ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сайнбаяр: Дээд хэмжээний ёс суртахуунтай, зан чанар суурьтай, зарчим төвтэй хүн болохын тулд...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Энэ удаад бид Монголчуудын эчнээ танил болсон нэгэн номын талаар ярилцлаа.

"The Seven Habits of Highly Effective People"...

Зохиогчоо бизнесийн ухааны салбарт мөнхөлж, уншигчиддаа амжилт авчирсан бүтээл. Энэхүү бүтээлийг АНУ-ын ФранклинКови компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар "Манлайлах урлаг төв"-өөс ахин хэвлэжээ. 

Дахин хэвлэсэн ч дахин бестселлер болсоор байна. Магадгүй XI зууны иргэдийн мөнхийн сэдэв болох амжилт, ёс суртахуун, зарчим, бизнес, харилцааны талаар бичигдсэн болохоор тэр биз. Ингээд iKon.mn сайтын НОМЫН ТУХАЙ булан  "Манлайлах урлаг төв"-ийн захирал Б.Сайнбаяртай таныг уулзуулж байна. 


-Стефен Кови гэж хэн бэ. Түүний энэ ном яагаад 40 гаруй хэл дээр хэвлэгдэж  152 оронд түгээгдэн борлуулагдаж 25 сая гаруй хувь хэвлэгдэв. Яагаад дэлхийн топ 500 компани бизнесийн гүн ухаанаа болгов?

-Стефен Кови Brigham Young Их сургуульд багшилж, докторын зэрэг хамгаалж байх үедээ энэ номыг гаргасан л даа. Гол десартаци нь манлайллын сэдэв байсан. Ном бичих болсон шалтгаанаа тэрбээр тодорхой бичсэн байдаг. Олон хүүхэдтэй, зарим нэг төвөгтэй байгаа хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хэцүү байна гэж. Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх вэ гэдэг арга ухаанд суралцахын тулд, өөрөө өөртөө манлайллыг бий болгохыг судалсан гэсэн үг. Судлахдаа АНУ байгуулагдсан цаг үеэс хойш буюу сүүлийн 250 жилийн  гүн ухаан, бизнес, менежмент, манлайлал, нийгмийн ухааны талаар далайцтай судалсан. 

Тэрбээр судалгааныхаа үр дүнд бүх зүйлс character based буюу зан чанар суурьтай байдаг, бүх зүйл ёс суртахууны асуудал юм байна гэдгийг олж мэдсэн.

17 дугаар зууныг дуустал моралын асуудал маш их яригддаг сэдэв байсан. Харин 18 дугаар зуун гараад тэр нь жаахан наашлаад хувь хүний төлөвшил болж эхэлсэн. 20 дугаар зуунд амжилтын асуудал яригдаад эхэлсэн. Сүүлийн 250 жилийн хугацаанд хамгийн гүн гүнзгий яригддаг байсан зүйл ердийн хувь хүний хөгжил болоод сүүлдээ амжилт болсныг олж мэдсэн. 

Стефен Ковигийн хувьд энэ бүхнийг нэгтгээд хамгийн дээд хэмжээний ёс суртахуунтай, зан чанар суурьтай, зарчим төвтэй хүн болохын тулд долоон дадал хэрэгтэй байдаг гэдгийг олж харсан. 

Олон зүйлийн давхцал болсон энэхүү долоон дадлаараа “The Seven Habits Of Highly Effective People” номоо бичсэн. 

Ингэснээрээ нийгэмд харагдахгүй байсан, энгийн мэдлэгийг хүн бүрт өгч чадсан. Тухайн цаг үеийн Платон, Сократ, Аристотель зэрэг гүн ухаанчдын сургаалийг орчин үеийн хэллэгт хөрвүүлсэн гэсэн үг. Өнөөдөр дэлхийн шилдэг 100 компанийн 85 хувь нь, 500 компанийн 75 хувь нь энэ долоон дадлыг байнгын сургалтынхаа нэг хэсэг болгодог. Илүү том компаниудад их хэрэгцээ байдаг гэсэн үг. 

