Өмнөд Солонгосын эрх баригчдаас ирэх ямар ч хамтын ажиллагааны саналыг хүлээж авах хүсэл сонирхолгүй байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү мэдэгджээ.
Тус улсын эрх баригч намын төв хорооны дэд даргын албыг хашдаг Ким Ёо Жон ингэж хэлснийг Солонгосын Төв Мэдээний Агентлаг өнөөдөр өглөө мэдээлсэн байна.
Өнгөрсөн сард ээлжит бус сонгуулиар ерөнхийлөгч болсон И Жэ Мюний шинэ засаг захиргаа Умард Солонгостой яриа хэлэлцээгээ сэргээж, хоёр Солонгосын харилцааг хурцадмал байдлаас гаргах зорилготой байгаа.
Тэгвэл И Жэ Мюний шинэ засаг захиргаанд хандсан анхны албан ёсны мэдэгдэлдээ Пёняны эрх баригчид ийм хатуу байр суурь илэрхийлжээ.
“И Жэ Мюний ажлаа авснаас хойших 50 өдрийн байдлыг ажиглахад тэр Өмнөд Солонгос-АНУ-ын холбоотны харилцааг сохроор шүтэгч, бидэнтэй сөргөцөлдөх хүсэлтэй өмнөх хүмүүсээс ялгарахгүй нэгэн болох нь харагдлаа. Сөүлийн эрх баригчидтай ямар нэг санал болон бодлого ярилцах, цаашлаад Өмнөд Солонгосын талтай яриа хэлэлцээний ширээний ард суух ямар ч сонирхол бидэнд байхгүйг би дахин тодорхой хэлмээр байна” гэж Ким Ёо Жон ярьсныг Пёняны төв хэвлэл дамжуулсан байна.
Тэр бас Өмнөд Солонгосын засгийн газрын хоёр Солонгосыг нэгтгэх яамыг өөрийнх нь улс орныг “уусган нэгтгэх хорон санаа” агуулдаг байгууллага тул “тарах ёстой” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Ирэх аравдугаар сард Гёнжү хотод зохион байгуулагдах АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад Ким Жон Уныг урих талаар Өмнөд Солонгосын засгийн газрын дэвшүүлсэн санааг Ким Ёо Жон “инээдтэй төөрөгдөл” хэмээн шүүмжилсэн байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!