Номонд дуртай, номын дэлгүүрээр зочлох дуртай хүн бүрийн ЗААВАЛ очих дэлхийн шилдэг номын дэлгүүрүүдийг танилцуулж байна.
Венецээс эхлээд Мексик хүртэлх гайхамшигт АРВАН НАЙМАН номын дэлгүүрээр зочлогтун.
Libreria Acqua Alta-Итали улс Венец хот
Америк, Италийн сонгодог номнуудыг Венецийн уламжлалт гондола завинаас авахыг хүсвэл та энд ирж болно. Энэ бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт усан сувагт байрлах номын дэлгүүр бөгөөд номноос гадна ил захидал, урлагийн гоёмсог бүтээлүүдийн өргөн сонголт бүхий газар юм.
John K. King Used And Rare Books- АНУ, Мичиган мужийн Детройт хот
Детройтын үйл ажиллагаа нь зогссон бээлийний үйлдвэрийн байранд нэг сая гаруй номтой дэлгүүр байрладаг. Эндээс та хуучин, бас маш ховор номнууд олж чадна.
Boekhandel Selexyz Dominicanen-Голланд улс
Арвангуравдугаар зууны үеийн Доминикан сүмд байрлах баатарлаг туульс, үлгэрийн номоор баялаг дэлгүүр юм. Энэ гоёмсог, нам гүм сүмийн танхим одоо ном худалдан авахад хамгийн тухтай газар болжээ.
BookPeople- АНУ, Техас муж, Остин
Техасийн хамгийн том номын дэлгүүр Остины худалдааны дүүрэгт байрладаг. Номын дэлгүүрийнхэн олон сонголт, мэдлэгийг эрхэмлэсэн бүтээгдэхүүн борлуулдаг гэдгээрээ бахархдаг байна. Эндээс дэлхийн хамгийн сүүлийн үеийн бестселлер номуудыг худалдан авах боломжтой гэнэ.
Strand- Нью-Йорк хот
Strand бол Нью-Йоркын зүүн хэсэгт байрлах номын жижиглэн худалдааны газар юм. Энд байгаа номнууд сонголт болон үнээрээ ялгарах ажээ. Жишээ нь дэлхийд ховор номнуудын хуулбарыг эндээс нэг доллар хүрэхгүй мөнгөөр худалдаж авах боломжтой гэжээ.
Livraria Lello & Irmao-Португали улс, Порто
Livraria Lello & Irmao бол зуу гаруй жилийн настай эртний номын сан бөгөөд архитектурын гайхамшигт шийдэл бүхий барилгатай билээ. Номын дэлгүүрийн дотор талд улаан хивс бүхий шат байрлаж, хана нь диваажингийн мэт гоёмсог чимэглэгдсэн байдаг ажээ.
The Bookworm-Хятад улс, Бээжин хот
Ном зээлж уншиж боломжтой номын сан, өргөн сонголт бүхий номын дэлгүүр гэдгээрээ хамгийн алдартай. Мөн номын дэлгүүртээ Европын тансаг зэрэглэлийн кафе ажиллуулдаг юм байна. Үйлчлүүлэгчид энд англи хэл дээрх олон мянган номыг хямд үнээр худалдан авч, уншиж болохын зэрэгцээ кафегаар нь үйлчлүүлдэг ажээ.
El Ateneo-Аргентин, Буэнос Айрес
1920-иод гоёмсог театрын байранд байрлах номын дэлгүүр юм. Үйлчлүүлэгчид театр дотор суугаад номоо сонгохын зэрэгцээ амарч болох ажээ.
Cafebreria El Pendulo-Мексик улс, Мексик хот
Энэхүү номын дэлгүүр, кафе нь дотроо ногоон хүлэмжтэй гэдгээрээ хамгийн онцлог юм. Кафе, лоунж, номын дэлгүүрийг хослуулсан энэ газраар үйлчлүүлэгчид унших, тухлах, амьд ургамлаар чимэглэсэн орчинд байх зэрэг таатай зүйлсийг нэг дор мэдрэх боломжтой.
Books & Books- АНУ, Флорида
Маямигийн ойролцоох номын дэлгүүрүүдээс хамгийн алдартай нь Books & Books ажээ. 1920-иод оны өвөрмөц шийдэл бүхий барилгатай энэхүү номын дэлгүүр урлагийн чиглэлийн номнууд нь хамгийн өргөн сонголттой байдаг.
Shakespeare and Company, Франц улс, Парис хот
Дэлхийд алдартай Shakespeare and Company номын дэлгүүр нь шилдэг зохиолч, яруу найрагчдын цугладаг газар байсан юм. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны үед түр хааж, 1951 онд эргэн нээгджээ. Эргэн нээгдэхдээ өөрийн өвөрмөц орчин, номны цуглуулгаараа ихэд нэрд гарчээ.
Politics & Prose- АНУ, Вашингтон ДС
Бусад номын дэлгүүрүүдээ бодвол Politics & Prose нь АНУ-ын нийслэлд оршдог бөгөөд үйлчлүүлэгчдээрээ алдартай. Жишээ нь энд хамгийн сүүлд Билл Клинтон, Ж.К.Роулинг нар иржээ.
Bart's Books-Калифорни муж
Bart's Books бол дэлхий дээрх хамгийн том гадаа талбайд байрладаг номын дэлгүүр юм. Өмнөд Калифорнийн үзэсгэлэнт хотхонд байрладаг энэхүү номын дэлгүүрийн гадаа та лемонтой ус уунгаа хүссэн номоо уншиж, алимны модны дор амрах боломжтой гэжээ.
Corso Como-Итали улс, Милан хот
Corso Como нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газарт зүй ёсоор тооцогддог бөгөөд кафе, номын дэлгүүр, урлагийн булан зэрэг Миланыг илэрхийлэх бүхий л зүйлс энд байдаг гэдгээрээ онцлог.
Barter Books-Их Британи
Галт тэрэгний буудалд орших энэ номын дэлгүүрийн эргэн тойронд галт тэрэг явдаг. Бөөрөнхий тааз, гоёмсог гэрэлтүүлэг хосолсон өвөрмөц шийдэл бүхий газар гэдгээрээ худалдан авагчдын сонирхлыг их татдаг юм байна. Мөн номын дэлгүүрийн хажууд байрлах кафе, хоолны газруудаар орж, өвлийн цагт халуун кофе, цайгаар үйлчлүүлж болох юм.
Prairie Lights - АНУ, Айова муж
Айова мужийн их сургуулийн хажууханд байрлах тус номын дэлгүүр утга зохиол сонирхогчдод хамгийн их таалагдах биз ээ. Учир нь энд дэлхийн хамгийн шилдэг зохиолч, яруу найрагчдын номнууд бий.
Boulder Books- АНУ, Колорода
Дэлхийд алдартай зохиолчдын үйлчлүүлдэг номын дэлгүүр гэдгээрээ хамгийн онцлог. Хэдий ч жижиг ч гэсэн энд зочлох, худалдан авалт хийх, ном уншихад хамгийн тааламжтай байдаг гэж онцолсон байна.
Powell's Books-Орегон муж, Портланд
Нэг сая гаруй төрлийн номтой энэхүү дэлгүүрийн үүдээр ороод нэг алхмагц л та ямар ч номыг олж чадах юм байна гэсэн мэдрэмж төрдөг гэдгийг онцолжээ. Тус номын дэлгүүр есөн өөр төрлийн өнгө бүхий өрөөнөөс бүрддэг бөгөөд номнууд нь 3500 гаруй бүлэгт хуваагддаг ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!