Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ: Халх дээл

МОНСУДАР
2015 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
"Хөх тэнгэрийн орон" үзүүлбэрийн үеэр

Тун удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ баяраар хүн бүхэн үндэснийхээ хувцасаар гоёхыг эрхэмлэдэг. Ийм учраас та бүхэндээ монгол хувцасны онцлог, хэрэглээ, төрөл зүйл, тэдгээртэй холбоотой ёс заншлуудыг цувралаар хүргэж байна.

ХАЛХ ДЭЭЛ. 

Халх эрэгтэй дээлийг зохион бүтээхдээ монгол дээлийн үндсэн бүтэц, хэсгийг хадгална. Эрэгтэй дээлийн эсгүүр нь энгэр тавиу, ханцуй урт бөгөөд өргөн байна. Дан юм уу давхар эмжинэ.

Харин халх эхнэрийн дээл бусад дээлээс ялгарах хэсгүүдтэй. Зах нь нэлээд өндөр. Давхар эмжээртэй /хоёр өөр хоргойгоор давхар эмжих/, эсвэл нэг өнгийн эмжээрээр хоёр эмжих гэх зэрэг эмжээр өөр өөр байна. Энгэр нь дөрвөлжин, залгаатай. Урд энгэрийн залгаасан дунд оруулсан татаастай. Энгэр, суга, ташаа, татаас орсон бүсэлхий, татаасанд хоёр хуруу өргөн мөшгөөр тавьж, захаар нь тасам эмждэг. Дээлийн ар нь залгаагүй байдаг. Ханцуй нь залгаатай, залгаагаа хоргой юмуу торгоор мөн өргөн, тасам эмжинэ. Ханцуй нь өвдөг өнгөрсөн урттай байжээ. Нударга нь цомбон мөн дэлбэн туурай хэлбэртэй. Дээлийн мөр залгаатай. Халх эхнэр дээлийн гол онцлог нь мөрний залгааснаас дээш гарсан түнтгэр юм. Түнтгэр мөрийг эсгий болон тэмээний ноос чихэж төмбийлгөн хийнэ. Мөн дэрсэн нумаар тэлнэ. Түнтгэр мөрнийхөө торгыг ширж хийдэг. Орчин үед зохион бүтээлтийн шинэ аргаар түнтгэрийг гаргадаг болсон.

Зураг 1. Халх эхнэр дээл 

 

Халх дээлийн гадуур ууж, хантааз өмсөж болно. Урдаа уулзсан энгэртэй. Ар, өвөр энгэр залгаатай, залгаа хэсгийн ташаа орчим хавтагатай. Хормой нь урдаа, ардаа оноотой. Энгэрт нь хавтгай шилбэ товч хаддаг. Уужны өнгийг сонгохдоо дээлийн өнгөнөөс өөр байхаар сонгоно. Халх эхнэрүүдийн ууж нь ёслол хүндэтгэлд өмсдөг төрийн хувцас юм. 

Зураг 2. Халх ууж

 

Төрөл зүйл: Халх дээл нь өвлийн, зуны болон баяр ёслолын дээл гэж байна. Малчид хонины элдсэн цагаан нэхийгээр, гадаргүй дээл хийдэг байв. Хурга, сэгсүүрэг, азарган нэхийг даавуу, даалимба, чисчүү, торгоор өнгөлж дээл хийдэг. Дээл, тэрлэгийн өнгийг сонгохдоо тод өнгөтэй, янз бүрийн хээтэй дурдан, торго, минчүү, хамбыг онцолно. Цомбон нударгыг гоёлын болоод залуу хүмүүсийн дээлэнд, дэлбэн нударгыг ахмадуудын дээлэнд хийдэг байжээ. Хүйтэн сэрүүнд өмсөх дээлийн дотор нь үстэй болон хөвөн дотортой байна.

Хэрэглээ: Дээл, тэрлэгийг торго, торгомсог гэх мэт төрөл бүрийн эдээр өнгө хослуулан, олон хээ угалз урлан хийдэг байсан нь өнгө, хээ угалзны чуулган бүрдүүлдэг байжээ. Эмэгтэй дээл, хантааз, уужны өнгөний хослол, хээ, гоёл чимэглэл нь бүсгүй хүний намба төрх, нүүр царай, түүгээр үл барам унах морины зүс, тохох эмээлийн өнгө гоёл зэрэгтэй зохицсон маш нарийн ур ухааны бүтээл болдог байв.

Ёс заншил: Төрийн хар хүн мухар ханцуйтай дээл өмсдөггүй, нударгатай дээл өмсдөг. Айлд орохдоо энгэр заамаа бүрэн товчилж, нударгаа буулган ордог уламжлалтай.

 

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛ НҮҮДЭЛЧДИЙН ТАЙЛБАР ТОЛЬ

 

“МОНСУДАР”  хэвлэлийн газраас нүүдэлчин монголчуудын ахуй амьдралтай холбоотой бүтээлүүдийг уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ.

“Монгол нүүдэлчдийн тайлбар толь” I ботид монгол гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлэгт хуваан дэлгэрэнгүй тайлбар, зураг, зан үйл, цээр ёс зэргийг тайлбарлан бичсэн. Энэ бүхнийг уншиж судалснаар монголчуудын байгаль, мал хуйтайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг уламжлан хэмээн хадгалах биш, харин хөгжлийн эхлэл гэдгийг мэдэж ач холбогдолтой ЗАЛУУ ХҮН БҮРИЙН ШИРЭЭНИЙ НОМ юм.