Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн мэргэшсэн албан хаагч тогтворгүй байхад улсын тогтвортой хөгжлийн талаар ярих боломжгүй"

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 4 сарын 20
iKon.MN
 

2012 оноос хойш 15,000 төрийн албан хаагчийн ажлаас нь чөлөөлж, 30,000 хүн эргүүлэн ажилд авсан гэсэн мэдээлэл бий. Дарга, сайд шинээр томилогдохдоо тухайн байгууллагын үйлчлэгчээс эхлээд бараг бүх хүнийг сольдог гаж тогтолцоо манайд хэдийнэ бий болжээ. Төрийн албан хаагчийн халаа сэлгээ болон, төрийн байгууллагын чанарын талаар Төрийн алба хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяртай ярилцлаа.

-2012 оноос хойш 15,000 төрийн албан хаагчийн ажлаас нь чөлөөлж, 30,000 хүн эргүүлэн ажилд авсан гэсэн мэдээлэл бий. Энэ хэр үнэн бодитой мэдээлэл вэ?

-Ер нь төрийн албан хаагч 2012 оны зунаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 30,000-аар нэмэгдсэн. 2012-2013 оны байдлаар 15,000 мянган хүн халагдаж, чөлөөлөгдсөн. Шийдлийн Засгийн газар гарч ирснээс хойш нарийн тоо гараагүй байна. 2016 оны хавраас нааш Төрийн албаны зөвлөл, халагдаж, солигдсон хүмүүсийн нарийн тоог гаргаж чадахгүй. Гэхдээ яам агентлагуудаас халагдаж байгаа хүмүүсийн тоог аваад үзэхээр 500 орчим төрийн албан хаагч халагдсан гэсэн тооцоо гарч байна. Энэ 500 нь Засгийн газрын орон тооны цомхотгол хийсэн 2,000 албан хаагчаас тусдаа. Энэ 500 хүн баг бүрдүүлэх нэрийн дор халагдсан.

-Нэг сайд, дарга ирэхээр багаа бүрдүүлнэ гэдэг нэрийн дор халаа сэлгээ их хийдэг. Үүнээс үүдэж төрийн алба чадвартай, чанартай болж төлөвшихгүй байна ч гэдэг. Энэ гажуудлыг засах боломж бий юу?

-Сонгууль бүрийн дараа төрийн албаараа тоглодог. Бараг сонгуулийг төрийн албанд өөрийнхөө хүнийг шургалуулах гэж хийдэг юм шиг болж байна. Энэ байдал яагаад 2012 оноос илүү нэмэгдсэн гэж яриад байна вэ гэхээр өмнө нь сонгуулийн дараа халаа сэлгээнд ордог төрийн албан хаагчийн тоо дунджаар 5,000 орчимд яригддаг байсан. Гэтэл 2012 оноос хойш жилдээ 10,000 хүн халаа, сэлгээнд орсон.

Мөн 2012, 2013 онуудад тус бүр 10,000 хүн албан тушаалаасаа хөдөлсөн. Нийлбэр дүнгээрээ 30,000 орчим албан хаагч шилжилт хөдөлгөөнд орсон. Шилжилт хөдөлгөөн гэдэг нь албан тушаал буурсан, ахисан, гарсан, халагдсан бүх албан хаагчдын тоо юм. Шилжилт хөдөлгөөн хийгдсэн 180,000 албан хаагчийн 30,000 нь буюу 20-25 орчим хувь нь сүүлийн гурван жилд хийдсэн нь Монгол төр ямар тогтворгүй байгааг илэрхийлсэн тоон үзүүлэлт юм. Энэ их халаа сэлгээ нь Монгол төрийн дархлааг бүрэн сулруулсан, талцуулсан.

Төрийн алба бужигнаад эхлэхээр алба хаагчид хоноцын сэтгэхгүйтэй болж байна. Итгэл үнэмшилтэй, тогтвор суурьшилтай, авлигад өртөхгүйгээр ажиллах хүсэл эрмэлзэл устаж байна. Хэн нэгэн даргын ая талыг олох, дагах, цүнхийг нь барих байдал руу залуучуудыг, мэргэшсэн алба хаагчдыг оруулж байгаа нь хамгийн аюултай.

Нэг үгээр төрийн албанд тавигддаг мэдлэг чадвар, туршлага гэсэн хамгийн гол шалгууруудыг байхгүй болгосон. Төрийн алба тогтворгүй байхаар уламжлал шинэчлэл, төрийн хар хайрцагны бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогын асуудал яригдах боломжгүй болж байгаа юм. Төрийн мэргэшсэн албан хаагчийг тогтворгүй болгочихоод  улсын тогтвортой хөгжлийн талаар ярих ямар ч боломжгүй.

