Албан ажлаар Завхан яваад ирсэн дүү маань нутгийн ардууд хээрийн боохой хэцүүдэж байгаа талаар толгой сэгсэрцгээж байна гэв.
Уг нь орон даяар саяхан орсон цас хөдөө талд цавцайн хунгарлаж, тал хөндийгөөр ангийн шинэхэн мөр хөөсөн нутгийн ардууд, хот суурин газраас хурдан унаа, дуран хараатай буугаар зэвсэглэсэн шинэ цагийн анчид зугаагаа гарган хээрийн боохойтой хөөцөлдөж явах учиртайсан.
Анхны цаснаар ангийн мөр хөөж, малгайн утаа сэргээнэ хэмээн эрт дээрээс уламжлагдан ирсэн зан үйл өнөөдөр утга чанар нь өөрчлөгдөж цуст хядаан болсон нь үнэн ч Завханы чоно заналтай өсч байгаад би л хувьдаа дотроо баярлаад өнгөрсөн. Ингэхэд “Ижил хийморьтойд харагдаж, илүү хийморьтойд нь нухуулдаг” чоно гэгч нь юусан билээ.
Чонын тоо толгой тэнцвэртэй байдлаа алдсанаас зарим араатан амьтанд ч сөрөг нөлөө үзүүлдэг болжээ.
Малчид эрт дээрээс чоно хэмээх араатанг хотондоо ойртуулахгүй гэхдээ хүн дүрстэй мануухайг хашаа саравчныхаа ойр босгож хээрийн боохойн аюулаас мал сүргээ хамгаалан сэрэмжилсээр ирсэн. Буянт малаа “хангайн амьтан”-д өргөхгүй гэсэндээ л ихэд сэрэмжилж, мануухайгаар хамгаалуулдаг уламжлал одоо ч үр дүнтэй хэвээр л байгаа.
Сүүлийн жилүүдэд боохойн тоо толгой ихэсч, үүнийг дагаад хоол тэжээл нь багасснаас малчдын хашаа, хороотой мал руу халдах нь ихэсчээ. Түүгээр ч барахгүй чонын тоо толгой тэнцвэртэй байдлаа алдсанаас зарим араатан амьтанд ч сөрөг нөлөө үзүүлдэг болжээ. Энэ нь тэртэй тэргүй тоо толгой нь ихэд хорогдсон ирвэс ор мөргүй устаж алга болоход ихээхэн нөлөөлж байгаа аж.
Өнгөрсөн хавар Монголын шим мандал экологийн нийгэмлэгээс Говь-Алтай аймгийн 17 сумаар явж, саарал чонын тоо толгойг гаргаад иржээ. 2014 оны гуравдугаар сарыг дуустал хийсэн дээрх судалгаагаар тус аймгийн 4310 мянган га нутагт 1421 толгой чоно байсан байна.
Энэ нь 1970 оноос хойш буюу сүүлийн 40 гаруй жилд байгаагүй их тоо гэсэн үг ажээ. Чонын тоо толгой ийнхүү нэмэгдсэнээр ирвэсний эзэмшил нутаг болон идэш тэжээлийн гол өрсөлдөгч болж, түүний орших уу эс орших уу хэмээх шалгуур нь болоод байгаа аж.
Ер нь, чонын тоо толгой цөөрөхөд ирвэснийх өсдөг нь байгалийн шалгарлын зүй тогтол билээ. Гэтэл энэ нь эсрэгээрээ байгаагаас ирвэс бодитой аюултай тулгараад байна хэмээн тус нийгэмлэгийнхэн анхааруулж байна.
Хоёр гуравхан жилийн өмнө УИХ-ын хоёр ч гишүүн чонын тоо толгойг бууруулах, хэвийн байлгах үүднээс нутгийн иргэдийг дайчлан 243 боохой агнасан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан. Харин ингэж агнасан нь байгальд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй нь одоо тодорхой болжээ.
Монголын шим мандал экологийн нийгэмлэг нь цоохор ирвэсийн биологи, экологи, аж ахуйн холбогдлын талаар судалгаа явуулаад 30 жил болж буй. Энэ хугацаанд ирвэсний эзэмшил нутаг, идэш тэжээлийн гол өрсөлдөгч чоно болохыг тогтоогоод байгаа юм. Тэд чонын тоо толгой хэд байгааг гаргахдаа нэлээд нарийвчлалтай судалгаа явуулжээ.
Учир нь, ойн чоно агнах амьтнаа ээлжлэн хөөж сульдуулах, эсвэл өндөр хад руу нисгэх аргыг өргөн хэрэглэдэг байхад талынх нь өртөөлөн хөөж идэш тэжээлээ барьдаг байна. Нөгөөтэйгүүр ой болон талд байгаа чоно тодорхой эзэмшил нутагт том сүргээр амьдардаг биологийн идэвхит үзүүлэлтийг нь гол болгожээ.
