ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУД эндээс төрдөг
ЕБС-ын хичээл амарсан байгаа хэдий ч Төрөлжсөн сургалттай, биеийн тамир спортын дунд сургуулийн сурагчид сургууль дээрээ бэлтгэлээ хийсээр байна.
Бэлтгэлээ таслахгүй, тэмцээн уралдаанд тогтмол оролцож байх нь тамирчин хүний баримтлах гол зарчим болдог учир тус сургуулийн сурагчид бараг л амардаггүй ажээ.
Тус сургууль 4-12 дугаар ангийн 430 орчим сурагчтай бөгөөд 13 спортын төрлөөр элсэлт авдаг юм байна.
Төрөлжсөн сургалттай, биеийн тамир спортын дунд сургуулийн Нийгмийн ажилтан Л.Бүрэнжаргал “Манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүд маш олон байдаг.
Манай сургуульд элсэн суралцах хүсэлтэй хүүхдүүд маш олон байдаг.
Намар хичээлийн элсэлт авах үеэр элсэлт авч байгаа их, дээд сургууль шиг л хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд бужигнадаг.
Гэхдээ сургуулийн анги танхимын хүрэлцээнээс шалтгаалаад үнэхээр авьяас, чадвартай хүүхдүүдийг мэргэжлийн багш дасгалжуулагч нар сонгон шалгаруулж авдаг” хэмээн ярилаа.
Тус сургуулийн сурагчдын хувьд Спортын төв ордны хоёр гуравдугаар давхрын баруун, зүүн хоёр жигүүрт байрладаг бөгөөд 18 ангид хоёр ээлжээр хичээллэдэг юм байна.
“Манай хүүхдүүд амрах завгүй өдрийг сургууль дээрээ өнгөрүүлдэг” хэмээн багш нар нь хэлж байлаа.
Бэлтгэлийн цагаа нэмэгдүүлэх шаардлагатай хэдий ч тус сургуулийн мэдлийн сурагчдын бэлтгэл хийх зориулалттай заал байхгүй учир шигшээ багуудын бэлтгэлийн завсраар бэлтгэл хийдэг аж.
Төрөлжсөн сургалттай, биеийн тамир спортын дунд сургуулийн захирал Ч.Зоригтбаатар “Улсын хэмжээнд зургаан спортын төрөлжсөн сургалттай сургууль байдаг.
Манай сургуулийн хувьд улсын хэмжээнд жишиг сургууль болох зорилтыг тавиад ажиллаж байна.
Үүнд хамгийн түрүүнд шаардлагатай зүйл бол байр.Тиймээс зориулалтын байртай болох асуудлыг байнга тавьж, шинэ сургууль барих газраа авч, зураг төслийг нь гаргаад байгаа.
Энэ онд БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар баригдах сургууль цэцэрлэгүүдийн жагсаалтад ч оруулсан. Энэ жагсаалт одоогоор эцэслэн батлагдаагүй байгаа ч бидний зүгээс их найдлага тавин хүлээж байна” хэмээн ярилаа.
Тус сургуулийн хүүхдүүд спортын төрөл бүрээр дотоодын, олон улсын гээд жилд дунджаар 10 орчим тэмцээнд оролцдог юм байна.
Сургуулийн зүгээс хүүхдүүдээ аль болох олон тэмцээн уралдаанд оролцуулахыг зорьдог бөгөөд нийт төгсөгчдийн 20 орчим хувь нь мэргэжлийн тамирчин болдог ажээ.
ИРЭЭДҮЙН ОЛИМП, ДЭЛХИЙН АВАРГУУД маань бэлтгэл сургуулилт хийх тоног төхөөрөмж, заал танхимаар хомсхон хэдий ч олон улсын тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлсээр байна.
Зориулалтын хичээлийн байр, заал танхимд бэлтгэл сургуулилтаа илүү олон цагаар хийвэл тамирчин хүүхдүүдийн маань үзүүлэх амжилт дээшилж, тив, дэлхийд эх орныхоо нэрийг гаргах алдартнуудын тоо нэмэгдэх болов уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
