Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид “Монгол хэлний их тайлбар толь”-ийн эхний хувилбарыг өнөөдөр танилцууллаа.
Тус тольд 60 мянга гаруй толгой үг, 80 мянган хоршоо, холбоо үг, хэлцийг багтаасан бөгөөд онлайн хэлбэрээр гаргаж байгаагаараа онцлог юм. Төслийн удирдагч, академич Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.
-“Монгол хэлний их тайлбар толь”-ийг онлайн хэлбэрээр гаргахын ач холбогдол юу вэ?
-Дэлхий даяаршиж байгаа энэ цаг үед монгол хэлээ авч үлдэх, хойч үедээ өвлүүлэх хариуцлагыг хүлээж байгаа бид онлайн толь бичиг хийх Ерөнхийлөгчийн санаачилсан ажлыг эхлүүллээ. Энэ ажилд эх хэлээ гэсэн хүн бүхэн оролцож, соёлоо бүтээхэд хамтран ажиллах боломжтой. Хүн бүхэн өөрсдийнхөө мэддэг үг, хэллэгийг нэмэн дэлгэрүүлж, толь зохиох ажилд оролцох боломжтой юм. Дэлхийн хаанаас ч орж, хүссэн үгийнхээ утгын тайлбар болоод мэдээллийг авахаас гадна монгол хэлнийхээ үгийн сантай танилцах, суралцах боломжийг нээж өгч байгаа юм.
Энэ толь монгол хэлээ шинжлэх ухааны үндэслэлтэй, олон түмэнд хүргэх зорилготой. Цаашдаа бид “Монголын уран зохиолын дээж 108 боть”-ийн үг хэллэг, мөн өдөр тутмын сонин, улс төр, шинжлэх ухааны үг хэллэгийг аль болох дэлгэрэнгүй оруулах төлөвлөгөөтэй байна. Мөн нутгийн аялгууны үг, тодорхой салбар шинжлэх ухааны үг хэллэгийг багтаана. “Монгол хэлний их тайлбар толь”-д www.mongoltoli.mn, www.монголтоль.мон гэсэн хаягаар орох боломжтой.
-Сүүлийн үед монгол хэлний олон дүрэм гарч, алийг нь мөрдөхөө мэдэхээ байгаад байна. Энэ тольд аль зөв бичих дүрмийг ашиглах вэ?
-Бид одоогоор кирил бичгийн дүрмийг баримталж байгаа учраас тольдоо ашиглана. Ц.Дамдинсүрэн гуайн үсгийн дүрмийг баримтална. Энэ оны арванхоёрдугаар сарын 17-н гэхэд бүх толгой үгийн аудио дуудлагыг оруулна. Хэрвээ цаашдаа төсөл үргэлжилбэл нутгийн аялгууны үгийн дуудлагыг ч оруулах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!