УИХ-ын Намрын чуулган өндөрлөж парламентын 76 гишүүн тойрогтоо ажиллаад тун завгүй байлаа. Ардын намын гишүүд алслагдсан аймгуудаар ажиллаж, хуулийн төслөө сурталчлав.
Харин АН-ын гишүүд бүлгээс өгсөн хуваарийн дагуу 21 аймагт хуваагдан ажил¬лаж мөн л хуулийн төслийн талаар мэдээлэл түгээн, Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлдөө санал авав.
Мөн 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталдаг.
Бие даагч гишүүдийн хувьд ч энэ сезоноос хоцорсонгүй. Энд тэнд явж цас ухаж, ноос самнаж, иргэд сонгогчидтойгоо тулж ажилласан зургаараа цахим хуудсаа гоёсон шиг чуулганы завсарлагааныг үдлээ.
Тэгвэл, УИХ-ын Хаврын чуулган дөрөвхөн хоногийн дараа нээлтээ хийхээр болжээ. Ирэх долоо хоногийн Даваа гарагт албан ёсоор нээлтээ хийж, харин Пүрэв гарагаас хэлэлцэх асуудлынхаа дараалалд орох гэнэ.
Уламжлал ёсоор УИХ-ын дарга нээлтийг хийх бол гадаад дотоодын элчин сайдууд ч урилга заллагаар нээлтэд ирэх ажээ. Энэ Хаврын чуулган эхлэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд орон даяар мэдээлэл хийж хаврын чуулганы үр дүн хариуцлага, хүлээлт үүсгэсэн уул уурхайн том төслүүдэд шийдэл гаргах цаг болсныг сануулах сурагтай.
Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн ач холбогдлын талаар ярихдаа “Цагаан сарын өмнө, завсарлах үед хэлэлцэж байсан хуулиудаасаа эхэлж, үргэлжлүүлж хэлэлцэнэ. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай гэх мэт.
Сонгуулийн тухай хууль, Намуудын тухай хууль, Намуудын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хууль гэх мэт нэгээс илүү жил яригдаж, Ажлын хэсэг байгуулагдчихсан хуулиуд бүх чуулганаар хэлэлцэгдээд явж байгаа.
Хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцдэг хэд хэдэн асуудал бий. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ.
Мөн 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталдаг. 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг одооноос эхлэх учиртай.
2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Санхүүгийн нэгдсэн тайланг баталдаг” хэмээн ярьжээ. Гарах үр дүнг нь хэлэхэд эрт байгаа ч хэлэлцэх асуудлаас харахад нийгэмд хүлээлт үүсгэсэн маш олон хуулийн төслүүд жагсаалтад багтжээ.
УИХ-ын даргын Мягмар гарагт баталсан жагсаалтаас харахад, он дамжсан, хоёр гурван жилийн хэрүүл болсон хуулийн төслүүд харагдаж байна. Тухайлбал, УИХ-ын даргын ярианд дурьдагдсан Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хууль хэлэлцэх асуудлын тэргүүнд эгнээнд багтах учиртай.
Энэ Хавар л хэлэлцэж, эцэслэн батлахгүй бол дахиад нэг жил гэсэн хүлээлт байхгүй.
Шинэ оны Үндсэн чиглэлийн биелэлтийг, 2017-2018 оны төсвийн төлөөллөө улстөрчид маань хэрүүл маргаан багатайхан шийдэх учиртай юм.
Сонгууль болоход нэгхэн жил үлдсэн учраас 2016 оны сонгуулийг шинэ хуулиар хийхийн тулд намууд хуультайгаа сайтар танилцах учиртай.
Намаас гадна иргэд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиа нэг мөр ойлгож авах учиртай юм. 2016 оны сонгуулийн мажоритар тогтолцоогоор явуулах уу, эсвэл холимог байдлаар явуулах уу гэдэгт намууд одоо болтол санал нэгдээгүй.
