Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар KHAN CITY 2025: Бид хэрхэн Азийн зүрх болох вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

Улаанбаатар Хөрөнгө оруулалт 2015 чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Нэгдсэн хуралдааны оролцогч Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин “Хувийн хэвшлийн санаачлага” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ Улаанбаатар хотын тохижилт, аялал жуулчлалд хийх бүтээн байгуулалтын санаачлагуудыг танилцуулсан юм.

Тэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд танхимын гишүүдээс санаачилсан үндсэн том бүтээн байгуулалтуудыг санал болгож, төсөөлөл зургуудыг хуралд оролцогчдод харууллаа.

О.Амартүвшин “Бид гадны өндөр хөгжилтэй орнууд шиг байхын тулд юу хийж болох юм бэ гэдгийг аялал жуулчлалын салбар дээр нэгтгэсэн байдлаар танилцуулахыг хүсч байна. Өнөөдөр нийслэлийн худалдан авалт 270 орчим тэрбум байгаа. Бидний тулгамддаг хөрс, агаарын бохирдол, түгжрэл байсааар байна.

Дэд бүтцийн эх үүсвэрийн асуудал дутагдалтай, ядуурал байсаар байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт хангалттай орж ирэхгүй байна. Ороод ирэхэд тогтвортой хууль эрх зүйн орчин байхгүй байна. Бидний гарц юу юм бэ. Бид дэлхийн хотууд шиг орчин үеийн хот болж чадах юм уу гэсэн асуудал байна. Саяны асуудлуудыг шийдэх хувийн хэвшлийн томоохон төслүүдийг  нэгтгээд үзвэл Улаанбаатар KHAN CITY гэх энэ төсөөлөл бууж байна” гээд нэгдсэн төсөөллөө танилцуулав.

Туул гол үндэсний парк

Өнөөдөр Улаанбаатар хотод ямар ч дугуйн зам байхгүй. Агаарын бохирдол ихтэй.

Хотоос гараад амралтын цагаа өнгөрүүлэх орчин байдаггүй. Туулын эрэг дагуу бид дугуйн замыг тавьж, Богд уулыг тохижуулах ёстой юм байна. Үүнийг бид хувийн хэвшилд тулгуурласан боломжийн санхүүжилтээр шийдэх боломжтой.

Туул голыг дагасан Богд уулын хормойгоор бид эхний ээлжинд зургаан км дугуйн зам тавьж болно. Хотын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 18-25 км дугуйн зам тавихад хот өөрөө баруун зүүнээ маш хялбар холбочих боломжтой. Үүнийгээ бид сая ярьсан Богд уултайгаа холбочиход аялал жуулчлалын таатай бүс нэмэгдэнэ.

Sky View буюу Агаарын гудамж

Энэ гадны ихэнх хотуудад байдаг. Агаарын тунель буюу агаарын гудамж. Энэ нийтийн тээвэрт асар их хэмжээний дэмжлэг болно. Улаанбаатарыг бүхэлд нь аваад үзвэл тийм том хот биш. Гол гудамжууд нь цөөхөн. Энэ нь халтирч гэмтэх, түгжрэх гэх мэт эрсдлээс хамгаална. Шинээр баригдаж буй бүх барилгууд агаарын замаар холбогдож болно.

Ер нь Улаанбаатар хотыг агаарын гудамжтай болгочихвол яасан юм бэ.

Тооцоо хийгээд үзэхэд хотын гол цэгийг холбоход 7.2 км болно. Үүнийг хувийн хөрөнгө оруулалтаар шийдчих боломжтой ажил байгаа.

Улаанбаатар KHAN CITY буюу бид хэрхэн Азийн зүрх болох боломжтой вэ?

Бидний урд болон хойд хөрш маш том зах зээлтэй. Эндээс хөрөнгө оруулагчид, өндөр үнэтэй, чанартай аялал жуулчлалыг яаж татах ёстой вэ. Бид үүнийг хийж чадах юм бол дэлхийн томоохон хотуудтай эн зэрэгцэх боломжтой. Жишээ нь энд бид татваргүй барааны маш том дэлгүүр, музей, энтертайнмент төвүүд, казино, рестораныг энд байгуулах хэрэгтэй. Дэлхий даяараа аялал жуулчлалын гол орлогыг бүрдүүлж байгаа хүмүүс бол Хятад болон Оросууд. Ийм газар байж бид зөвхөн уул уурхай яриад хэрэггүй.

Энэ хотыг бүтээн байгуулахад 10 орчим тэрбум доллар хэрэгтэй. 100 мянган хүн ажлын байртай болж, 3.5 сая жуулчин хүлээн авна, жилийн орлого нь гурван тэрбум байх боломжтой. Би үүнийг төсөөлөл гэж харахгүй байна, биелэгдэх боломжтой.

ШИЙДВЭРЛЭХ

Хот хувийн хэвшлийн түншлэлээр бид үүнийг хийхийн тулд:

  • Хөрөнгө оруулалтын таатай орчинг бид хөрөнгө оруулагчдад амлах ёстой,
  • Банк санхүүгийн секторын шинэчлэл хийх хэрэгтэй,
  • Хууль эрх зүйн орчны шинэчлэл болон тогтвортой байдал, хараат бус, шударга арбитр хэрэгтэй,

Эдгээрийг бид хийж чадах юм бол бид саяны ярьсан Азийн зүрх KHAN CITY-г бүтээж чадна. Энэ бол хувийн хэвшлээс санаачилж байгаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэг л жишээ гэв.