-ФранклинКови компанийн боловсролын хөтөлбөрүүд нэлээн алдартай. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-ФранклинКови компани нь 20 гаруй жил  зөвхөн компаниудад зориулсан сургалт, зөвлөгөө хийж байсан. AНУ-ын дунд сургуулиудын нэг A.B.Combs сургууль хаагдахын даваан дээр долоон дадлыг сургууль дээрээ хэрэгжүүлж чадсанаар үйл ажиллагаагаа үргэлжүүлэхийн сацуу АНУ-ын аварга сургуулийн шагналыг хоёр удаа авсан цорын ганц сургууль болж чадсан.   

Тэр нь ФранклинКови  компанийг боловсролын салбарт хөл тавихад хүргэсэн. ФранклинКови компани нь  одоо боловсролын салбарт зориулсан цогц хөтөлбөр, сургалтуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Тэр нь ЕБС, цэцэрлэг гээд нас насаараа ангилагдсан. Тэгэхээр энэхүү номны агуулгад хамрагдахгүй хүн байхгүй болсон гэсэн үг. 

Хүүхэд төрөхөөсөө авхуулаад л хорвоо дэлхийгээс явах хүртлээ энэхүү номтой нөхөрлөнө

Хүүхэд төрөхөөсөө авхуулаад л хорвоо дэлхийгээс явах хүртлээ энэхүү номтой нөхөрлөнө гэсэн утгатай. Тийм гүнзгий агуулгыг барьж авсан учраас энэ хүн үнэ цэнэтэй болсон. Америктаа нэр хүндтэй  TIME сэтгүүлээс АНУ-ын хамгийн нөлөө бүхий 25 хүний нэгээр Ковиг 1996 онд нэрлэж байлаа. Тэдгээр 25 эрхмийн нэг Ерөнхийлөгч асан Билл Клинтон түүнээс Цагаан ордны үйл ажиллагаанд өөрийн номынхоо филисофийг нэвтрүүлэхийг хүсч байсан удаатай. 

Тэрбээр Америк даяар маш олон багш нарыг бэлдэж, олон мянган хүнд номныхоо агуулгыг түгээж явсаар хоёр жилийн өмнө 79 насандаа өөд болсон. 

-Танай “Манлайлах Урлаг төв”  яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ. ФранклинКовигийн бүх үйл ажиллагааг  Монголд явуулдаг гэсэн үг үү?

-Манайх ФранклинКови компанийн Монгол Улсад зөвшөөрөгдсөн, албан ёсны эрхтэй байгууллага. Бид эрхээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн. 

Өмнө нь зөвхөн номын зохиогчийн эрхтэй байсан. Одоо манайх Licensed Partner гээд сургууль, компаниудад зориулсан сургалт хийх эрхийг нь авчихсан гэсэн үг. Гэхдээ бид эхний хагас жилдээ  боловсролын салбарт анхаарч Улаанбаатар хотын 50 орчим ЕБС-д мэдээлэл хүргэж гучаад сургууль дээр биечлэн очиж танилцуулгаа хийлээ. 

Арван жилийн хүүхэд бүрт энэ номныхоо агуулгыг хүргэх гээд ажиллаж байна. Аравдугаар сараас эхлэн  компаниудад зориулсан сургалтаа хийхээр бэлдэж байна. Ойрын хугацаанд  бага насны хүүхдүүдэд зориулсан “Аз жаргалтай хүүхдийн 7 дадал”, багш нарт зориулсан “Бяцхан манлайлагч”, оюутнуудад зориулсан “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал”  номуудаа  гаргах гээд ажиллаж байна.

Эдгээр номууд нь “Үр бүтээлтэй хүмүүсийн долоон хэвшил” номын үлгэрчилсэн хэлбэр бөгөөд мэргэжлийн болон нас насны онцлогт нь тохируулан гаргасан шилдэг номууд юм.

Гэр бүлээрээ аз жаргалтай, өндөр бүтээмжтэй хэрхэн яаж ажиллаж амьдрах  талаар өгүүлсэн “Өндөр бүтээмжтэй гэр бүлийн 7 дадал” номоо энэ ондоо багтаан уншигчдын гарт хүргэхийг хичээж байна.  

