засгийг огцруулахгүй. Улс төрийн ийм тогтворгүй байдал үүсгэхгүй гэж ярьж байсан биз дээ.

Тулгамдсан асуудлаа шийднэ гэсэн яасан бэ. Хэрэв асуудал ярих гэж байгаа бол УИХ ойрын үед төрийн албыг хариуцлагатай болгох тухай Төрийн албаны хуулийг хурдан баталж өг. Тэр улс төрийн намыг хариуцлагатай болгох тухай хуулийг баталж өг. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг баталж өг. Ингэж байж улс орон хариуцлагатай болно.

Тэгэхээр Засгийн газраас гарна, гаргана гэсэн асуудал байхгүй. Ерөнхий сайд та бүх ажлаа гартаа ав. Ийм асуудлыг намын бүлгийн хэмжээнд шийддэггүй юм. Сайд нарынхаа асуудлыг Ерөнхий сайд л шийдэх ёстой. Тэрнээс намаас гарсан шийдвэр юм чинь би яах вэ гэсэн байдлаар хандаж болохгүй. Энэ бүх тодорхойгүй байдал чинь ард түмний нуруун дээр ачаа болж очно. Намууд  сонгуулийн ажил хийлгүйгээр ажлаа л хийх ёстой. Хэдийгээр Засгийн газрын зургаан сайдыг огцруулах талаар яригдаж байгаа хэдий ч энэ бол Засгийн газрыг огцруулахад л хүргэнэ” гэлээ.

Дараа нь намын дарга нар болон Ерөнхий сайдыг саналаа хэлэхийг хүсэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Дэмбэрэл нар Ерөнхийлөгчийн саналыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. Тухайлбал Ч.Сайханбилэг “УИХ-д суудалтай улс төрийн бүх нам хамтраад гэрээ байгуулсан.

Ерөнхий сайдын зүгээс гэрээ байгуулсан, хамтарсан улс төрийн намууд эхний ээлжинд үг хэлээ ололцоод, ойлголцоод цаашаа хэрхэн ажиллахаа ярих ёстой гэж бодож байна. Парламентад суудалтай улс төрийн намуудын энэ харилцаа нэг ойлголтод хүрсэн тохиолдолд Ерөнхий сайдын зүгээс акц, алхмуудаа хийх болно. Түүнээс биш парламентад суудалтай намуудын хоорондох энэ үйл явц хаагдаагүй байхад Ерөнхий сайд санаачлагаараа кабинетын гишүүдийн аль нэг хэсгийг УИХ руу оруулахыг дэмжихгүй. Тиймээс зургаан сайдын асуудлыг оруулахыг дэмжихгүй” гэв.

Харин МАН-ын дарга М.Энхболд, АН-ын дарга З.Энхболд нарын байр суурь эрс, тэс байв. МАН-тай байгуулсан хамтын гэрээгээ дүгнээд цуцлах шийдвэр гаргасан АН-ын даргын санал эсрэг байх нь мэдээж. Тэрээр хамгийн ууртай нь байлаа. Улс төрд өрнөж буй үйл явцын гол эзэн нь тэр юм. М.Энхболд, З.Энхболд нарын байр суурийг товчхон хүргэе.

М.Энхболд: МАН-ЫН БАЙР СУУРЬ ХЭВЭЭР

-Энэ үйл явдал бол сүүлийн нэг хоёр сард эхлэл нь тавигдаж байгаа асуудал юм. Манай нам хоёр зүйлийг ярьж байгаа. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газар байгуулахад хоёр талаас зөвшилцөж гэрээ байгуулсан. Энэ гэрээг бодитой дүгнэе. Хэн нь юугаа хийж чадсан юм, хэн нь юугаа хийж чадаагүй юм, хийж чадаагүй алдагдсан ажил хэний буруугаас болсон юм бэ гэдгийг бодитой дүгнэе.

Гэрээг дүгнэсэн гээд байгаа. Гэвч нэг талын давуу байдлаар гэрээг дүгнэчихсэн. Тухайлбал, Ө.Энхтүвшин, А.Тлейхан нарын ахалсан ажлын хэсгүүд хуралдаад хуулиа УИХ-д өргөн барьж батлуулж болоод байдаг. Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг нарын ажлын хэсэг огт хуралддаг ч үгүй, хуулийн төсөл нь ч орж ирдэггүй.