Ихэвчлэн хааш хаашаа 35 километрийн эзэмшил нутагт 4-11 гишүүнтэй нэг сүрэг байх боловч ойд заримдаа 42 чонотой сүрэг тохиолдох нь цөөнгүй болжээ. Энэ бүгдэд тулгуурлаж, мөн малчдын харсан мэдээллийг үндэслэн тоо толгойг нь гаргасан байна.Тус аймагт хийсэн судалгаагаар нэг суманд 70 гаруй сүрэг чоно байна гэдэг нь малчдад ямар аюултай болох нь харагдаж байгаа юм.
Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дотор хамгийн том биетэй нь саарал чоно юм. 300 мянга орчим жилийн өмнө үүсч, мөстлөгийн үеийг давсан гэдэг.
Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дотор хамгийн том биетэй нь саарал чоно юм.
ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн гаралтай болох нь тогтоогджээ.
Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй хэмээдэг ч ерөнхийдөө батлагдаад байгаа юм байна.
Саарал чонын олон дэд зүйл тогтоогдсон боловч яг хэд байгаа нь мөн л маргаантай байдаг. Чонын овгийнхон орчиндоо дасан зохицомтгой биш ч ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр ч байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархсан байдаг.
Евро Ази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хүний түрэлтээс болж устсаар, хуучин эзлэн амьдарч байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт байх болжээ.
Гэхдээ Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй амьтнаар саарал чоно хэмээн тодорхойлсон юм.
Саарал чоно олон бүс нутагт амьдардаг учир биеийн жин, хэмжээ харилцан адилгүй байдаг. Хүйтэн болох тусам биеийн жин нэмэгддэг нь тогтоогдсон билээ.
Бие гүйцсэн чонын сэрвээний өндөр 60-85 см, биеийн урт 105-160, жин нь 32-62 кг байх нь бий. Харин Хойд Америкт зарим чоно 77 кг хүрдэг. Хамгийн том чоно 1939 онд Аляскт агнагдсаны зэрэгцээ жин нь 80 кг байсан байна.
Хамгийн бага жинтэй нь араб чоно. Бие гүйцсэн эм чоно дөнгөж 10 кг хүрдэг аж. Эр чоно нь эмээсээ 20 хувиар том байх бөгөөд толгой нь илүү зантгар байдаг гэнэ. Азарган чонын соёоны урт 108-116, гичий 100-112 мм хүрдэг байна.
Чонын шүд арван мегапаскал даралтыг тэсвэрлэх чадвартай байдаг нь ямар их хүч, чадалтай болохыг нь тодорхойлно. Чонын сүүл байнга буулгасан байдалтай байдгаараа нохойноос ялгаатай.
Сүүлнийхээ хөдөлгөөнөөр эрхэлсэн, уурласан, айж байгаагаа чадварлаг илэрхийлнэ. Харин хамрын арьсаараа айх, эмээх, баярлах, хөөрөх, анхааруулах гэх зэрэг 10 гаруй хөдөлгөөнийг илэрхийлдэг байна. Амьдарч буй орчноосоо шалтгаалж чонын үсний өнгө өөр, өөр байх нь бий.
Ойнх хүрэн саарал, уулынх хар саарал, талынх шаргал саарал байдаг бол тундрынх цагаан саарал, цагаан байдаг. Үүнээс гадна цав цагаан, шав шар, тас хар чоно ч тохиолдоно. Мөн нүдний өнгө нь шар ногоон, хүрэн ногоон, цэнхэр ч бий.
Чоно гинших, архирах, хуцах, улих гэх мэт олон янзын дуу авиа гаргадаг. Энэ бүгд нь тус бүрдээ үүрэгтэй.
Тухайлбал, сүргийн тэргүүн нохойны архиралттай төстэй дуу, авиа гаргахад бусад гишүүн нь тухайн амьтан руу зэрэг дайрдаг.
Чоно харуй бүрий эсвэл үүрээр улина. Гэхдээ өдөр бүр ульдаггүй. Шаардлага гарсан үед л улих нь бий.
Улих нь маш олон янз. Анчин ирсэнийг болон хоол тэжээл болдог амьтдыг хаашаа нүүж байгааг бусаддаа хоромхон зуур мэдээлэхээр ульдаг аж.
Биеийн бүтэц нь гүйх, хөөх, амьтан барихад зохицсон хүчирхэг цээж, уян налархай бие, бахим хөлтэй. Урд хөлийн тавхай хойд хөлөөс том. Хуруунуудыг холбосон багавтар хальсныхаа ачаар цасанд шигдэлгүй хөөж буй амьтнаасаа хурдан харайдаг онцлогтой.
