Г.Дамдинням: Менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээг бууруулсны дараа "Онтрэ"-г ярина. Засахгүй бол хөдлөхгүй
УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ хуулийн төсөлтэй холбогдуулан “Онтрэ Ресурс” компанийн эзэмшил бүхий Жавхлант, Шивээ толгойн лицензийн асуудал болон Оюутолгой төслийн менежментийн төлбөрийн асуудал яригдлаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Монгол Улсын Засгийн газрын зүгээс менежментийн төлбөр, зээлийн хүүгийн хэмжээг бууруулсны дараа "Онтрэ"-г ярина гэдэг байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулагч тал "Онтрэ"-г хамгийн түрүүнд ярина гэдэг. Манай Засгийн газар өмнөх гэрээн дээр байгаа алдаа дутагдлыг зассаны дараа цаашаа хөдөлнө гэж байгаа. Засахгүй бол хөдлөхгүй. Өмнө нь алдаатай гэрээ хийсэн. Тодорхой хэмжээнд урагшилсан ч хүссэн хэмжээндээ хийж чадаагүй учраас сайжруулж байж цаашаа явна.
Зэсийн АМНАТ-ыг бид оруулж ирэх ёстой. Одоогийн бодлогоор явбал Рио Тинто гэдэг ганцхан хөрөнгө оруулагчаас манай улсын зэсийн салбар хамааралтай байгаа. Дахиад нэг зэсийн том төсөлтэй болчихвол бид ядаж хааж зогсоож байгаад ч хамаагүй шахалт үзүүлж чаддаг болно.
Өнөөдрийн байдлаар зэсээс 1.8 их наяд төгрөгийн АМНАТ орж ирж байна. Үүний 900 тэрбум төгрөгийг Оюутолгой өгдөг. Төсвийн орлого тасрах нөхцөл байдалд орчихсон учраас хүчтэй шахалт үзүүлж чадахгүй байна.
Ашигт малтмалын салбарын түүхий эд болгон дээр тусгайлсан бодлого хийж байж удирдаж явдаг. Тиймээс би өөрийнхөө оруулж ирж буй бодлого дээр итгэл төгс байна, буруудахгүй байх.
Ерөнхий сайдын 68 дугаар захирамж гарч, намайг Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг 50 хувь хүртэл буулгаад ир гэдэг даалгавар өгсөн. Би өөрийнхөө хариуцсан төлбөрийг бууруулсан. Ингэснээр 2.2 тэрбум ам.долларыг Монгол Улсад авч үлдсэн. Хүмүүс зургаан хувийн менежментийн төлбөртэй гэж хараад байдаг. Нэмэлт хоёр төлбөр байдгийг хэн ч ярихгүй байгаа. Рио Тинтогийн менежментийн төлбөр, зээлийн хүүгийн шимтгэл гэсэн нэмэлт төлбөр байдаг. Энэ нь нийлээд 9 хувь давчихдаг, зарим үед 10 хувь давчихдаг. Үүнийг бид бууруулсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



