Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Занданшуулсан шарил “Өвгөн Гэсэр лам”-ын шавь цорж Санжжавынх байх магадлалтай

Ж.Нарангэрэл
2015 оны 2 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг

Нийслэлээс олдсон занданшуулсан шарилын талаарх мэдээлэл тун хомс байна. Хэдийгээр эхний байдлаар худалдан борлуулах зорилгоор нийслэлд авч ирсэн хэмээж байгаа ч энэ талаар албаныхан огт мэдээлэл өгөөгүй.

Энд нэг зүйлийг дурьдахад одоогоор судалгаа, шинжилгээний эцсийн дүн гараагүй учраас занданшуулсан шарил, археологийн олдвор, булш, онгон гэх мэт маш олон янзаар нэрлээд байгаа билээ.

Харин албаны хүний хэлж буйгаар онгон гэх нь зүйтэй байх хэмээсэн юм. Энэхүү онгоныг Цэвээн-Арашийн Чүлтэмжамц /ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан/ эсвэл түүний баруун гарын шавь цорж Санжжавынх гэж таамаглаж байсан. 

Тэгвэл уржигдар Цахир сум руу шуурхайлан хөдөлсөн Архангай аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн Очирхайрхан ууланд орших онгодыг шалгаж үзжээ. Харамсалтай нь тэнд байсан багш, шавь хоёрын онгоны нэг нь буюу цорж Санжжавынх байхгүй болсон тухай таагүй мэдээг албаныханд дуулгасан байна.

Албаныхан энэхүү мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд энэхүү онгоныг судлахаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдахаар товложээ. Тэгэхээр ажлын хэсгийнхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирсэн нь тодорхой болж байгаа юм. 

Юутай ч энэхүү онгоны талаар зөвхөн Монголчууд ч биш гадаадын улс гүрнүүдээс ч анхаарал хандуулсаар байгаа билээ. Тэр ч байтугай “шинэ мэдээлэл гарвал бидэнтэй хуваалцаарай” хэмээн хүссэн нь ч бий. 

 Монголчууд ч биш гадаадын улс гүрнүүдээс ч анхаарал хандуулсаар байгаа.

Одоогийн байдлаар “Өвгөн Гэсэр лам”-ын баруун гарын шавь гэгдэх цорж Санжжавынх нь талаарх мэдээлэл тун хомс байгаа юм. Харин өдгөө Архангай аймгийн Цахир суманд аж төрж буй “Өвгөн Гэсэр лам”-ын садангийн хүн гэх Гэсэр овгийн С.Батчулуун өөр нэгэн хэвлэлд “Өвгөн Гэсэр лам 200-аад жилийн өмнө амьдарч байсан том хувилгаан. 

Бясалгагч, хутагт хүн байсан гэж ярьсан шүү дээ. Хөх нуурын дунд эрэгт амьдарч байсан юм билээ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай гэж гэрээслэсэн гэдэг юм билээ. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулсан гэдэг.

Тэр үеийн аргаар занданшуулсан юм билээ. Өндөр номтой, хутагт хувилгаад очир завилгаагаар сууж, амьсгалаа түгжиж бясалгаж байгаад жанч халдаг байж. Яг тэр байдлаар нь модон хайрцаг хийж, гадуур нь чулуугаар дуган босгосон юм билээ. Гаднаас нь харах аргагүй. Дэргэд нь баруун гарынх нь шавь цорж Санжжав гэдэг ламыг бас тийм байдлаар нутаглуулсан.

Хоёуланг нь занданшуулж, суугаа байдлаар модон хайрцагт хийж, гадуур нь чулуугаар дуган зассан юм билээ. Гэсэр ламын дуган барагтай бол онгойхооргүй харагддаг. Дэргэдэх шавийнх нь харин онгойсон байж магадгүй. 2000-аад оны эхээр намайг очиход цорж Санжжав ламын шарилын гаднах чулуу нурж, мод нь онгойчихсон байсан.

Шарилын мөр, толгой хэсэг нь ил гарчихсан байсан. Толгойн үс нь дөнгөж ургах төдий, сахал нь ч адил. Суугаа байдлаар жанч халсан байсан. Мөрний хэсэгт нь шувуу тоншсон болов уу гэмээр гэмтчихсэн байсан. Тэгээд мод, чулууг нь сэргээж янзалсан.” гэж саяхан ярьсан. 

Түүнчлэн хуучны сүм хийдүүдийн түүхэнд бичсэнээр Байцын дуган гэж бий. Мөн Архангай аймгийн Цахир сумын төвөөс баруун хойш 75 км газар Тэрхийн голын хойд эрэгт Байцын Дөрөлж хэмээх намхан толгойн цаана Чулуут голын хойд эрэгт байдаг. Уг дуганы тууриас хойд зүгт хоёр км газарт Халзан Бүргэдэй буюу Очирхайрхан хэмээх уул бий. Энэ уулын бэлд Энэтхэгийн Сэра хийдийн хамба лам асан Сэнгээ Ринбүчи, түүний урдхан талаас Ялгасан гэгээн мэндэлж, туурийн зүүн талаас “Өвгөн гэсэр лам” хэмээх Чүлтэмжамц төржээ гэж тэмдэглэсэн байдаг. 

 

Зураг