УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа.
-УИХ-ын чуулганы завсарлaгаанаар таньтай холбогдох гэсэн ч ихэвчлэн эзгүй таарсан. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Завсарлагааны хугацааг нэлээд завгүй өнгөрөөлөө. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) гэж том байгууллагын гишүүн болоод удаагүй байгаа. Энэ байгууллагатай ажиллах УИХ-ын бүлгийг миний бие ахалж ажилладаг.
ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн хуралдаан гэж 57 орны парламентын гишүүд оролцдог хурал энэ оны есдүгээр сард Улаанбаатарт болно. 2016 онд болох АСЕМ-ын бие халаалт болохоор том хурал гэж болно.
Энэ хурлын бэлтгэлтэй холбоотойгоор Австрийн Вена хотод болсон хуралд оролцлоо. Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой судалгааны ажилд нэлээд цаг заваа зарцууллаа. Мөн орон нутагт, тухайлбал Орхон аймагт ажилласан. Дархан, Булган, Орхон аймгууд дахь цэргийн ангиудын үйл ажиллагаатай танилцлаа. Гэр бүлийн үнэ цэнийн талаарх сургалт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчлах талаар хэд хэдэн ажил хийлээ.
-Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой судалгааныхаа талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
-Монгол Улс 25 жилийн хугацаанд хүссэн хэмжээнд хөгжиж чадаагүйн нэг том шалтгаан нь Үндсэн хуультай холбоотой байна гэж харж байгаа. Улс төрийн тогтворгүй байдал, хэт их улстөржилт, хоосон яриа ихдэж, засаглал үр дүнтэй ажиллаж чадахгүй болж байна.
Их хуралд суудалтай намууд Засгийн газар байгуулахдаа зөвшилцөж тохирсон нэг том тохиролцоо бол 2015 ондоо багтаж парламентын засаглалаа боловсронгуй болгох чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах.
Сайд нар чуулган завсарлахаар улстөржихгүй өмнөх ажлаа шуурхай хийх боломж гардаг гэдэг.
Парламентын засаглалаа улам чамбайруулж сайжруулна гэдгийн цаана гол асуудал нь бусад орны жишгээр Засгийн газар, Ерөнхий сайддаа бие даан ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх асуудал байгаа. Өнөөдөр манай улсын гүйцэтгэх эрх мэдэл сул дорой, үндсэндээ Их хурлын барьцаанд байна.
Сайд нар чуулган завсарлахаар улстөржихгүй өмнөх ажлаа шуурхай хийх боломж гардаг гэдэг. Томилгооны эрх мэдлийг атгаж байгаа супер эрхтэй УИХ юм л бол Засгийн газрыг, сайд нарыг огцруулах асуудлыг сөхөх гээд байдаг. Энэ бол өнөөдрийн манай дүр зураг. Үндсэн хуулийн өөрчлөлт чухал асуудал учраас сэтгэл хөдлөлөөр, түргэн түүхий хандаж болохгүй. Тиймээс судалгаа чухал.
-Судалгаагаар өөрчлөлт хийх нь зөв гэж харагдаж байна гэсэн үг үү?
-Тийм. Бид өөрийн орны онцлогийн талаар, бас гадны 30 гаруй ардчилсан орны Үндсэн хууль, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хоорондын эрх мэдлийн хуваарилалтын талаар судалгаа хийлээ. Судалгааны үр дүн Монгол Улс Ерөнхий сайд нь өөрөө засгаа байгуулж, хариуцлагаа хүлээж кабинетын зарчмаар ажилладаг тогтолцоо руу орох зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна.
Гэхдээ миний хувьд улс орондоо тогтвортой хөгжлийн суурийг тавья гэвэл бусдыг нь хийж чадахгүй юм гэхэд ядаж ондоо багтан энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх ёстой гэж бодож байна. Бид энэ оныг алдвал дахиад ийм нөхцөл бүрдтэл доод тал нь 2-3 жил болох байх. Өөрчлөлт хийхгүй удвал улс орны нөхцөл байдал засахад улам хэцүү болох эрсдэл ч бий.
