Тав дахь удаагаа сонгогдсон Сөүлийн захирагч тус хотыг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгохоо амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 3-ны өдөр Өмнөд Солонгост болсон орон нутгийн сонгуулиар Сөүл хотын одоогийн захирагч О Се Хун дахин сонгогдсон юм.

Тэрбээр эрх баригч Ардчилсан Намын нэр дэвшигч Чон Вон Ог ялснаар дараалан гурав дахь удаагаа, дундаа завсартай тав дахь удаагаа Сөүл хотын захирагчаар сонгогджээ.

Өчигдөр О Се Хун ялалтын дараа Ёнхап агентлагт өгсөн ярилцлагадаа Сөүлийг “дэлхийн шилдэг гурван хот”-ын нэг болгохоо амласан байна.

“Дэлхийн шилдэг гурван хотын нэг болох гэдэг нь зөвхөн жагсаалтын байраа ахиулах төдийгүй амьдралын чанарыг сайжруулах зорилт юм. Би хотын шинэ захиргааны хүчин чармайлтыг халуун дулаан, эрүүл саруул Сөүлийг бий болгоход төвлөрүүлнэ” гэж тэр хэлжээ.

Японд төвтэй Mori Memorial Foundation сангаас гаргасан “Global Power City Index 2025” тайланд Сөүл хот дэлхийн томоохон 48 хотоос зургаадугаарт жагсаж байгаа. Уг жагсаалтыг Лондон тэргүүлж, Токио, Нью-Йорк, Парис, Сингапур удаалсан байна.

Дээрх тайланд эдийн засаг, судалгаа хөгжүүлэлт, соёлын харилцан үйлчлэл, амьдрахад тохиромжтой байдал, хүрээлэн буй орчин, хүртээмж гэсэн зургаан үндсэн үзүүлэлтээр дэлхийн хотуудыг үнэлдэг.

Сөүл хотыг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгох нь ирэх дөрвөн жилийн зорилт бөгөөд үүнийг хэрэгжүүлэх тусгай хороог байгуулахаар төлөвлөж байгаагаа О Се Хун ярьжээ.

“Хэрвээ бид хотынхоо сайн хийж чадах, сайн зохицуулж чадах зүйлс дээр тасралтгүй ажиллаж чадвал Сөүл нь Лондон, Нью-Йорк, Токио, Парис, Сингапуртай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг гурван хотын нэг болж чадна” гэж тэр хэлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News