Ойрын үед өрнөж буй шинжлэх ухааны байгууллагын бүтцийг өөрчлөх тухай нийгмийн хэлэлцүүлгийн явцад эрдэмтэд юу хийдэг юм бэ? гэсэн тэдний үнэлэмжийн асуудлыг дэвшүүлж байгаа нь үүнийг тэрлэхэд хүргэв.
Шинжлэх ухаан бол нийгэм, соёлын үзэгдэл, нийгмийн институт юм. Шинжлэх ухааны салбартай ажил амьдралаа холбох хувь тавилан маш цөөхөн хүнд оногдож, бусад нь тэдний хийсэн ажлын үр ашгийг хүртэж амьдардаг. Шинжлэх ухааныг шимтэн сонирхож эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүсээс ч судалгаа шинжилгээний ажлаа тууштай үргэлжлүүлдэг нь цөөн. Дэлхийн нэртэй эрдэмтэд өөрийн намтартаа “Би хүүхэд байгаагүй” хэмээн өгүүлсэн нь шинжлэх ухаанд бүх насаа зориулах эр зориг тэдний бага насанд төлөвшдөгийг харуулна.
Ертөнцийн тухай шинжлэх ухааны үзэл нь хувийн хүсэл зоригоос үл хамааран аливааг бодитой харах чадварыг олгодог бөгөөд эрдэмтэд авьяас билиг, сэтгэлгээний бие даасан байдлаараа бусдаас ялгардаг учир хүмүүс шинжлэх ухаан бүх зүйлд үнэн зөв хариулт өгнө гэж итгэдэг. Ийм итгэл найдвар тээгчдийн өмнө эрдэмтэд ёс суртахууны өндөр хариуцлага хүлээж ажилладаг.
Эрдэмтэн хүн судалгааны баримт материал, хэрэглэгдэхүүн цуглуулах, ажиглах, ангилах, задлан шинжлэх, турших зэрэг хар бор ажлаар авьяас билгээ тэтгэн амь зуудаг. Тэд бусдаас түрүүлж шинэ зүйлийг танин мэдэж сэтгэлийн таашаал эдлэх завшаантай хүмүүс.
Эрдэмтдийн академик эрх чөлөө нь хүний хөгжил, хүмүүнлэг үйлсийн төлөө зорилгод нийцүүлэн туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг эрхэлж, бусад судлаачийн үзэл баримтлалыг хүндэтгэх, судалгааны үр дүнг хүн, нийгмийн эсрэг болон хувийн явцуу зорилгод урвуулан ашиглахгүй байх зэрэг хэм хэмжээнд захирагддаг. Хэрэв судалгааны үр дүнг буруу тооцож таамаглал дэвшүүлбэл хүнд байдалд орох эрсдэл хүлээнэ.
Бүх зүйлийг зоосны нүдээр хардаг болсон өнөөгийн нийгэмд богино хугацаанд ашиг тус авчрах салбарт хүмүүс хүчээ сорьж байна. Гэтэл цэл залуухан насандаа эргэлт буцалтгүй эрдмийн ажлыг сонгож байгаа нь огтхон ч чамирхал биш ээ. Судалгааны ажлын хүнд хүчрийг даван туулах тэсвэр хатуужил, эр зориг, уйгагүй хөдөлмөрөөр шинжлэх ухааны өв уламжлагдаж байдаг.
Тухайн салбартаа өөрийн онол, таамаглалыг баталж, хүлээн зөвшөөрүүлж чадсан нэгэн л шинжлэх ухааны зогсолтгүй хөдөлгөөнт эрэл хайгуулын ертөнцөд тэсэж үлддэг. Тэд шинжлэх ухааны ертөнцийн хатуу сахилга бат, зарчмын доор уйгагүй эрэл хайгуулын дүнд эгэл жирийн зүйлийг гайхамшиг болгон хувиргадаг. Эрдэмтдийн олж цуглуулсан баримт материал, олдвор, эд өлгийн зүйл, судалгааны өгүүлэл, тэмдэглэл нь цоо шинэ зүйл нээгээгүй ч тодорхой салбарт шинэлэг таамаглал, тодорхойлолт, санааг илэрхийлж онол, үзэл баримтлалын үндсийг тавихад хувь нэмэр оруулдаг юм. Ийм ажил эдийн засгийн утгаар бодитой үнэлэгдэх нь ховор, агуу бүтээлүүдээрээ шинжлэх ухаанд алдар хүндийг олсон ч эд хөрөнгө олно гэж байхгүй. Тэргүүлэх эрдэмтдийн намтраас шинжлэх ухааны тодорхой салбарын судалгааны онол, практикийн тулгуур болж өвлөгдөх бүтээл хэрхэн төрдгийг бид түвэггүй мэдэж болно.