Гэтэл зөвхөн МАН-ын буруугаас болж УИХ дээр ажил зогсоод байгаа юм шиг ярьж байгааг бодитой дүгнэе. Гэрээний бодитой дүгнэлтийг олон түмэнд ил болгоё, тэгээд гэрээг цуцалъя гэсэн  байр суурьтай байна. Ерөнхий сайд өөрөө УИХ-д зургаан сайдын асуудлыг оруулж ирээрэй гэж бид хэлж байгаа. МАН энэ байр суурь дээрээ хэвээр байна.

З.Энхболд: ХӨДӨЛГӨӨНГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР ГЭЖ БАЙХГҮЙ

-Энэ удаагийн УИХ-ын онцлог нь олонхи байхгүй. УИХ-д суудалтай намууд олонхийг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч үзэж байна. Хамтрахдаа Үндсэн хуулийн тодорхой заалтыг үндэслэсэн.

Хэрэв болохгүй бол хүчингүй болгоод цааш явах боломж бий шүү дээ. Үүнийг хялбаршуулж ойлгоод намуудыг үгүйсгээд байж болохгүй. Хамгийн чухал нь Засгийн газрыг огцруулж болохгүй. Харин сайд нарыг өөрчлөх нь байх ёстой зүйл гэж АН үзэж байгаа.

 Ерөнхий сайд, Засгийн газрын кабинетын талаас илүү нь өөрчлөгдөхгүй байх нь чухал.

Бид хамтрахдаа ажлаа хийе, сонгуулиа умартая гэсэн. Гэтэл МАН түүнээс хойш зөвхөн сонгуульдаа л бэлтгэсэн. Олон зуун төрийн албан хаагчийг халсан гэдгийг энд ярихаа болъё. Зарим сайд нь зөвхөн өөрийн сонгуулийн тойрогтоо зориулж ажиллаад байгааг болохгүй гэж үзэж байгаа.

Гэрээ дүгнэх ажлаа ном журмаар нь хийх нь зүйтэй. Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй. Ерөнхий сайд, Засгийн газрын кабинетын талаас илүү нь өөрчлөгдөхгүй байх нь чухал. Ажлаа хийж чадаагүй сайд нарыг өөрчлөх ёстой гэв.

Байр суурь

Ж.Батсуурь: Хамтын шийдвэрийг нэг талаас  дүгнэх  утгагүй

Ч.ЗОТОЛ

АН, МАН-ын хооронд үүссэн асуудлаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурийн байр суурийг сонирхлоо.

-Засагт хамтарсан АН, МАН хоорондоо нэг нь “засгаас гар” гэж нөгөө нь “гарна” гэлцэн бужигнаж байгааг та юу гэж үзэж  байна?

-Одоохондоо улс төрийн нөхцөл иймэрхүү байдал руу эргэчихээд байна. Гэхдээ Төрийн тэргүүн байр сууриа илэрхийлсэн, тэгэхээр байдал өөрчлөгдөх байх. Уг нь Засгийн газарт хамтарч улс орны нийгэм, эдийн засгийн хүнд байдлаас гарах, хамтарч улс орноо авч явах нөхцөл үүссэн учраас бид намынхаа зохих шатны байгууллагуудаар шийдвэрлүүлж, санал тавьж засагт хамтран ажилласан шүү дээ.

Эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээний хөтөлбөр баталж хэрэгжүүлээд явж байна. 

Хамтын ажиллагаа ид өрнөж байгаа цаг үед нэг талаас нь “Та нар гарах хэрэгтэй байна” гэдэг асуудал тавьж байгаа нь ёс зүйгүй юм. Цаашид хамтарч ажиллаж зохих үр дүнд хүрэх, эдийн засгийн хямралын үед хамтраад шийдвэрлэх олон асуудал байгаа. Тэгэхээр эцсийг нь харахгүйгээр  нэг талаас шийдвэр гаргах нь зохисгүй.

-АН-ын зүгээс МАН ажилд саад болж байна, хариуцлагагүй ажилласан гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нөхцөл байдал эгзэгтэй байгаа шүү дээ. Их хурлын гишүүд санаа бодлоо уралдуулж байж хэлэлцэж, шийдвэрлэх томоохон асуудлууд байсан учраас яах аргагүй тал талаас нь ярилцах шаардлага бий. Нэг нь саад учруулж, нөгөө нь хол явчих гээд байгаа  асуудал байхгүй.

