“Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” чуулган Соёлын төв өргөөнд болж байна. Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаатай Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегийн талаар ярилцлаа.
-Ямар салбар, төсөлд хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах бололцоо байна вэ?
-Өнөөдрийг хүртэл явж байгаа бүтээн байгуулалтын захиалга, арга хэмжээ үндсэндээ захиргааны санал, санаачилгаар явагдаж байгаа. Цаашдаа хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, бүтээн байгуулалтын санааг авч хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нь дэмжих тал дээр хамтран ажиллана.
Хамтын ажиллагааны хэлбэр маш өргөн байж болно. Дэд бүтэц, нийгэм, хотын агаарын бохирдлыг бууруулах, амгалан тайван байдлыг хангах гэх мэт аль ч салбарт хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллаж болно. Одоогийн явж байгаа арга барилаас төр хувийн хэвшлийн түншлэлийн ялгаа нь төр хувийн хэвшлийнхэн нийгэм, хотынхоо өмнө хариуцлага хүлээсэн, бүтээн байгуулалт хийсэн хамтын ажиллагааны үр дүн байх ёстой.
-Хувийн хэвшлийнхэн төртэй хамтран ажиллахад төрийн байгууллага, нийслэлийн агентлагуудын хоорондын уялдаа холбоогүй байдал, эрх зүйн замбараагүй байдал нь хүндрэлтэй байдаг гэж хэлж байна. Энэ асуудлыг хэзээ, хэрхэн засч залруулах боломж байна вэ?
-Би энэ шүүмжлэлийг хүлээн авч байна. Тиймээс хот хувийн хэвшилтэйгээ цаашдаа хамтран ажиллая, зөрчил дутагдлыг арилгая гэдгээ өнөөдөр нээлттэй ярилцаж байна. Хот цаашдаа хөрөнгө оруулалтын хамтран ажиллах орон зайг улам тэлж, хүнд суртлыг арилгана.
2012, 2013 оны үед барилга барихад 286 хоног зарцуулдаг байсан бол нэг цонхны үйлчилгээг бий болгосноор барилга барих зөвшөөрлийг сарын дотор олгодог болсон. Жилийн өмнө барилга барих зөвшөөрлийг сарын дотор өгнө гэдэгт хэн ч үнэмшдэггүй байсан. Одоо бол энэ нь өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон хувирсан байна.
Энэ мэтчилэн цааш цаашдаа хүнд суртлыг арилгаж, иргэдтэйгээ хамтарч ажиллана. Хотын захиргаа удирдлагын байгууллага гэхээсээ илүү иргэд, хувийн хэвшлийнхэндээ үйлчилсэн үйлчилгээний байгууллага болох чиглэл рүүгээ явна.
-Хууль эрх зүйн орчин ойлгомжгүй, харилцан уялдаагүй байгааг засч залруулахад нийслэлийн зүгээс ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
-Хууль эрх зүйн орчин давхацсан гэхээсээ илүү журамлагдаагүй байдаг. Үүнийг НИТХ-ын түвшинд шаардлагатай журмуудыг батлан журамлаж байгаа. Энэ ажил цаашдаа үргэлжлээд явна.
-Нийслэл хувийн хэвшлийнхэнтэй концессын гэрээгээр ч юм уу түншлэлийн хүрээнд хамтарч ажилладаг. Гэвч ажлаа хийлгэчихээд нийслэлээс санхүүжилтийг нь шийддэггүй гэдэг маргаан их байдаг?
-Улсын эдийн засаг хямарсан болохоос Улаанбаатар хотын эдийн засаг хямраагүй. Нийслэлд төсвийн хөрөнгийн зарцуулалт бүрэн хэмжээгээр хийгдээд явж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй хийсэн бүх гэрээнийхээ төлбөрийг хийгээд явж байна. Хот мөнгө төлөөгүй гэдэг асуудал байхгүй. Концессын гэрээ байгуулсан бол хот өөрийн хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!