Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Австри улс уламжлалт гадаад бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Украинд эзлэн түрэмгийлэх дайн явуулж буй Оросын аюул заналаас сэргийлэхийн тулд төвийг сахих уламжлалт гадаад бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахад бэлэн байгаагаа Австри улсын гадаад хэргийн сайд мэдэгджээ.

“Дэлхий нийтийн аюулгүй байдал улам бүр тогтворгүй болж, Оросын түрэмгий бодлого эрчимжиж буй” энэ үед Австри улс дан ганц төвийг сахих бодлогодоо найдах боломжгүй болж байгааг тус улсын гадаад хэргийн сайд Беате Майнль-Райзингер өнгөрсөн долоо хоногт Германы “Die Welt” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа онцолсон байна.

“Би Австрийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын ирээдүйн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхэд нээлттэй байна. Хэдийгээр парламентад болон хүн амын дунд одоохондоо НАТО-д элсэх санаа олонхын дэмжлэгийг авахааргүй байгаа ч ийм хэлэлцүүлэг маш их үр дүнтэй байна гэж би үзэж байна” гэж тэр хэлжээ.

Австри улс 1955 онд Хитлерийн эсрэг эвслийн холбоотон орнууд, тэр дундаа Зөвлөлтийн цэрэг нутаг дэвсгэрээс нь гарсны дараа төвийг сахих статусыг үндсэн хуульдаа нэмсэн юм.

Пүрэв гарагт ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова барууны орнуудын зэвсгийг Украинд дамжуулах үүрэг гүйцэтгэж буй Австри улсыг төвийг сахих зарчмаа зөрчсөнд буруутгаж байлаа.

Украины дайн төвийг сахих уламжлалт бодлоготой Европын орнуудын сэтгэлгээг эрс өөрчилсөн. Дайн эхэлснээс хойш Финланд, Швед улсууд энэ зарчмаасаа татгалзаж, НАТО-д гишүүнээр элссэн юм.

Энэ оны гуравдугаар сард Киевт айлчилж байсан Майнль-Райзингер дайнд асар их хохирол амсаж байгаа тул Орос улс удахгүй томоохон хямралтай нүүр тулгарахыг хэлсэн байна.

“Үүн дээр эдийн засгийн сүйрлийн нөхцөл байдлыг нэмэх хэрэгтэй. Кремльд энэ дайныг үргэлжлүүлэхэд улам бүр хэцүү болж байна. Путин өөрт нь цаг бага үлдсэнийг ойлгож байгаа. Тийм ч учраас тэр дайныг ийм харгис хэрцгий эрчимтэй явуулж байгаа юм” гэж Австрийн гадаад хэргийн сайд ярьжээ.

 

Эх сурвалж: Die Welt