Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

40 нас хүрсэн ч харих болоогүй Тамаваши Б.Мөнх-Оргил

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын башё маэгаширагийн зүүний 15 дахь бөх Котошохогийн ялалтаар өндөрлөсөн. Чиба мужид төрсөн 25 настай япон жүдоч тэмцээний сүүлийн өдөр Украины бөх Аонишикиг буулган авснаар 13 даваа, 2 унаагаар Эзэн хааны цомыг өргөсөн юм.

Сүүлийн хоёр тэмцээн дараалан түрүүлж, ёкозүна болсон Оносато шинэ цолтойгоо барилдсан эхний тэмцээнд 11 даваа, 4 унаагаар тэмцээнийг өндөрлүүлэв. 

Харин монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил 40 нас хүрсэн ч харих болоогүйгээ батлав. Тэрбээр сүүлийн өдөр Ошома П.Дэлгэрбаярыг ялснаар энэ сарын тэмцээнийг 11 даваа, 4 унаагаар дуусгаж, дайчин барилдааны шагнал хүртлээ. 

Тамаваши тэмцээний 10 дахь өдөр ёкозүна Оносатог ялснаар хамгийн ахмад насандаа кинбоши буюу ёкозүна цолтныг унагасан маегаширагийн бөх болсон юм.

Тэрбээр ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийг хамгийн олон буюу дөрвөн удаа хаясан бол Харүмафүжи Д.Бямбадорж, Кисеносато, Какүрюү М.Ананд нарыг тус бүр нэг удаа ялж байв.

Ирэх арваннэгдүгээр сард 41 нас хүрэх Б.Мөнх-Оргил одоо ид барилдаж буй бөхчүүдээс хамгийн олон буюу найман удаа ёкозүна цолтныг унагасан бөх болж буй. Түүнчлэн тусгай шагнал болох дайчин барилдааны шагналыг гурав дахиа, нийт тав дахь шагналаа авлаа.

Б.Мөнх-Оргил 2008 оны есдүгээр сард дээд зиндаанд дэвшсэнээс хойш 95 тэмцээн барилдаад буй нь сүмогийн түүхэнд зургаадугаарт бичигдэх амжилт. Энэ жагсаалтыг Кайо 107 тэмцээнээр тэргүүлдэг бол Хакүхо М.Даваажаргал 103, Кёкүтэнхо Н.Цэвэгням 99 башё барилдсан амжилтаар удаалдаг.

Сүмод элссэн цагаасаа хойш нэг ч тэмцээн өнжиж байгаагүй манай бөх өнгөрсөн жилийн есдүгээр сард гиннесийн рекордод нэрээ мөнхөлсөн. Тодруулбал 2004 оноос хойш өдгөөг хүртэл 1,718 барилдаан хийгээд байна. Үүнээс дээд зиндаанд 2013 оноос хойш 1,077 удаа барилджээ.