Хувийн хэвшлийн төлөөллүүд тээврийн хэрэгслийн татварыг бууруулах саналыг хотын даргад хэлжээ
Улаанбаатар хотод Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь төвлөрч, нийслэл ДНБ-ий 70 хувийг дангаар бүрдүүлдэг байна. Хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл өнөөдөр хотын даргатай уулзаж, тулгамдаж буй асуудлаа хэлж, санал солилцжээ. Хотын даргын зүгээс төлөөллүүдийн санал хүсэлтийг бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар болсон байна.
Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зүгээс татварын тал дээр дэмжлэг үзүүлэх, мега төслүүдийг эрэмбэлэх, төслийн менежментийг сайжруулах, газар чөлөөлөлтийг системтэй зохион байгуулах, тээврийн хэрэгслийн татварыг бууруулах, барилгын норм, стандартыг мөрдөж, хот төлөвлөлтийг анхаарах зэрэг асуудлуудыг хөндөж, саналаа хэлжээ.
Тухайлбал аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжит шийдлүүдийн талаар Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ “Авто замын түгжрэл, эвдрэл, дугаарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж, аж ахуйн нэгжийн тээврийн зардал өсдөг.
Хоол хүнсээр үйлчилж буй газруудын ариутгал, стандартыг сайжруулж, дулааны аргаар ариутгах системтэй болох шаардлагатай байна.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг хаанаас шийдэх нь тодорхойгүй, нийслэл, дүүргээс хувийн хэвшлийн авдаг үйлчилгээнүүд хүнд сурталтай, нийслэлээс хэрэгжүүлэх төслүүдийн мэдээллийг ил тод болгох зэрэг асуудлыг хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид түгээмэл хэлдэг” гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

