Олон жилийн турш “галзуугийн эмнэлэгт” хэвтэн эмчлүүлсэн эгчийгээ төрсөн дүү нь өрөвдөн гэрээр эмчлэхээр шийдээд, хамтдаа амьдарч эхэлжээ. Эгч нь ч гэр орноо цэвэрлээд, хүүхдийг нь асраад бүх зүйл хэвийн байсан тул дүү нь хардаж, санаа зовох зүйлгүй ажилдаа явдаг болсон байна. Нэг өдөр дүү нь ажлаа тараад гэртээ ирэхэд эгч, хүүхэд хоёр нь байсангүй. Дүү нь сандарч хүн хүч дайчлан эрэл хайгуул хийв.
Харамсалтай нь бүх зүйл оройтсон байлаа....
Дүүгийхээ хүүхдийг хогийн цэг дээр шатаачихсан эгч нь аймшигт хэргээ дээд тэнгэрээс түүнтэй холбогдож ийм зүйл хийхийг шаардсан гэж тайлбарласан байдаг.
Гэмт хэргүүдийн талаар цаг алдалгүй мэдээллэдэг ч иймэрхүү явдлыг (сэтгэцийн өвчтөн хэмээн оношлогдсон үед) нийтэд зарлах шаардлагагүй юм. Хэдийгээр ялгаварлан гадуурхаж байгаа мэт санагдаж болох ч сэтгэцийн асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой.
Дэлхийд хамгийн томд тооцогдох сэтгэл судлаачдын байгууллага 2013, 2014 онд DSM-V буюу сэтгэцийн өвчлөлийн шинэчлэгдсэн гарын авлага, статистик тоо баримтаа дэлгэн үзүүллээ. Уг гарын авлага нь 5-10 жилийн давтамжтайгаар шинэчлэгдэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа сэтгэл судлаачдад хамгийн чухал материал болон очдог байна.
Үүнээс гадна сэтгэцийн өвчний нэг болох сэтгэл гутралаар өөд болох нь нас баралтын хоёр дахь том шалтгаан болж байна. ДЭМБ-ийн тайланд энэ байдлаараа сэтгэцийн өвчин нь 2020 он гэхэд зүрх, судасны өвчний дараа орох үзүүлэлт болно гэжээ.
Сүүлийн 60 жилийн хугацаанд сэтгэцийн өвчний төрөл дөрөв дахин нэмэгдсэн. Энэ талаар дэлхий нийтэд анх зааж байсан үеэ бодвол орчин үед яг ийм өвчтэй байна гэх онош зөрөх магадлал их болсон юм.
Учир нь ханиад, томуу зэрэг вирусээс үүсгэгддэг биеийн өвчний дэргэд гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй маш “хийсвэр” ойлголт мөртөө өвчний ангилал, төрөл хэлбэр нь хэтэрхий олон болсон.
Нөгөөтэйгүүр сэтгэцийн өвчнийг соёлын хэм хэмжээ, нийгмийн зан үйлийн эсрэг биеэ авч явах, бодох, сэтгэх гэдгээр гол шалгуур болгон оношилдог. Үүний нэг жишээ нь Хятад улс юм. Тэд дэлхийн аль ч оронд байдаггүй сэтгэцийн өвчний ангилалтай.
Соёл бүр тухайн зүйлийг нийтээр хүлээн зөвшөөрч байгаа эсэхээс шалтгаалж өвчнийг тодорхойлдог. Америк руу туршлага солилцохоор явсан африкийн бөө залууг даруй сэтгэцийн асуудалтай хэмээн оношилсон жишээ байдаг.
Тиймээс Монголд элдэв ид шидний хойноос хөөцөлддөг хүмүүсийг соёлын нөлөөгөөр асуудалтай гэж үзэхээ байсан. Эмч нар нь ч “ид шид” үзүүлдэг хүмүүстэй ойртохоос эмээдэг.
Өвчний дотроос ёс суртахууныг үгүй хийдэг “солиорлын” төрөл нь нийгэмд хамгийн аюултай юм. Ийм хэлбэрийн өвчтэй хүмүүсийг хэчнээн зүхээд ч нэмэргүй байдаг. Учир нь түүнд хий үзэгдэл, дуу чимээ мэдрэгдэж хэн нэгэн түүнийг удирдаж буй мэт мэдрэмж үүссэнээр магад бусдыг хорлож мэднэ.
