Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Өмнөх зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилт, сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын бэлтгэл, явган хүний зам тохижилтын ажил, авто замын ажил зэрэг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцжээ.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил долдугаар сарын 21-ний байдлаар 53.7 хувийн хэрэгжилттэй байна. Энэ хүрээнд дулааны гол 13.5 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 52 хувьтай, авто зам засвар, шинэчлэлийн ажлын явц 60 хувьтай хэрэгжиж байна.
Түүнчлэн 2024-2025 онд угсармал орон сууцны 205 блок дулаалахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгөөр "Угсармал орон сууцны дулаалгын төсөл"-өөр 21 блокийг дулаалахаар тендер зарлажээ. Мөн энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5,000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ.
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө дээвэр, цонх, хаалга, сантехникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд ачаа, хүн зөөврийн 42 ширхэг лифт шинэчлэх ажил 50 хувьтай хэрэгжиж байна.
Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 54.2 км урт, 199,842 метр квадрат талбай бүхий 13 төсөл хэрэгжүүлж, хоёр төсөл гэрээ баталгаажих шатандаа явж байна.
Нийслэлийн боловсролын салбарт барилга байгууламжийн 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас долдугаар сарын байдлаар дөрвөн сургууль, зургаа цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заалны барилга, нийт 15 барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа.
Нийслэлийн боловсролын салбарт 2020-2024 онд 114 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, хүүхдийн хүчин чадал 18,850-аар нэмэгджээ.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг даалгаврыг өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!