Нисдэг тэргийг нь унагасны хариуд АНУ-ын зэвсэгт хүчин Иранд агаараас довтолж эхэллээ
Мягмар гарагт Ормузын хоолой дээгүүр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын армийн нисдэг тэргийг Ираны тал буудан унагасныг Пентагон мэдээлжээ.
Ерөнхийлөгч Трамп хариу арга хэмжээ авахаа амласнаас хойш хэдхэн цагийн дараа АНУ-ын зэвсэгт хүчин Ираны нутаг дэвсгэрт агаараас довтолж эхэлсэн байна.
“Өнгөрсөн шөнө Ираны тал Ормузын хоолой дээгүүр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан манай өндөр хүчин чадалтай Apache нисдэг тэрэгнүүдийн нэгийг буудаж унагасныг цэргийнхэн надад мэдэгдлээ. Тиймээс АНУ энэ халдлагын эсрэг зайлшгүй арга хэмжээ авах ёстой” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн юм.
Үүний дараа АНУ-ын цэргийн төв командлал Улаанбаатарын цагаар өглөөний 5:00 цагаас эхлэн “Ираны түрэмгийллийн эсрэг өөрийгөө хамгаалах цохилт” явуулж эхэлснээ мэдээлжээ.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи болсон үйл явдлыг шууд дурдаагүй ч “Манай нутаг дэвсгэрт ойрхон байгаа гадаадын зэвсэгт хүчин өөрсдийн хүний алдаа, энгийн осол, эсвэл галд өртөх зэрэг шалтгаанаар байнга эрсдэлд орж байна. Эрсдэлийг бууруулах хамгийн сайн шийдэл нь тэд эндээс явах юм. Бид дипломат хэлийг илүүд үздэг ч бусад хэлээр бас ярьдаг” гэж сошиал хуудсандаа бичсэн байна.
Талууд дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гал зогсоох тохиролцоонд хүрсэн нь өнөөдрийг хүртэл хагас дутуу хэрэгжиж байсан билээ.
Apache нисдэг тэрэгний хоёр нисгэгч эсэн мэнд, АНУ-ын тэнгисийн хүчний дроны тусламжтай аврагдсаныг Трамп мэдэгдсэн юм.
Гэхдээ тэр нисдэг тэрэг яг юунаас болж унасан талаар дурдаагүй байна.
“Нисгэгчид хоёр цаг орчмын дотор аврагдсан бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байна. Ослын шалтгааныг шалгаж байна” гэж АНУ-ын цэргийн төв командлал дараа нь мэдээлжээ.
Даваа гарагт ерөнхийлөгч Трамп сэтгүүлчидтэй уулзахдаа Ирантай явуулж буй яриа хэлэлцээ нь “ахицтай байгаа” бөгөөд “бид нэгээс хоёр хоногийн дотор ямар нэг нэгдсэн шийдэлд хүрч чадна гэж бодож байна” гэж мэдэгдсэн юм.
“Цөмийн зэвсгийг ямар ч байдлаар зөвшөөрөхгүй байх, мөн хоолойг шууд нээх маш сайн хэлэлцээ эцсийн шатандаа явж байна. Хоёроос гурав хоногийн дотор гарын үсэг зурсны дараа хоолой шууд нээгдэнэ” гэж Трамп энэ үеэр хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