Гэхдээ Хаврын чуулганы хугацаанд тойргийнхоо сонгогчидтой уулзсаны үндсэн дээр намууд мажоритар тогтолцоог дэмжих хандлага давамгайлж эхэллээ. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байх эсэх, намуудын сонгуульд зарцуулах мөнгийг төрөөс даадаг болсноор тайлан мэдээ ил болж, тойрог худалддаг байдал алга болох зэрэг эдгээр хуулиуд нэлээд анхаарал татаж байна. Мөн Хаврын чуулган бүрээр хэлэлцдэг хуучин, шинэ оны Үндсэн чиглэлийн биелэлтийг, 2017-2018 оны төсвийн төлөөллөө улстөрчид маань хэрүүл маргаан багатайхан шийдэх учиртай юм.
Жил жилийн чуулганы хуралдаан хэрүүл маргаан, хэлэлцэх асуудлаар завсарлага авсан, хор найруулсан дэг жаягаар явагддаг. Энэ Хаврын чуулган ч тогтсон жаягаа эвдэхгүй болов уу. Учир нь Хаврын чуулган завсарлахаас өмнө УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хэлэлцэх хуулийн төслүүдэд тээг садаа тавьж, шаардлага өндөр тавина гэдгээ мэдэгдсэн. Нөгөө талаар сонгуулийн жил дөхсөн учраас бие даагч, ганц нэг намынхаа эсрэг хувь гишүүний пиарт анхаардаг улстөрчид энэ хаврын ярианы сэдэв байх нь.
Сонгууль дөхсөнийг илтгэх энэ мэт улс төрийн тоглолтууд цөөнхийн хэсгээс илүүтэй товойж, иргэний хөдөлгөөн, парламентад суудалгүй улс төрийн намууд хөгжөөн дэмжих нь. Энэ Хаврын чуулганаар улстөржих, гацаах, завсарлага авах, ганц нэг улстөрчийн бие дааж тоглолт хийх асуудал бага байгаа ч Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, Таван Толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэх зэрэг анхаарал татах асуудал их байгаа юм. Улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэл буурсан ийм цагт ганц олдох Хаврын чуулганы улстөржилтийг зүгээр өнгөрөөх хүмүүс энэ парламентад тун цөөхөн билээ.
Хүлээлт үүсгэсэн хуулийн эхнээс нь дэс дараалаад тоолно гэвэл цаас багадна. Хамгийн гол нь энэ хууль батлагдаасай гэх хүлээлтийг бий болгочхоод байгаа ганц нэг хуулийг тоймлон хүргэе. Нэгдүгээрт, баялаг бүтээгчдийн амьдралд томоохон өөрчлөлт авчрах Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлого хүлээлт үүсгээд байна. Д.Эрдэнэбат сайд Намрын чуулган завсарлахаас өмнө энэ хуулийг өргөн мэдүүлсэн бөгөөд Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын наймдугаарт бичигджээ.
Тодруулбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлах шаардлага байгаа. Ирээдүйн өв сангийн тухай хууль ч иргэдийн амьдралд нэн чухал. Төрийн албыг илүү хариуцлагатай болгох Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хяналтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулийг энд дурдахгүй өнгөрч боломгүй.
Аялал жуулчлалыг шинэ шатанд гаргах, 1990 оноос хойш яригдсан Казиногийн тухай хуульд яах аргагүй онцлон дурдах хуулиудын нэг. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль олон хүний амьдрал, өнөөгийн нийгэмд өөрчлөлт авчрах билээ. Мөн хэвлэл мэдээллийн салбарт олон жил хүлээлт үүсгэж, хэд хэдэн удаа буцсан, хэрүүл маргаан дагуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл энэ Хаврын чуулганаар орж хэлэлцэх, хэрэлдэх, маргах, мэтгэлцэх хуулийн жагсаалтыг нэгээр нэмэгдүүлэх нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!