“Гепатитгүй ирээдүйн төлөө хамтдаа" Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
Дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь вирус гепатит. Гепатитын вирус нь элэгний эсийг гэмтээн үрэвсэл үүсгэж, элэгний хатуурал, хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн дараах мэдээллийг өглөө.
2017 онд эхлүүлсэн "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор 2.4 сая гаруй иргэдэд В, С вирусийн шинжилгээг хийсэн байна. Түүнчлэн С вирусийг бүрэн устгаж чаддаг эмийн патентыг эзэмшдэг компанитай Монгол улс гэрээ хийж маш хямдралтай үнээр нэвтрүүлэх боломж бүрдсэн байдаг.
Улмаар нийт 400,000 төгрөгийн өртөгтэй С вирусийн эмчилгээг 55,000 орчим иргэнд даатгалын хөнгөлөлтөөр үнэ төлбөргүй хийж байсан байна. Мөн хямдарсан үнээр нь худалдаж аваад эмчлүүлсэн хүмүүстэй нийлүүлэн тооцвол ирээдүйд элэг нь хатуурч хавдар болох эрсдэлтэй 100,000 гаруй иргэдээ эмчилсэн гэдгийг тэрбээр онцлов.
5 хүртэлх насандаа В вирус халдвартай болбол архаг буюу эмчлэгдэхгүй болох эрсдэлтэй байдаг байна. Иймд бага насанд нь буюу төрснөөс хойш 24 цагийн дотор вакцин хийх нь маш чухал байдаг гэв. Түүнчлэн эхээс урагт халдвар тархах эрсдэл өндөр байдаг учир төрөх насны эмэгтэйчүүд В,С вирусийн халдвартай эсэхээ урьдчилан шинжлүүлэх нь зүйтэй байдаг байна.
Мөн манай улс 2024 оноос эхлэн 10 орчим тэрбум төгрөгөөр Д вирусийн тариаг авч эхэлсэн ба 2026 оны төсөвт энэ тоог 20 тэрбум болгож өсгөхөөр болсон гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!