-Агуулгыг нь номоороо дамжуулаад л хүргэнэ гэсэн үг үү?

-Энэ ном модны үндэс нь байлаа гэхэд маш их хэмжээний жимс гарч байна гэсэн үг л дээ. Цаашид ч илүү олон бүтээл, технологийн дэвшилтэй уялдсан шийдлүүд гаргаж ирэхээр дэлхийн 50 гаруй орны түншүүд хамтран ажиллаж байна.

ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН НОМНУУД ДУНДААС СОНГОДОГ БҮТЭЭЛ

 

-Хувь хүний хөгжлийн бусад номнуудаас юугаараа ялгарах вэ. Дэлгүүрийн лангуун дээр ижил төсөөтэй олон ном байна. Гэхдээ “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номыг хүмүүс арай өөрөөр хардаг юм шиг?

-Шижир эрдэнэ цаг явахын хэрээр үнэтэй болдог. Тэгвэл нийгэм хэчнээн өнгө мөнгө, эрх ямба хөөж түүндээ толгойгоо мэдүүлсэн хүний тоогоор олширч, хүний мөс чанар уруудаж, харанхуй бүдүүлэг байдал анзаарагдана номны агуулга үнэ цэнэтэй болно гэсэн үг.

Манай ном хүн өөрийнхөө мөс чанарыг олоход тусална. Үргэлж өөрөө өөрийнхөөрөө байхад нь тусалдаг. Түүнийг нь бид хувийн ялалт гэж нэрлэнэ. Тэр ялалтандаа хүрэхийн тулд хувийн данстай байх тухай ярьж байгаа. Дараа нь өөрийгөө ялсан хүн нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөх, нийгмээ уриалан дуудаж нийгмийн ялалтыг бий болгодог гэх мэт маш гоё техникүүд байгаа. 

Манайх хувь хүнд нэг удаагийн юм заадаггүй, амьдралд нь өдөр тутам хэрэг болох зүйлийг заадаг. Би найзуудынхаа хамтаар  “Өсвөр насныхны дээдэлж мөрдөх долоон хэвшил”  номыг орчуулж байлаа. Энэ ном миний амьдралд маш том өөрчлөлтийг авчирсан. 

Би номонд дургүй, ном унших бодолгүй, номонд цаг гаргадаггүй хүүхэд байлаа. Амжилтад хүрэхийг хүсдэг байсан ч үнэ цэнэтэй, төлөөсийг нь төлөх арга замаар биш нэлээн хөнгөхөн амжилтыг хардаг байсан гэсэн үг. Энэ номыг уншсанаар би төлөөс төлөхгүйгээр даацтай, жинтэй амжилтад хүрнэ гэж байхгүйг ухаарсан. 

Амжилтад хүн хоёр аргаар хүрдэг. Зарим тохиолдолд хэт хөнгөн амжилтанд хүрчихээд төлөөсийг нь дараа нь төлдөг. Үүний өртөг нь хамаагүй өндөр. Эсвэл төлөөсийг нь эхлээд төлчихөөд байгалийн дэмжлэгээр амжилтыг бага багаар хүртэх. Энэ нь илүү амттай, аз жаргалтай. 

Зарим тохиолдолд хэт хөнгөн амжилтанд хүрчихээд төлөөсийг нь дараа нь төлдөг. Үүний өртөг нь хамаагүй өндөр

Манай ном хүнд хямдхан амжилт байж болохгүй, зарчим, байгалийн хууль гэж байдаг гэдгийг ойлгуулдаг. Аз хүнд байдаг. Гэхдээ аз хөдөлмөрлөж байгаа, зарчим төвтэй хүнд шагнагдаж ирэх юм бол тэр аз хэрэгтэй аз байж чаддаг. 

Өдөр бүр өөрийгөө ялж чаддаггүй, хувь хүнийхээ хөгжилд анхаардаггүй балчир том хүнд аз тохиох үед тэрээр хөнгөн хүлээн авбал алсдаа буюу өтлөх насанд тэр нь хор хөнөөл болох талдаа байдаг гэсэн үг. Манай номны хувьд хүүхэд бүрийг хөгжүүлэх, хүнийг хүн болгоё, хүнийхээ төлөвшил, зан чанарт нь анхааръя гэснээрээ давуу талтай. Хувь хүний хөгжлийн номнууд дундаас сонгодог бүтээл гэж ойлгоход болно.

