Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас Амгалан дулааны станцын зураг төслийн боловсруулалт, угсралт, үйл ажиллагаанд 2015 оны тавдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад станцын ашиглалтын өмнөх захиргааны төслийн нэгж, төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “СМЕС” компани, туслан гүйцэтгэгч “Дунгдиан” ХХК, хөндлөнгийн хяналт хийж буй “MCS интернэшнл” ХХК, зураг төслийн Монгол талын гүйцэтгэгч “Интернэшнл повер” гэсэн 5 аж ахуйн нэгж, байгууллага, 34 барилга байгууламж, вагон хөмрөгч, түлш дамжуулах, станцын үндсэн тоноглол, төхөөрөмж, дулааны шугам сүлжээ, дэд станц, хуваарилах байгууламж, шатахууны агуулах, автокран, авто тээврийн хэрэгслийн зам, талбай, төмөр зам зэргийг хамруулсан байна.
Шалгалтын дүнг МХЕГ-ын Даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар хэлэлцэж, цаашид инженер, техникийн ажилтнуудыг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах, станцын аюулгүй болон ашиглалтын зай хэмжээг тогтоох зорилгоор “Пегасус” ХХК-ийн эзэмшлийн хуучин барилгыг буулгах эсвэл нийслэлийн өмчөөс хасч, Эрчим хүчний яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Мөн төмөр зам, авто замтай огтлолцсон уулзваруудын гармын зураг төсөл, барилга угсралт хийх хөрөнгийг шийдвэрлэх, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах шаардлагатай байгааг шалгалтыг ахалж ажилласан МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал хэлж байлаа.
Одоогийн байдлаар Амгалан дулааны станцын барилга угсралтын ажил 92 хувьтай байна. Амгалан дулааны станцын ажлын зураг төслийг БНХАУ-ын “China harbin power system engineering and research institute” компани, зургийн баталгаажуулалтыг “Интернэйшнл повер” ХХК, “Эм Си Эс интернэйшнл” ХХК, дулааны шугамын ажлын зураг төслийг “Сээмий” ХХК, дулааны станц, дулааны шугам сүлжээний угсралтыг БНХАУ-ын “China machinery engineering corporation” компани, туслан гүйцэтгэгчээр ажлыг “Хасу мегаватт” ХХК ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!