-Энэ байдлыг өөрчлөх боломж бий юу. Ямар гарц байна вэ?

-Хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Юун түрүүнд хууль бусаар, ар өврийн хаалгаар томилогдсон төрийн албан хаагчийг шууд чөлөөлж, данхар бүтцээсээ салах. Хууль бусаар томилогдсон хүмүүст тэтгэмжийн асуудал яригдахгүй. Татвар төлөгчдийн мөнгийг эдгээр хүмүүст зарцуулахгүй. Өөрөөр хэлбэл, тангарга өргөсөн мэргэшсэн албан хаагчдаар оролдохоо боль.

Хоёрдугаарт УИХ Засгийн газар, яам агентлаг, төрийн байгууллагуудын хөдөлгөж болох төрийн албан хаагчийн хязгаарыг зааж өгөх хэрэгтэй. Шинэ дарга тухайн байгууллагын 10–аас илүү хувиар шилжилт хөдөлгөөн хийхгүй гэдгийг нь зааж өгөх хэрэгтэй. Нэг дарга ирээд өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг баахан авлига ч байсан юм шиг цоллоод, халаа сэлгээ хийж байна.

Энэ нь төрийн албаны нэр хүндийг унагаж, өөрийн хүмүүсээ томилох нөхцөлийг бүрдүүлж байна. Нөгөө талаар нэг албан тушаал дээр хоёр хүний цалин өгдөг жишиг сүүлийн үед тогтоод байна. Учир нь халагдсан төрийн албан хаагч шүүхэд хандахаар хууль бусаар халагдсан нь тогтоогдоод ажилгүй байсан хугацааных нь цалин эргэж олгогдож байна. Хууль бусаар халсны хохирол нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч, нэг албан тушаалд хоёр хүнийг цалинжуулж байгаа юм.

2014 онд л гэхэд Улсын Дээд шүүхийн шийдвэрээр 480 сая төгрөгийг ажилгүй болсон 90 орчим хүнд өгсөн. Анхан, дунд шатны шийдвэрээр ажилгүй байсан хугацааныхаа цалинг авсан хэдэн зуун хүн бий. Энэ нь төсөвт хэдэн тэрбумаар дарамт болж байна. Тиймээс хууль бусаар хүн халж байгаа даргын өөрийн халааснаас энэ мөнгийг гаргуулдаг хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна. Хууль бус шийдвэр гаргалаа гээд ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа учраас  би яасан ч яахав гэсэн байдлаар хандаж байна.

-Энэ хугацаанд ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид хэдий хэмжээний мөнгө зарцуулсан байна вэ?

-Гэнэт халагдсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын ажилгүйдлийн сангаас олгодог. 3-6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгийг сар бүр олгодог тэтгэмж юм. Энэ нь шууд төрийн халааснаас гарахгүй ч нийгмийн даатгалын сандаа мөн л их ачаалал болж байгаа. Ажилгүй байсан хүн нийгмийн даатгалын сангаас гэнэт халагдсаны тэтгэмж болон улсын төсвөөс зургаан сарын цалингаа аваад гарч байна. Гэтэл маргааш нь дахиад өөр албан газар ажилд орох бололцоотой байгаа юм.

Энэ бодит хэмнэлт болох уу үгүй юу гэдэг бодохоор л асуудал. Нэг албан газрын дарга надад “ажлынх нь таван залуу бүтцийн өөрчлөлт нэрийн дор биднийг халаад өгөөч, бид өөр төрийн байгууллагад орох гээд ярьчихсан юм. Эндээс зургаан сарын тэтгэмжээ авч гараад, өөр ажилд орох гэсэн гэсэн хүсэлт тавьсан" гэж ярьсан. Энэ нь тооцоо судалгаан дээр таван төрийн албан хаагч ажлаас нь чөлөөлж, төрийн албыг багасгасан гэж гарч ирдэг.

Хэрвээ өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч байгаа бол тухайн албан хаагч дор хаяж зургаан сар өөр төрийн байгууллагад орох эрхийг нь хязгаарладаг байх хэрэгтэй. Үүнийг нь төрийн албан хаагчийн нэгдсэн бүртгэлийн системээр хянаж байдаг тогтолцоонд орохгүй бол төрийн байгууллага зальтай хүмүүсийн орогнодог, мөнгө хүүлдэг газар болоод байна.