Украины дронууд Москвагаас Крымийн хойгт ирсэн галт тэрэгний зүтгүүрийг гэмтээснээс төмөр замын хөдөлгөөн зогсжээ
Даваа гарагт Крымийн хойгийн зарим хэсгийн төмөр замын хөдөлгөөн зогссон нь Украины дроны халдлага Москвагаас Симферополь хотын чиглэлд зорчиж байсан галт тэрэгний зүтгүүрийг гэмтээснээс болжээ.
Зүтгүүр цохилтод өртөх үеэр машинчдын нэг нь амь үрэгдэж, нэг нь шархадсан тухай Москвагаас томилогдсон захирагч Сергей Аксёнов мэдээлсэн байна.
Симферополь бол Крымийн хойгийн хоёр дахь том хот юм.
Галт тэрэг хаана явж байхдаа цохилтод өртсөнийг Аксёнов мэдэгдэлдээ дурдаагүй ч зорчигчдод ямар нэг хохирол учраагүйг баталсан байна.
Эрх баригчид саатсан зорчигчдыг автобусаар зорьсон газарт нь хүргэх ажлыг зохион байгуулж байгааг тэр нэмж мэдээлжээ.
Крымийн төмөр замыг хариуцдаг “Өмнөд бүсийн Хот Хоорондын Зорчигч Тээврийн Компани” сүүлд Симферополийн орох, гарах хэд хэдэн чиглэлийн хөдөлгөөнийг зогсоож буйг зарласан байна.
Ингэснээр Крымийн хойгийг Оросын эх газартай зөвхөн Керчийн гүүрээр дамждаг төмөр зам холбож байгаа аж. Тус төмөр замын зорчигчдыг ч бас автобусаар гүүрний цаад талд хүргэж эхэлснийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