-“Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” ном үйлдлийн тухай биш зан чанар, сэтгэл зүйн талдаа илүү төвлөрч бичигдсэн гэсэн үг үү?

-Зан чанар суурьтай, зарчим төвтэй, харах өнцөг зөв байх ёстой. Энэ нь өөрөө зөв хандлагатай хүнийг бий болгодог. Хандлага зөв байвал тэр хүний үйлдэл бүр нь зөв байх боломжтой. Мөн ажлын бүтээмж, харилцааны чадвар нь өндөр байж чадна гэх мэт. 

Зөв хандлагатай хүн түүнийгээ хадгалахын тулд долоон дадлыг  өөрийнхөө амьдралын нэг хэсэг болгох хэрэгтэй. Ингэж чадвал хандлага нь өөрөө тогтдог.

-Зарчим төвтэй гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Өнөөдөр бид амьдралын  олон төвтэй болжээ. Зарим хүмүүс эцэг эх төвтэй, эцэг эхээс бүх зүйл нь хамаардаг байхад зарим нь сургуулиас хамааралтай буюу онц дүн авахын төлөө явдаг гэсэн үг. 

Цаашилбал найз охин, найз залуу төвтэй, нөхөрлөл төвтэй, сошиал медиа, телевиз төвтэй гэх мэт олон янзын хүмүүс байна л даа. 
Зарчим төвгүй гэдэг нь ямар нэг юмнаас хамаарч амьдарч байгааг хэлээд байна. Өөрөөр хэлбэл хямдхан, төлөөсийг нь төлөхгүй амьдарч байна гэсэн үг. 

Амьдралд төлөөс төлөхийг хүсдэг тийм ухамсартай хүнийг зарчим төвтэй хүн гэнэ. Зарчим төвтэй хүн хүнийг хөдөлмөр шагнадаг, үнэнч шударга, тууштай байх ёстой гэдгийг ойлгосон, зөв амьдрах ухаанд суралцсан хүнийг хэлнэ.

-Номын жишээнүүдийг Монгол болгоно гэж сонссон. Энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Бид номоор хүргэж байгаа мессеж болгонд нийцтэй, зохиогчийн бичсэн агуулгыг бүрэн хүргэж чадах монгол зүйр цэцэн үг, хэлц үг, оньсого тааврыг шингээж өгнө. 

Мөн бүх түвшний хүмүүсээс амьдралын түүхийг нь  цуглуулаад жишээнүүдээ Монгол болгоё гэж төлөвлөн ажиллаж байна. Яг энэ номтой нөхөрлөснөөр амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг товчхон оруулна. 

-Номон дээр байгаа бизнес жишээнүүдийг Монголын томоохон бизнесмэнүүдийн түүхээр баяжуулна гэсэн үг үү. Тийм жишээ болохоор хүн хангалттай их байгаа юу?

-Тийм. Хангалттай их байгаа. Энэ номтой Монголчууд танилцаад 10 жил болчихлоо.

-Номны анхны уншигчдын хувьд одоо ямархуу амжилтад хүрсэн яваа бол?

-Манай энэ номоор сургагдаж, надтай сургалтыг нь хамтарч хийж байсан мундаг залуу бий. Тэр Форбесоос шалгаруулсан 30 наснаас доошхи шилдэг гучин залуугийн жагсаалтад багтсан.

Мөн энэ сургалтанд сууж байсан нэгэн дүү маань Японы маш нэр хүндтэй сургуулийг төгсөөд Японы банканд гурав дахь жилдээ ажиллаж байна. Японы топ таван сургуулийн хоёр сургуулийг нь төгсчихсөн залуу ч бий. Салбар салбарт амжилттай яваа хувийн хэвшлийн байгууллагуудын ахлах түвшний менежер, захирал, төрийн бус байгууллагуудын тэргүүн хийж буй залуус байна.