-Монгол хэлний тухай хуулийг батлуулсан нь олон жил бодлогогүй явсан монгол хэлний асуудал нэг тийш болох алхам болсон. Гэвч одоог хүртэл хуулийг хүчтэй лоббидож батлуулсан гэх яриа тасрахгүй юм. Үүнд та ямар тайлбар өгөх бол?
-Буруу ойлголт явж байна гэж бодож байна. Монгол хэл, монгол соёлын тухай асуудал бол дэмжихгүй эсэргүүцээд, лоббидоод лоббидуулаад явах асуудал биш шүү дээ. Их хурал арай ч эх хэл, бичиг соёлоо тэгтэл үл ойшоох, улс үндэсний ирээдүйтэй холбоотой асуудлыг ойлгохгүй байх хэмжээнд доошоо орчихоогүй.
Их хурлын гишүүд энэ хуулийн дийлэнх заалтыг 70, 80-аас дээш хувийн саналаар дэмжиж баталсан. 2025 оноос төрийн албанд монгол бичгийг давхар хэрэглэнэ гэдэг заалт л гэхэд 70 гаруй хувийн өндөр дэмжлэгтэйгээр батлагдсан байх жишээтэй. Мэдээж санаа оноо зөрсөн зүйл байлгүй яахав.
Өөр бодолтой хүмүүсийн дуу хоолой тодорхой хэмжээгээр сонсогдсон л байх. Энэ бол байх зүйл шүү дээ. Хүмүүс гол нь монгол бичгийн хэрэглээний асуудал, улсын сургуульд монгол хэлийг тавдугаар ангиас заах гэсэн хоёр асуудал дээр зарим талаар өөр байр суурь илэрхийлж байгаа.
-Хүүхдэд тавдугаар ангиас гадаад хэл заах нь ухралт гэж хүмүүс шүүмжлээд байх шиг байна?
-Монгол хэлний хууль батлагдсанаар гадаад хэлний сургалтад ухралт гарсан зүйл огт байхгүй гэдгийг хэлье. Энэ асуудлыг зарим хүмүүс зориудаар улстөржүүлээд байна уу ч гэмээр харагддаг. Өнөөдөр манай улсад байгаа тогтолцоо л байгаа байдлаараа энэ хуульд туссан. Монгол Улс социализмын үеэс л гадаад хэлийг дунд ангиас заадаг байсан. Бидний үед сургуульд найман настай орж, гурван жил бага ангид сураад дөрөвдүгээр ангид гадаад хэл үзэж эхэлдэг байсан.
Өнөөдөр хүүхэд зургаан настай бага ангид ороод тавдугаар ангиасаа гадаад хэл үзэж байгаа. Нэг нас урагшилсан гэсэн үг. Хүний хэл сэтгэхүй хоёр салшгүй холбоотой гэж үздэг. Тэгэхээр хэл соёлоо хадгалж үлдэх бодлоготой маш олон оронд хүүхдэд гадаад хэлийг 10-11 наснаас нь хойш заадаг. Төрөлх хэл бол сэтгэхүйн зэвсэг, гадаад хэл бол мэдлэгээ тэлэх хэрэгсэл гэж үздэг. Эх хэлээ сайн эзэмшсэн хүмүүс л гадаад хэлийг хамгийн сайн сурдаг нь нотлогдсон зүйл.
Тэдгээр оронд өөрийн гэх нэг хэлний бодлого барих хэцүү, үндэсний зөрчлөө давж нэг улс болохын тулд бие биеийнхээ хэлийг, эсвэл гуравдагч гадаад хэлийг түргэн эзэмшихийг дэмждэг. Зарим хүмүүс Монгол Улсаа ийм улсуудтай жишээд байдаг. Улс улсын онцлог өөр. Японд, япон хүнийг бага ангийн багш төлөвшүүлдэг. Харин дунд ангийн багш мэдлэг эзэмшүүлдэг гэж үздэг байх жишээтэй. Японы нийгмийн төлөвшил үүнтэй холбоотой гэж би боддог.
-Нөгөө талаасаа энэ хууль хувийн сургуулиудыг цаагуураа дэмжсэн гэсэн хардлага байгаад байгаа шүү дээ?