Судалгааны ажлын хүнд хүчрийг даван туулах тэсвэр хатуужил, эр зориг, уйгагүй хөдөлмөрөөр шинжлэх ухааны өв уламжлагдаж байдаг
Шинжлэх ухааны төрөлжсөн байгууллагын орчинд шинжлэх ухаан, академик дэг сургуулийг өвлүүлж гарын шавь залгамж халаагаа бэлтгэдэг арга барил, зарчим бол маш үнэ цэнэтэй. Шинжлэх ухаан нь тодорхой хувь хүний хил хязгаараас давсан байдаг учраас эрдэмтэд тус тусдаа ажиллах боломжгүй бөгөөд орон зай, цаг хугацааны хязгааргүй сэтгэдэг онцлогтой билээ.
Хэрвээ төр, нийгэм суурь шинжлэх ухаантай байна гэвэл шинжлэх ухаанд өөрийгөө зориулсан эрдэмтдийг дэмжих шаардлагатай. Эрдэмтдийн шинэ нээлт, дүгнэлт, санаа төрөх боломж нөхцөлийг бүрдүүлж байж улс орны хөгжлийн тухай ярина.
Карл Реймунд Поппер «Нээлттэй нийгэм, түүний дайснууд» бүтээлдээ “...Шинжлэх ухаанч бодит чанар бол олон эрдэмтний нөхөрсөг хамтын ажиллагааны үр дүн. Тэдэнд боломж олгохгүй байгаа улс төрийн эрх мэдэл л хор хүргэдэг” гэжээ.
Эрдэмтдэд шинжлэх ухааныг улс төржүүлсэн шийдвэр тулган хүлээлгэдэг жишиг тогтвол цаашид нийгмийн оюун санааны дархлааг сулруулах аюултай, тэр хэрээр хүн төрөлхтний, үндэсний мэдлэгийн сан дундарна.
Шинжлэх ухааны институтийн уламжлал нь өмнөх үеийн эрдэмтдийн хуримтлуулан өвлүүлсэн чиг хандлага, академик соёл, мэдлэг, шинжлэх ухааны нийгэмлэг гэдгийг олон нийтэд ойлгомжтой тодорхой болгоход шинжлэх ухааны хэлний асуудал сөхөгдөнө.
Шинжлэх ухаан бүр өөрийн өвөрмөц хэлтэй. Эрдэмтдийн төрөлх хэл нь өөр өөр боловч тухайн шинжлэх ухааны орчинд нэг хэлээр харилцдаг жамтай. Шинжлэх ухааны мэдлэгийг хялбаршуулан энгийн ойлгомжтой хэллэгээр олон нийтэд хүргэх нь тэдний танин мэдэхүйн эрэлт хэрэгцээг хангаж, оюун ухааны цэнгэл эдлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.
Германы философич Ф.Ницше “Судлаачид бүх болж өнгөрсөн ба үнэлэгдсэн зүйлийг яруу тод, хэлэлцэхэд дөхөмтэй, ойлгомжтой, хялбар болгож, бүх урт зүйлийг, тэр ч байтугай цагийг хураангуйлах ба бүх өнгөрсөн зүйлийг гэтлэх ёстой” хэмээснийг дурдмаар байна. Эрдэмтдийн нийгмийн нэр хүндийг дээшлүүлэхийн тулд шинжлэх ухааны онол, нээлт, түүхийг хэт уянгын хийсвэрлэл, нарийн мэргэжлийн үүднээс биш хэнд ч ойлгомжтой хүргэх нь хамгийн үр нөлөөтэй арга зам болжээ.
Зарим шинжлэх ухааны салбарыг зөвхөн эдийн засгийн ашгийн үүднээс харж, нийгмийн ач холбогдол багатай хэмээн шинжлэх ухаанч соёлгүй, өрөөсгөл үнэлдэг шийдвэр гаргагчид байх юм. Хэрэв философи нийгэмд ямар ашиг тустай юм бэ, философийн судалгаанд төрөөс мөнгө зарцуулах хэрэг байна уу гэж асуувал философичид философийн төлөө ажилладаг, үүнээс өөр ашиг харах хэрэггүй гэж хэлмээр байна.
