“Open Door” сонины эрхлэгч, сэтгүүлч Б.Ганчимэг 2015 оны 4 сарын 13-ны өдөр www.baabar.mn вэб сайтад “Луйвар 1” гарчигтай нийтлэл бичиж, уг нийтлэлээрээ Моннис групп компанийн эсрэг илт гүжир, гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тарааж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг зөрчин, Моннис групп компани болон Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын нэр хүндийг гутаан, хууль ёсны эрх ашгийг хөндсөн үйлдэл гаргасныг Моннис группын зүгээс эрс эсэргүүцэж байна.
Уг нийтлэлд бичигдсэн Аэро Монгол ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч П.Баатарсүрэн болон Моннис Интернэшнл ХХК-ийн хооронд үүссэн маргаантай асуудал нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн тогтоолоор П.Баатарсүрэнг бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болохыг тогтоосон.
Гэтэл Б.Ганчимэг нь шүүхээр шийдвэрлэгдэж дууссан хэргийн талаар нийтлэл бичихдээ Моннис Интернэшнл ХХК-ийн нэр хүндийг унагах зорилгоор үнэн бодит байдалтай нийцэхгүй мэдээллийг оруулж, биднийг гүжирдэж гүтгэсэний зэрэгцээ Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах алба болон хуулийн дагуу хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын Шүүхийг “зохиомол гэмт хэрэг”-т оролцсон мэтээр сэрдэж, тэдгээр байгууллагын үйл ажиллагааг илтэд буруутган, нэр хүндийг нь гутаасан зохисгүй үйлдэл гаргажээ.
Сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн байр суурьтай, шударга үнэний дуу хоолой болох ёстой сэтгүүлч хүн ийм мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл гаргаж, 1000 гаруй ажилтны амьдралыг залгуулж байгаа үндэсний компани болох Моннис групп компанийн эсрэг гүжир гүтгэлгийн шинжтэй нийтлэлийг бичсэнд ихэд харамсаж байна.
Моннис групп компанийн нэр хүнд, хууль ёсны эрх ашигт бүдүүлгээр халдсан энэ үйлдэлдээ өдөр тутмын сониноор дамжуулан албан ёсоор уучлал гуйхыг сэтгүүлч Б.Ганчимэгээс шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг биелүүлэхгүй бол таны энэ үйлдлийг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэх ба зөрчигдсөн эрхээ сэргээлгэх болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.
МОННИС ГРУПП