ОХУ-ын эрчим хүчний яам Украины агаарын цохилтын улмаас бензин шатахуун хомсдох болсныг анх удаа хүлээн зөвшөөрөв
Газрын тосны үйлдвэрүүдийг чиглэсэн Украины нисгэгчгүй онгоцны цохилт Крымийн хойг болон Оросын өмнөд бүс нутгуудад үүссэн бензин шатахууны хомсдолын гол шалтгаан болохыг ОХУ-ын эрчим хүчний яам анх удаа хүлээн зөвшөөрчээ.
Даваа гарагийн орой вэб сайтдаа нийтэлсэн мэдэгдэлд тус яам “Сүүлийн үед манай эрчим хүчний салбарын аж ахуйн нэгжүүд дайсны агаарын довтолгоонд өртөх болсон нь өмнөд хязгаарын хэд хэдэн бүс нутгийн бензин түлшний хангамжид түр зуурын бэрхшээл учруулаад байна” хэмээн өгүүлсэн байна.
Үүнтэй холбогдуулан “улсын эрчим хүчний салбарын тогтвортой, үр ашигтай ажиллагааг хангах ажлын хэсэг байгуулагдсан” тухай бас мэдээлжээ.
Украин улс энэ хавар Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон хангамжийн дэд бүтцүүдийн эсрэг агаарын довтолгоогоо эрчимжүүлсэн нь Ойрх Дорнодын дайны улмаас үүссэн дэлхийн эрчим хүчний хомсдолоос ашиг хүртэх Кремлийн боломжийг хаах зорилготой байв.
Үүнээс гадна эзлэгдсэн Крымийн хойгийг Оросын өмнөд бүсийн Ростов мужтай холбодог Р-280 Новороссия хурдны замаар зорчих бензин түлш тээвэрлэгч автомашинууд Украины галын цохилтын бүсэд ороод байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна.
Крымийн нэрээ нууцалсан эх сурвалжуудын мэдээлснээр байдал цаашид улам дордохоос болгоомжилсон иргэд хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр нөөцөлж эхэлжээ.
Тус хойгийн хамгийн том хот Севастопольд бензинийг зөвхөн төрийн өмчийн мессенжэр аппликэйшн Max-аар тараасан QR кодоор өгч байгаа гэнэ. Түлшний хязгаарлалтын улмаас Севастополийн гудамжаар зорчих автомашины тоо эрс цөөрсөн ч нийтийн тээврийн хэрэгсэл хэвийн ажиллаж байгааг гэрчүүд мэдээлжээ.
Орос даяар бензиний дундаж үнэ оны эхнээс 4.8 хувиар өссөн бөгөөд зургаадугаар сарын нэгний байдлаар литр тутмын дундаж үнэ 67.83 рубль хүрсэн байна.
Росстат холбооны статистикийн газрын хамгийн сүүлд гаргасан долоо хоног тутмын мэдээллээр Оросын нийт 73 бүс нутагт бензиний үнэ өссөнөөс Тува 3.2 хувийн өсөлтөөр тэргүүлжээ.
Дизель түлшний улсын дундаж үнэ долоо хоногийн дотор 0.8 хувиар өсөж, литр тутам нь 79.46 рубль хүрсэн байна.
Оросын засгийн газар дотоодын үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор бензиний экспортыг долдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглоод байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
