Оросын эрчүүдэд зориулагдсан MENSBY.COM онлайн сэтгүүлд эрчүүдийн Чингис хаанаас суралцах ёстой зарчмуудыг тайлбарлан нийтлэжээ. Түүхэн талаасаа хэр бодитой эсэхийг хэлж мэдэхгүй ч хойд хөршийн шинэ үеийнхэн манай Их Хааныг хэрхэн харж байгаа нь сонирхолтой санагдлаа. Эх сурвалж дээр гэрэл зургуудыг "Монгол" киноноос авч ашигласан байсныг хэвээр хадгалав.
Хэдхэн жилийн өмнө Хятадын эрдэмтэд дэлхий дээр Чингис хааны үр сад олон тоогоор байгаа тухай санал дэвшүүлсэн билээ. Эрдэмтэд Чингис хааны шууд залгамжлагч нарын генийн тархацыг судалжээ. Дэлхийн 200 эр хүн тутмын нэг нь Чингис хааны үр хойч гэсэн үр дүн гарсан байдаг. Тэгэхээр дэлхийн хамгийн агуу байлдан дагуулагчийн цус чиний судсаар гүйж байгаа юм биш биз?
Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, анхны Их Хаан, Тэмүжин Чингис хаан XII-XIII зууныг байлдан дагуулж, захирч, амьдарч байсан. Тэр овог аймгуудыг нэгтгэн, газар нутгийг хурааж, хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн том гүрэн улсыг байгуулсан юм. Түүний нэр дайснуудынх нь зүрхэнд шар ус хуруулж, замд нь хөндөлдсөн бүхнийг арчин зайлуулж байлаа.
Чингис хаанд 26 эхнэр, 2000 татвар эм, тоолж баршгүй олон хүүхэд байсан гэдэг.
Чингис хаан өөрийн амьдарч байсан цаг үеийнхээ баатар байсан. Тэр харгис хэрцгий, өршөөлгүй, арга зальтай нэгэн байсан. Чингис хаан гал ба илдээр бүх хөршүүдээ эзлэн түрэмгийлсэн.
Гэхдээ чи түүний цуцашгүй зан, бусдыг болон өөрийгөө захирах чадвар, шийдэмгий чанарыг нь үгүйсгэж болохгүй.
Түрүүлж цохилт өг, замын дундаас буцаж болохгүй – энэ бол нүүдэлчдийн хууль. Гэвч үүнээс гадна Чингис хааны цаг үеэс суралцах олон зүйл бий.
Эрт цагийн өршөөлгүй, гэхдээ агуу удирдагчаас юуг сурч болох вэ?
Чингис хааны хэлсэн үгсийг санацгаая!
Их хаан Чингис үргэлж төгсгөл хүртэл нь тэмцдэг байсан. Хэрвээ чамд төлөвлөгөө, мөрөөдөл байгаа бол хэрэгжүүлэх хэрэгтэй. Үргэлж айж, хойш суугаад хэрэггүй. Бид бодох, эргэлзэхэд хэтэрхий их цаг зарцуулдаг. Хийх цаг ирэхэд аймшиггүй нүүдэлчид шиг бай. Гал дөлтэйгээр урагш дайран довтол. Хэнээс ч, юунаас ч, хэзээ ч бүү ай.
Амьдрал дээр хэнийг дагах, хэнтэй нөхөрлөх, ажиллах, наргихаа сонгох хэрэгтэй болдог. Энэ үед зөв сонголт хийх хэрэгтэй. Чононуудын дунд байр суурь чинь байгаа бол адгийн шаарнуудын дунд үлдээд хэрэггүй. Үргэлж илүү сайн, хүчтэй, жинхэнэ хүмүүс рүү тэмүүлж бай. Тэд чамайг хүлээн зөвшөөрөхгүй байхаас бүү ай. Чи үнэхээр хүсч байвал тэд чамайг хүлээн зөвшөөрөх болно. Хүчтэй хүмүүстэй чи өөдлөн дэвжих бол муу хүмүүстэй уруудан доошлох болно.
Хүчтэй хүмүүс дэмий зүйлд цаг үрдэггүй. Тэд өдөр тутмын амьдралдаа тэнэглэл, таагүй байдал, хэл аманд хутгалддаггүй. Хэрвээ чамд зорилго, үйл хэрэг байгаа бол жижиг зүйлсд анхаараад хэрэггүй. Сул хүмүүсээс ирэх хов жив, шүүмж, доог тохуу зэрэг таагүй зүйлсийг тоолгүй өнгөрөө. Хэрвээ аахар шаахар юм болгонтой зууралдаад байвал чи зорилгодоо хүрэхгүй. Харин тулалдах цаг болоход харцага шонхор мэт дайчин бай.
100 хувь эр хүн бай. Чи бол тоглоом биш, жаахан хүүхэд биш, харин дайчин. Шийдвэрлэх цаг ирэхэд зорилготой, шантаршгүй бай. Яг Монгол морьтон шиг зорилгодоо хүрэх замд тохиолдох саад бүрийг арчин хая. Тэр зорилго чинь ажил хэргээс эхлээд хайр дурлал хүртэл юу ч байж болно.
Архи, тамхи, мансуурал, залхуурал, компьютерын дон бол өнөөдрийн хамгийн өргөн тархсан хорт зуршлууд. Эдгээр нь бүгд чамайг зорилго, мөрөөдлөөс чинь салгана. Өөртөө зориулж зохиомол саад тотгор босгоод хэрэггүй. Хэр хэмжээг нь тааруулж сур.
Өөрийн үг яриагаа хянаж сур. Өнөө цагт олон хүний ярих нь ихэдсэн байгаа ч чи тэдний нэг болоод хэрэггүй. Жинхэнэ дайчин хүн хэлсэн үг бүртээ хариуцлага хүлээх чадвартай байдаг. Тэр дэмий чалчдаггүй, түүний үг зүгээр нэг авиа биш.
Чингис хаан илд далайж хөрш газар орон, олон хүн ардыг эрхшээлдээ оруулсан. Гэвч шинэ газар үзэх, шинэ хүн ардтай танилцах нь түүний сэтгэлийг татдаг байлаа. Амьдралын нэг сайхан таашаал бол аялал. Аялан явснаар нүд нээгдэж, амьдралыг илүү сайн ойлгоно. Ингэснээр чи юмсыг өөрөөр харахыг суралцана. Шинэ газар, хот, соёл, уламжлал, хүмүүс. Цаг хугацаа нь амжилтаар, үйл явдлаар бас аялалаар хэмжигддэг. Энэ бол чамд эргээд дурсагдах үнэт зүйл юм.
Бид бүгд мөнх бус. Өнөөдрийн чухал, зайлшгүйд тооцогдож байгаа зүйлс маргааш өөрчлөгдөнө. Өөрийгөө болон өөрийн амьдралаа хөндлөнгөөс харж сурах хэрэгтэй. Бид бүгд хувь заяаны гольдрилоор ирээдүйд юу тохиолдохыг үл тааварлан урсаж байдаг. Тэгвэл зогсоод юу хүсч байгаагаа бод. Амьдралын урсгалаас өөрийгөө ол.
Судлаачид Тэмүжин Чингис хааныг мянганы хамгийн агуу хүнээр тодруулсан. Тэр бол шинэчлэгч, маш ухаалаг удирдагч байсан юм. Чингис хаан хэдийгээр эрт үед амьдарч байсан ч түүний нөлөө одоог хүртэл үргэлжилсэн хэвээр байна.
Түрүүлж цохь, замын дундаас буцаж хэзээ ч болохгүй…
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!