Г.Хонгор: Засгийн газар зөвлөмж хэлбэрээр санхүүгийн луйвар хийж байна
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, Хөгжлийн сайдын 2026 оны тавдугаар сарын Б/13 тоот тушаалаар Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн гишүүн Г.Хонгорыг чөлөөлсөн юм.
Тэгвэл Г.Хонгор Монгол Улсын Хөгжлийн Банктай холбоотой асуудлын талаар өнөөдөр Үндэсний Мэдээллийн Төвд сэтгүүлчдэд хандсан байна.
Тэрбээр "Миний бие 2023 оны есдүгээр сарын 1-нээс Хөгжлийн банкны ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн. Энэ байгууллага сүүлийн 15 жилийн хугацаанд санхүү, эдийн засгийн хувьд үнэхээр доройтсон.
Банк бол үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад гадаад болон дотоод зээлийн эх үүсвэр туйлын ач холбогдолтой байдаг.
Энэ банк бол Монгол Улсын эдийн засаг, бүтээн байгуулалт, гадаадын хөрөнгө оруулалтыг уриалан дуудахад нэн чухал үүрэгтэй, онцгой статустай, өөрийн гэсэн хуультай газар.
Өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор Сангийн яам, сангийн сайдтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байна. Мөн тогтоолд дурдсанаар бол гадаадын өндөр өртөгтэй зээлийн хөрөнгийг "Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес" гэсэн хувийн хөрөнгө оруулалттай сан бүхий нэг эцсийн өмчлөгчтэй компанитай гэрээ байгуулахыг Засгийн газраас зөвлөсөн байна.
Ямар компанид 168 сая ам доллар буюу 605 орчим тэрбум төгрөгийг байршуулах гэж байгаагаа урьдчилж зарласан юм.
Хамгийн ноцтой нь Засгийн газрын тогтоол гарсан өдөр "Бүсийн ногоон хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнес" гэдэг нэртэй компани улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Уг нь энэ мөнгийг манай улсад нэн шаардлагатай байгаа дэд бүтцэд яаралтай хэлбэрээр хөрөнгө оруулах ёстой байтал ганц гишүүнтэй хувийн компанид давуу эрх олгож байна.
Дээрх компани нь Засгийн газрын тогтоол гарснаас найм хоногийн дараа улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг.
Энэ компанийн эцсийн өмчлөгч нь Лхагвасүрэнгийн Тэмүүжин гэж хүн бий. Л.Тэмүүжин нь Хөгжлийн банкны охин компани болох "Ассет Менежмент" компанийн гүйцэтгэх захирал. Энэ бол санхүүгийн луйвар, хулгай гэдэг нь ойлгомжтой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

