Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Осолдсон онгоцонд Монголын иргэн байсан эсэхийг тодруулна гэв

ikon.mn
2015 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Европын цагаар өчигдөр 11 цаг 57 минутын орчим Испанийн Барселона хотоос ХБНГУ-ын Дюсселдоpф хот руу чиглэн нислэг хийж байсан Германы Луфтханза ХК-ийн охин компани болох “Жерманвингс” компанийн Айрбус А320 онгоц Франц улсын өмнөд нутагт Дин (Digne) тосгоны ойролцоо осолдов. Ослын улмаас нийт 144 зорчигч болон нисэх багийн 6 гишүүн бүгд амь үрэгдсэн байна. Уг онгоц 24 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, эхний жилүүдэд Луфтханза ХК-д нислэг үйлдэж байсан онгоц байжээ. 

Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Онгоц хөөрөөд удалгүй радараас алга болж, холбогдох боломжгүй болжээ.

11 мянган метрийн өндөрт нисэж байсан онгоц гэнэт өндрөө алдаж 1,800 метр хүртэл доошилж уул мөргөн осолдсон байх магадлал тун өндөр байна.

Осол уулархаг газар болсон тул аврах багийнхан хүрч ажиллахад хүндрэлтэй байна. Францын шинжээчдийн баг ослын газар очсон ба Германы тусгай баг мөн ослын газарт шуурхай ажиллаж байна. 

Осолдсон иргэдийн дунд Германы 67 иргэн, тэдний дунд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангийн 16 хүүхэд, 2 багшийн хамт нисэж явжээ. Холбооны канцлер А.Меркел бүх уулзалтын цагaa цуцалж, ослын газар руу нисэхээр болсон тухай мэдээлэл гарсан ба Холбооны Ерөнхийлөгч амь үрэгдэгсдийн ар гэрийхэнд эмгэнэл илэрхийлэв. Тэрбээр энэ өдөр Перу Улсад албан ёсны айлчлал хийж буй юм байна. Холбооны Гадаад хэргийн сайд Ф.В.Штайнмайер албан ёсны мэдээлэл өгч, Холбооны ГХЯ-нд ар гэрийн гишүүдэд туслах шуурхай штаб байгуулагдан ажиллаж буйг дуулгав.

Уг шуурхай штабтай Монгол Улсаас БНГУ-д суугаар ЭСЯ-ны консулын хэлтсээс Берлиний цагаар 17 цаг 13 минутад холбогдон Монгол иргэн байсан эсэх талаар тодруулахад одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна, хэрэв нотлогдох аваас эргэн шуурхай мэдэгдэнэ гэсэн мэдээлэл өгөв. Тус консулын хэлтэс Парис дахь ЭСЯ-ны консулын хэлтэстэй холбогдон мэдээлэл солилцсон байна. 

Эх сурвалж: ГХЯ