Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын нэгэн тоосгоны үйлдвэрт гадаад ажилчныг дарамтлан дээрэлхэж буйг үзүүлсэн дүрс бичлэг сошиал орчинд тарсан юм.
Уг бичлэгт Шри Ланка улсын ажилчныг бусад солонгос ажилчид хураасан тоосготой холбож хүлээд машинаар дээш өргөж байгааг харуулжээ.
Тус улсын хөдөлмөрийн яам бичлэгийн мөрөөр шалгаж, хүний эрхийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөд Жолла мужийн Нажу хотод үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн гадаадаас ажилчин авах зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай цуцлахаар болсон байна.
Үүнээс гадна гадаад ажилчдын ажлын байрны болон амьдрах орчны нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний гэрээг шалгахаар болжээ.
Дээрх бичлэгт дүрслэгдсэн үйл явдал энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдөр болсон юм байна.
Тухайн өдөр тоосгоны үйлдвэрийн солонгос ажилчид 31 настай Шри Ланкын иргэнийг хураасан тоосготой хуванцар материалаар холбож хүлээд сэрээт машинаар өргөн шийтгэж байжээ.
Тухайн ажилчин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард E-9 ангиллын гурван жилийн хугацаатай ажлын визээр Өмнөд Солонгост ирснийг тогтоосон байна.
Дээрх үйл явдлын дараа тэр компаниас олгосон байрнаасаа хөөгдөж, түр байранд толгой хоргодох болжээ.
Хөдөлмөрийн яам дарамтлуулсан ажилчинд шинэ ажлын байр олж өгөхөөр болсон байна.
Өмнөд Солонгосын цагдаагийн газар сэрээт өргөгч машиныг ажиллуулсан 50 гаруй насны солонгос ажилчинд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Шри Ланкын ажилчин ямар нэг алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйгаагүйн улмаас ийм шийтгэл амссан гэнэ.
Пүрэв гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн бичлэгт дүрслэгдсэн үйл явдлыг “цөөнх, эмзэг бүлгийн хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн байж боломгүй хүчирхийлэл” гэж тодорхойлоод холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авахыг уриалж байсан юм.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!