Философи нь сэтгэлгээний техник, хүн төрөлхтний үзэл санааны түүхийг эргэцүүлдэг өвөрмөц салбар. Философи арга нь аливаа судалгааны үйл явцад шууд бишээр нөлөөлдөг, эндээс эрдэмтэн хүн үнэнд хүрэх дөт зам, шинжлэх ухааны ёс зүйн хандлагыг өөртөө төлөвшүүлдэг ач холбогдолтой. Шинжлэх ухаан нь бодит байдлыг хүртэх, танин мэдэх хамгийн гол арга болохын хувьд эрхэм зүйл. Тиймээс шинжлэх ухааны үр дүнг хэдэн ном, өгүүлэл, илтгэл, биет бүтээгдэхүүн гэсэн тоо биш, тухайн үр дүнд хүрсэн онол, арга зүйгээр үнэлж тодорхойлох нь зүй зохистой. Шинжлэх ухааны ихэнх үр дүн таамаглалын шинжтэй. Дэлхийн олон шилдэг эрдэмтэн өөрийн онолын баталгаа, хэрэгжилтийг үзээгүй, хэвлүүлж ч амжилгүй нарт хорвоог орхисон түүх бий.
Нобелийн шагналт Японы нэрт эрдэмтэн Маскава Тошихидэ нэгэн ярилцлагадаа: ...Максвель цахилгааны соронзон орны онолыг 1864 онд анх гаргасан. Тэр нь 1940 онд л практикт хэрэгжиж эхэлсэн. Шинжлэх ухааны шинэ онол, нээлт гарснаас 100 жилийн дараа амьдралд нэвтрэх хандлага эндээс харагдаж байна. Миний гаргасан нээлтийг хэзээ ач тусаа өгөх вэ гэж хүмүүс асуудаг. Би “хэрэггүй онол” гэж хэлдэг. Гэхдээ дээрх мөчлөгөөс харахад 100 жилийн дараа үүний хэрэг гарах болов уу... гэсэн нь шинжлэх ухааны шинэ нээлт бий болгодог суурь судалгааны онцлогийг хэлсэн хэрэг.
Эрдэмтэд судалгааны обьектоо өөрийн ашиг сонирхлоос үл хамааран тэрхүү обьектийн гүн рүү орж судлах эрмэлзэлдээ хөтлөгдөн сонгодог. Гэхдээ дур зоргоор биш, салбарын эрх зүйн орчинд нийцүүлэн эдийн засаг, улс төр, нийгмийн эрэлт хэрэгцээнд үндэслэн асуудлыг шийдэхэд чиглэсэн зорилго тавьдаг юм.
Шинжлэх ухааны үр дүнг хэдэн ном, өгүүлэл, илтгэл, биет бүтээгдэхүүн гэсэн тоо биш, тухайн үр дүнд хүрсэн онол, арга зүйгээр үнэлж тодорхойлох нь зүйтэй.
Өнөөдөр эрдэмтдийн хамгийн тулгамдсан асуудал судалгааны санхүүжилт. Санхүүжилтийн янз бүрийн эх үүсвэрийг ашиглаж байгаа туршлага байна. Тухайлбал, бизнесийн байгууллагын санхүүжилтээр олон судалгаа хийгдэж эдийн засгийн ашиг авчрах мэдлэг бүтээхэд зориулагддаг. Мөн ивээн тэтгэгчийн хүсэл сонирхлыг татах судалгааны ажил гүйцэтгэх тохиолдол бий. Гэтэл хэрэглээний судалгааг голловол угтаа шинжлэх ухааны рациональ мөн чанарыг тоомсорлохгүйд хүргэнэ эсвэл шинжлэх ухааны ажлыг зөвхөн санхүүжүүлэгчийн хэрэгцээнд тохируулах нь буруу гэсэн шүүмжлэл дагуулж байгаа нь ч үндэстэй юм.
Судалгааны ажлын зардал ба чанар нь шууд хамааралтай. Зарим судалгаанд урт хугацааны хөрөнгө оруулалт, зардал шаарддаг. Энэ асуудалд бодлого, төлөвлөгөөгүй хандсан улс орны хөгжил тэр хэмжээгээр хоцрогдож байна. Шинжлэх ухааны ертөнцөд өөрийгөө бүрэн зориулсан эрдэмтдийн хүчээр л хүн төрөлхтний хөгжил дэвшил урагшилдаг билээ.
ШУА-ийн Бага чуулганы гишүүн М.Золзаяа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!