Засгийн газрын үнэт цаасыг худалдан авсан банкууд хамгийн ихдээ 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх гадаад валютын эх үүсвэр татах боломж бүрдээд байгаа билээ.
Тодруулбал, 2.8 их наяд төгрөг бүхий Засгийн газрын үнэ цаасыг худалдан авсан эрх бүхий арилжааны банкууд 1.4 тэрбум ам.доллар гадаад зах зээлээс босгох боломж Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-аар заалтын дагуу бүрдээд байсан юм.
Тиймээс арилжааны банкууд бонд гаргах тохиромжтой цаг хугацааг судалж хамгийн түрүүнд Худалдаа Хөгжлийн Банк 500 сая ам.долларын бондыг гадаад зах зээл дээр гаргахаар ажиллаж байна.
Засгийн газраас уг бондод баталгаа гаргах боломжтой болсон учир ХХБ нь 500 сая ам.долларын дүнтэй бонд гаргаж одоогийн байдлаар гаргасан саналаасаа 4.6 дахин их буюу 2.3 тэрбум ам.долларын санал хүлээн аваад байгаа аж.
Уг үйл ажиллагааг Bank of America Merrill Lynch, ING and Deutsche Bank-ууд хамтран удирдаж байна.
Бондын үнэлгээг Moody's-ээс B2 гэж тогтоосон бол Standard & Poor's-ээс B+ гэж үнэлсэн юм.
Хүүгийн хувьд 9.7% гэсэн саналаас бууж 9.3% болоод байна. Гэхдээ бонд гаргах зөвшилцөл үргэлжилж байгаа бөгөөд хүү үүнээс илүү буух боломж байхыг үгүйсгэхгүй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!