-Хувийн сургуулиудад илүү хариуцлага ногдуулсан гэвэл зөв болно. Энэ хуульд гарсан нэг том дэвшил бий. Гадаад хэл зааж байгаа сургуулиуд хүүхдэд монгол хэлийг нь сайн заадаггүй ноцтой асуудал гардаг.
Монгол бичгийг зургадугаар ангиас заахаар хуульчилсан.
Эцэг, эх нь өндөр төлбөр төлж сургадаг ч хүүхэд нь том болсон хойноо өөрийгөө монголоороо сайн илэрхийлж чадахгүй, албан бичиг ч өөдтэйхэн бичиж чадахгүй Монголынхоо нийгэмд гологдсон хүмүүс болох аюул байна.
Үүнээс болж хүүхдийн эрх насаараа хохирно гэсэн үг. Тиймээс энэ хуулиар зөвшөөрөлтэйгөөр гадаад хэлээр сургалт явуулж байгаа хувийн сургуулиудад монгол хэлийг нэгдүгээр ангиас нь төгстөл нь батлагдсан хөтөлбөрөөр заана гэж хуульчилсан.
-Монгол бичгийн хувьд биднийг дунд сургуульд байхад гарч байсан хүндрэлүүд давтагдахгүй болсон гэж ойлгосон. Зөв үү?
-Монгол бичгийг зургадугаар ангиас заахаар хуульчилсан. Хүүхэд дунд анги хүртлээ ямар ч төөрөгдөлгүй кирил бичиг үсгээ сайн эзэмш. Тиймээс дахиад хүүхдийг хүнд байдалд оруулахгүй гэж ойлгож болно.
-Хүмүүс 2025 оноос төрийн албанд монгол бичиг хэрэглэдэг болох нь. Сурахгүй бол болохгүй болж байна гэж ярьж байна. Тэгэхээр хууль хүмүүст монгол бичгээ сурах сайн сэдэл өгч байх шиг?
-Монгол бичгийг 2025 оноос Төрийн албанд давхар хэрэглэх нь хэрэглээг бий болгож байгаа заалт. Монгол бичигт шилжих тухай заалт биш юм шүү. Зарим хүнд ийм төөрөгдөл байгаад байх шиг байна. Бидэнд монгол бичгийн эрдэмтэн багш, эцэг эхчүүд хэзээ нэг цагт монгол бичгээ хэрэглэх юм уу, үгүй юу гэж их хандсан. Хэрэглэнэ гэвэл бодлогоо тодорхойл. Үгүй бол багш, хүүхдийн цагийг үрээд хэрэггүй гэсэн. Төр 10 жилийн дараа монгол бичгийг хэрэглэнэ гэж заахаар зах зээл өөрөө бий болно.
Уламжлалаа таньж мэддэг. Гэтэл бидний олонх нь 70, 80 жилийн өмнөх 1930-аад оны Нийслэл хүрээний сонин бичгээ ч сайн уншиж чадахгүй байх жишээтэй. Тусгаар улс үндэстний хувьд энэ үнэхээр гунигтай зүйл. Тиймээс л бид монгол бичгээ сэргээж явах ёстой. Бид улс үндэснийхээ соёлын өвийг амьдарч байгаа цаг үедээ хамгаалж явах, өвлүүлэх үүрэгтэй.
-УИХ-ын хаврын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Өмнө нь нэг удаа өргөн барьж байсан. Энэ удаад нэлээд чамбай боловсруулсан хуулийн төсөл оруулж чадав уу?
-Хууль хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон. Анх Ерөнхийлөгч ажлын хэсэг байгуулаад Их хуралд өргөн бариад, хэлэлцүүлээд явсан. Тухайн үед олон хүний оролцоо, хүчин чармайлтаар нэлээд сайжирсан. Ерөнхийлөгч хуулийн төслийг эргүүлэн татсаны дараа дахин өргөн барихын өмнө ч гишүүд нэлээд их ажилласан. Салбарын хүмүүс оролцсон хэлэлцүүлэг хийж, хэвлэлийн эрх чөлөө өндөр хөгжсөн орны туршлагаас судалж, олон улсын мэргэжлийн байгууллагын санал, зөвлөгөөг ч сонссон.
Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад саад болж болохоор ямар зүйл байна гэдэгт мэргэжилтнүүд, хуульчдын тодорхой дүгнэлт авлаа. Хуулийн төсөл ерөнхийдөө ардчилсан орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиудын жишигт ойртож чадсан гэсэн ойлголттой байгаа. Салбарынхан ч дэмжиж байна. Гэхдээ хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцээд эхлэхээр магадгүй Монгол хэлний тухай хуулиас хамаагүй илүү дайралт Батчимэг гэдэг хүн рүү болон өргөн барьсан гишүүд рүү ирэхийг үгүйсгэхгүй.
Энэ салбар зохицуулалтгүй олон жил явж ирлээ шүү дээ. Энэ хэвээр нь байлгахыг хүсч байгаа хүмүүс бий. Би бас нэг том галтай асуудал руу орж байгаа болов уу л гэж таамаглаж байна. Гэхдээ энэ өөрөө зөв зүйл, Монголд батлагдах ёстой хууль учраас няцахгүйгээр явна. Хууль өргөн барьсан гишүүд, Их хурлын гишүүд төдийгүй хэвлэл мэдээллийн салбарынхны өөрийнх нь оролцоо дэмжлэг чухал.
-Сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татахгүй байх нь салбарынхны хамгийн их анхаарал татаж буй заалт. Энэ талаар?
-Хуулийн төсөлд нэг талаас хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, нөгөө талаасаа хэвлэлийн салбарын ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх, өөрийн зохицуулалтыг бий болгох заалтууд туссан. Энэ нь сэтгүүлчдийг юм л бол хуулиар далайлгадаг, эсвэл барьж хорьдог байдлыг багасгах зорилготой.
Бидний санаачилж байгаа хуулийн үзэл баримтлалыг дэмжиж Засгийн газраас өмнө нь өргөн барьсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд сэтгүүлчид гүтгэсэн гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэхийг таслан зогсоосон хуулийн заалтыг хассан байсан. Гэтэл сая Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуулийн төсөл дээр буцаагаад оруулаад ирсэн.
Үүнийг ухралт болно гэж харж байгаа. Сэтгүүлч мэргэжлийн алдаа хийсэн нь тогтоогдсон бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ эрүүгийн хуулиар биш. Хэвлэлийн зөвлөлийн дүгнэлт гаргахаас гадна захиргааны, иргэний хуулиар янз бүрийн хариуцлага хүлээж болно. Харин сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэхийг ардчилсан орнууд дэмждэггүй. Тиймээс Монгол энэ чиглэл рүү явах ёстой. Эрүүгийн хуулийн хэлэлцүүлгийн шатанд би хувьдаа үүний төлөө ажиллана.
-Та өмнөх сонгуульд намын жагсаалтаар гарч ирсэн. 2016 онд Орхон аймгаас нэр дэвших бодол байна уу. Мөн тус аймгийн АН-ын боловсон хүчин тааруу гэдэг шүүмжлэл явдаг. Намын даргын хувьд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Орхон аймагт нэр дэвших тухайд өнөөдөр хариулт хэлэхэд арай эрт байна. Ер нь бол 2016 оны сонгуульд нэр дэвшсэн нөхцөлд Орхон аймагт дэвших магадлалтай гэж хэлнэ. Ийм асуудлыг хувь хүн ганцаараа биш, намын хамт олноор хэлэлцэж шийддэг. АН-ын боловсон хүчний тухайд мэдээж удаан жил засаг барьсан нам илүү нөөцтэй болдог нь жам.
Өнөөдөр Орхон аймагт АН засаг барьж байгаа. Цаашдаа олны итгэлийг хүлээхийн хэрээр боловсон хүчний нөөц, чадвар нэмэгдэх боломжтой. Намд мэдлэг боловсролтой залуучууд олон бий. Тэдэнд ажил хийх боломж олгох, намын хүний нөөцийн бодлогыг зөв барьж, гишүүдээ улам чадавхижуулах тал дээр хийх зүйл багагүй бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|