Ийм хүмүүсийг яах ёстой вэ? Нэгэн жишээ дурьдахад манай улсад хүчирхийллийн эсрэг 8000 гаруй ТББ бүртгэгдсэн байдаг гэжээ. Эдгээр байгууллагуудын ихэнхи нь ажилладаггүй ч бас цөөнгүй хэсэг нь олон нийтийн дуу хоолой болсоор байна. Гэр бүлийн төлөөх байгууллагууд ч цөөнгүй байдаг бөгөөд манай улсын гэр бүл салалтын прогноз яг л долларын өсөлт шиг жил бүр нэмэгдсээр. 1990 оноос хойш гэр бүл салалтын хувь багасах байтугай огт тогтворжоогүй.
Эдгээр жишээ баримтаас харахад өнөөгийн жагсаал цуглаан, клуб, байгууллагууд нийгмийн уур амьсгалыг тухайн үед нь дэвэргээд л өнгөрдөг болохоос биш тодорхой үр дүнд хүрэлгүй ирсэн байна.
Саяхан тохиолдсон хүүхдийн хүчирхийлэлтэй төстэй гэмт хэргүүд өмнө нь гарч л байсан. Тухай бүрт нь ТББ-ууд жагсаж төрийн байгууллагуудыг “лобби”-дох ажлаа хийсээр ирсэн. Гэхдээ ямар ч үр дүнд хүрдэггүйг дараа жилийн, эсвэл удахгүй тохиох өөр нэгэн хүчирхийлэл, сэрдхийлгэсэн гэмт хэргээс харагдах буй заа.
Нийгмийн эрүүл мэндийг эс тооцвол хүний эрүүл мэндийг биеийн, сэтгэцийн гэж хоёр хуваадаг. Хоёул нэг зүйлийн хоёр тал гэсэн үг.
Одоо эд өрнөж байгаа жагсаал, хүмүүсийн бухимдлаар бол аймшигт гэмт хэрэг хийдэг “садист” хүмүүсийг жигшээд, түүний эсрэг хууль чангатгах, цаазын ялыг дахин сэргээх нь оновчтой мэт санагдаж байгаа. Гэвч гэмт хэрэг үйлдэгчид хүнлэг чанаргүйдээ биш сэтгэц нь эрүүл биш учраас ийм харгислал үйлдээд байгаа гэдгийг ойлгох нь чухал.
Учир нь дээр дурьдсанаар сэтгэцийн өвчтэй хүмүүс өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаггүй, хэнд юу хийх нь хамаагүй мэт санадаг. Ийм хүмүүсийг шоронд хорих биш эмнэлэгт эмчлэх ёстой.
Мөн 10,000 хүн амд ногдох сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 77.43 байсан бол 2010 онд 112.9 болж нэмэгджээ. Одоо манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтанд эмчлүүлж, хөдөлмөрийн чадвар алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж байна.
Албан бус тоо баримтаар бол Монгол улсад нийт хүн амын хоёр хувь буюу 50 мянга орчим нь сэтгэцийн асуудалтай байх магадлалтай төдийгүй таван хүн тутмын нэг нь стресстэй байдаг аж. Сүүлийн 25 жилд манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын судалгаа хийгдээгүй бөгөөд эрүүл мэндийн статистик мэдээгээр сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77 хувь байсан бол 2007 онд 112 хувь болж нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Манай улс сэтгэцийн эрүүл мэндийн талаар хууль, дүрмээ 2003, 2013 онд шинэчилсэн ч сэтгэл судлаачдын оролцоог үгүйсгэсэн хэвээр байгаа юм. Төрөөс шашны байгууллагуудын урсгал зардалд хэдэн тэрбумаар нь цацдаг ч иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах дорвитой ажил хийсэнгүй.
Мөн хэдэн мянган ТББ-ууд нийгмийн уур амьсгалыг эвдэж, “шоу” хийхийн оронд хүүхдийг багаас нь вакцин хийлгэдгийн адил эцэг, эхчүүдэд яавал хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах вэ, хүмүүсийн ойлголтыг хэрхэн сайжруулах вэ гэдэг талаас нь ухуулга сурталчилгаа хийж, нийгэмд зөв мессеж тараах нь чухал болоод байгаатай санал нэгдэх биз ээ.
Сэтгэл судлаач Л.Энхтүшиг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!