Энэ номыг өөрийн багш, дотно зөвлөхөө болгож чадсан хүмүүс ажиллаж буй газар болгондоо маргаангүй манлайлагч байдаг. 

ХЭЧНЭЭН ТОМ ЗОРИЛГОТОЙ БАЙХ ТУСМАА ХҮН ЭНГИЙН БАЙДАГ

Б.Сайнбаяр Стефен Ковигийн хүү, "Өсвөр насныхны дээдэлж мөрдөх 7 дадал" номын зохиогч Шонн Ковигийн хамт

-Таныг “Мөрөөдөл биелдэг үү”нэртэй ном бичиж байгаа гэж дууллаа. Энэ номоо хэзээ гаргах вэ?

-Энэ жил гаргана гэж бодож байгаа. Бага зэрэг юм уншаад, өөрийгөө хөгжүүлэх тусам өмнөх маань гологдоод хойшлуулсаар байгаад 10 жил болчихлоо. Энэ номныхоо санааг 2005 онд Чежү аралд сургалтад сууж байхдаа авсан. 

Надад өөртөө тавьсан асуулт нь олон гадаад хэл суралцах талаар байсан. Миний хувьд мөнгө төгрөг, санхүүгийн гачигдлаас үл хамааран олон гадаад хэлийг сурах мөрөөдөлтэй учраас “Мөрөөдөл биелдэг үү” гэсэн асуулт өөртөө тавьж байлаа. Яг тэр асуултаа олон гадаад хэл сурсан хүүхдүүдэд тавьсан. 

Агуулга нь хүн яаж олон гадаад хэлийг эзэмшиж болох вэ. Тэр нь яагаад мөрөөдөл биш юм бэ. Мөрөөдөл байлаа гэж бодоход тэр нь биелдэг юм уу гэх мэт. Ерөнхийдөө олон Монголчуудын хувьд англи хэл бол мөрөөдөл. Дөнгөж англи хэл нь мөрөөдөл байгаад тэр нь биелэхгүй бол яаж олон гадаад хэл сурах юм. Тэгэхээр гадаад хэл сурч байгаа олон хүүхэд байгаа хэдий ч бид аль болох олуулаа англи хэлийг бүрэн эзэмшсэн байх ёстой. 

Миний энэ номыг бичиж гэж байгаа зорилго бол Монголыг яаж Сингапур, Швейцарь, Израйльтай адилхан англи хэлний мэдлэгтэй улс болгох вэ. Гэхдээ бид Монгол хэл, бичгээ орхигдуулах ёсгүй. Миний хувьд  хүүхэд бага байхдаа төрөлх хэлээ маш сайн сурах ёстой гэж үздэг. Унаган хэлээ төгс эзэмшээгүй хүн гадаад хэлийг төгс эзэмшихгүй. 

Тэгэхээр би энэ номоороо дамжуулаад англи хэл сурах мөрөөдлөө биелүүлж, унаган хэлээ төгс эзэмшсэн байх гэсэн хоёр санааг өгч байгаа хэрэг. 

-“Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” номыг юу хүсч байгаа хүн аваад уншвал хамгийн сэтгэл хангалуун үлдэж чадах вэ?

-Хэчнээн том зорилготой байх тусмаа хүн энгийн байдаг. Стив Жобс хүнд маш энгийн арга замаар технологийг эзэмших боломж олгосон. Microsoft-ын хувьд ч маш энгийн шийдэл гаргаж ирсэн. Үйлдлийн системийг зөвхөн том компани эсвэл засгийн газар биш хувь хүн бүр хэрэглэх боломжтой болсон шүү дээ. 

Аугаа хүн энгийн байдаг гэдэгчлэн аугаа хүсэл мөрөөдөлтэй, аугаа зорилготой, түүндээ яаж хүрэхээ мэдэхгүй, өдөр тутмынхаа бүтээмжинд сэтгэл хангалуун биш, нөр их хөдөлмөр, их ажлын хажуугаар аз жаргалтай байхыг хүсч байгаа хүнд энэ ном лавтайяа тусална. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.