Яагаад гэвэл, АН ч гэсэн дотроо үл ойлголцол, зөрчил ихтэй, Тавантолгойн гэрээ гэх мэтчилэн олон асуудлууд байгаа. Би нэг зүйлийг л хардаг, бид нэгэнт Засгийн газар байгуулаад явсан бол түүнийгээ хууль тогтоох байгууллага Их хурал нь дэмжээд явах ёстой. Ийм л байр суурийг баримтлах учиртай. Тэгж байж хөгжил дэвшил, үр дүн гарна.

-МАН эдийн засгийг сайжруулъя гэж засагт орж ирсэн. Түүнийгээ биелүүлсэн үү. Хийж чадсан ажил байна уу?

-Бид тодорхой алмууд хийсэн. Эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээний хөтөлбөр баталж хэрэгжүүлээд явж байна. Хөтөлбөрийн хяналт тавих үүрэг нь Эдийн засгийн байнгын хороонд ногдсон. Байнгын хороо заалт тус бүрээр нь ажлын хэсэг байгуулж, хөтөлбөрийн явцыг хэлэлцсэн. Тодорхой үр дүнгээ өгөх боломжтой гэж үзэж байгаа. Ер нь бол аливаа улс орон гадаад талдаа ч гэсэн Засгийн газраа тогтвортой ажиллуулж байж үр дүнд хүрнэ.        

Н.Батцэрэг: Бид цаашид гэрээгээ мөрдөж ажиллахад бэлэн

Ч.ОЛДОХ

“Шударга ёс” эвслийн бүлэг цаг үеийн асуудал мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Н.Батцэрэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-АН-ын Гүйцэтгэх зөвлөл засагт хамтарсан гэрээгээ дүгнээд МАН-ыг Засгийн газраас гаргахаа мэдэгдсэн. МАН ч гэсэн засгаас гарах шийдэлд хүрчээ. “Шударга ёс” эвсэл ямар суурь баримталж байгаа вэ?

-Бид бүлгийн хурлаараа  АН, МАН-аас  мэдэгдэл, байр суурийн талаар ярилцсан. Хэрэв хоёр том нам учраа ололцож, Монголын нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан олон асуудалд сайн гарц олж, хамтраад явсан бол олон түмэнд тустай байсан байх. Гэхдээ энэ бидний асуудал биш юм.

Хоёр нам хоорондоо хамтын ажиллагааныхаа гэрээг дүгнэсэн юм байна лээ. Гэрээндээ АН-ын тал сэтгэл дундуур байгаа юм байна. Ардын намынхан “Манай сайдуудтай, бидэнтэй хамтран ажиллахгүй гэж байгаа бол засгаас гарахад бэлэн. Гэхдээ Засгийн газарт эхэлж урьсан Ерөнхий сайд нь өөрөө асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ биз” гэж хэлсэн байна. Бид юу гэж үзэж байгаа вэ гэвэл, ерөнхийдөө 2012 оны зун, намрын гарааны нөхцөл дээрээ эргэж ирлээ гэж харж байна.

МАН засгаас гарна гэдгийг эрх бүхий субьектүүдийн зүгээс  хууль ишилж ярих ёстой. 

-Уг нь хоёр том нам нэгдсэн дээрээ тулгамдсан асуудлуудаа шийдэж чадсан бол эдийн засаг, нийгмийн амьдралын олон асуудалд шийдэл гаргаад явах байсан байх?

-Харамсалтай нь тэр талынх нь шийдлүүд цөөн байна уу даа. Хамтын ажиллагаа нь хүлээж байсан үр дүнгээ авчирсангүй гэж харж байна . “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бидний  хувьд бол АН-тай хамтарсан засаг байгуулсан 2012 оны гэрээ хүчин төгөлдөр байгаа. Аль нэг нь гэрээнээс татгалзах, цуцлах санал гаргаагүй. Тиймээс цаашид гэрээгээ мөрдөж ажиллахад бэлэн байна.

-МАН засгаас гарахад зургаан сайдын томилгоонд  үлдсэн талууд ямар тохироогоор хамтрах юм бэ?

-МАН засгаас гарна гэдгийг эрх бүхий субьектүүдийн зүгээс  хууль ишилж ярих ёстой. Тэр ажил нь хуулийн дагуу явах учиртай. Түүний дараа  асуудал яригдах юм бол АН-ын бүлэгтэй ярих хэрэг гарах байх.

Зураг