Хурдтай харайх явцад тавхайгаараа бус хөлийн хурууныхаа үзүүрээр газарт хүрдэг тул цагт 65 км хурдлах чадвартай. Иймд судлаачид чоныг “хуруугаараа явагч” гэж нэрлэдэг ажээ.
Амьтан хөөгөөгүй эсвэл зугтаагүй үедээ цагт 10 киломертийн хурдтай явна. Мөн хурууны хооронд байх өвөрмөц булчирхайн шүүрлээр эзэмшил нутгаа тэмдэглэдэг байна.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст чоно тархалтаараа хоёрдугаар байрт буюу зөвхөн хүний дараа орж байсан үе бий. Гэтэл өнөөдөр маш олон газарт устаж алга болжээ.
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст чоно тархалтаараа хоёрдугаар байрт буюу зөвхөн хүний дараа орж байсан.
Үүнээс саарал чонын тархалт Европын Испани, Украин, ОХУ, Беларусь, Португали, Итали, Польш, Скандинавийн улс, Балкан болон Балтийн тэнгис орчмын орнууд, Хойд Америкт Аляскаас Мексикт үлдэж хоцорчээ.
Азид Энэтхэг, Хятад, Гүрж, Киргизстан, Балба, Бутан, Монголд байдаг. Харин Солонгост цөөн тоотой байх нь бий ч Японд байсан зүйл бүрэн устжээ.
Саарал чоно хавар, зун хос хосоороо салж амьдрах тул энэхүү эзэмшил нь жижиг хэсгүүдэд хуваагддаг. Нутгийн хамгийн тохиромжтой газрыг сүргийн тэргүүн хос эзэмшинэ.
Бусад нь зэрэг дэвээрээ жүжиг хэсгийг эзэмшдэг. Харин тал, тундрын чононууд идэш тэжээл болдог амьтдаа даган нүүдэллэдэг байна. Чоно шөнийн идэвхтэй амьтан. Нэг шөнө 60-80 км зам туулах чадвартай.
Хадан агуй, хонгил, шигүү бутан дотор үүрлэнэ. Мөн тарвага, дорго, үнэг гэх мэт амьтнын үүрийг ашиглана. Хэрэгцээ гарвал өөрсдөө нүх ухаж үүрлэнэ. Үүрнээсээ 7-10 км-т зайд ан хийхгүй. Бэлтрэгнүүдээ томронгуут байнга өөр газарт үүрлэх шаардлагагүй болж тэнэж эхэлдэг.
Чонын гол идэш тэжээлийг цаа, марал буга, хандгай, бор гөрөөс, бодон гахай, хүдэр, янгир, аргаль, янз бүрийн тууртан бүрдүүлнэ. Мөн малчдын малд халдахаас гадна нохойг хүртэл барина. Хүнд халдах нь ч цөөнгүй.
Ганцаараа байгаа чоно туулай, тарвага, зурам янз бүрийн хулгана хэлбэрт болон шувуу, өндгөөр ихэвчлэн хооллоно.
Мөн үнэг, хярс төдийгүй өлөн чононууд ичээндээ байгаа баавгай руу ч довтлонх нь бий.
Бас мэлхий болон царцаа, том цохоор ч хооллоно. Ялангуяа халуун дулаан бүсэд амьдардаг чоно мөөг, жимс, ногоогоор хооллодог.
Чоно сүргээр амьдрах боловч хос үүсгэн үржинэ. Сүрэг 3-40 гишүүнтэй. Чонын сүрэг зэрэг дэв буюу иерархийн маш нарийн тогтоцтой байдаг. Сүргийг альфа азарган, альфа гичийгэсэн хос чоно тэргүүлнэ.
Байгаль дээр чоно 15 жил амьдрах чадвартай ч 10-12 наснаасаа хөгшрөлтийн шинж илэрч эхэлдэг.
Дараа нь “бетта” чононууд, эцэст нь хамгийн бага эрхтэй “омега” бүрдүүлнэ. “Омега” нь ихэвчлэн бага залуу чононууд байх боловч бие гүйцсэн ч цөөнгүй.
Ороо нь эхлэнгүүт “альфа” хос бие биеийгээ бусдаас маш хатуу хэрцгийгээр хамгаалдаг бол хөгшин болон залуу гичийнүүдийн төлөө хайр найргүй тэмцэл бусад азарган чонын дунд өрнөдөг. Шинээр үүссэн хос чононууд сүргээс тасарч тус тусдаа зэрэг зиндааны дарааллаар байршина.
Чоно 5-14 хоног эвцэлдэн үр тогтоно. Үр тогтсоноос 62-65 хоногийн дараа 3-13 бэлтрэг төрүүлнэ. Бэлтрэгний тоо эцэг, эхийн нас, хамгийн гол нь идэш тэжээлийн элбэг, ховроос шууд шалтгаална.
Зуны сүүл сараас бэлтрэгнүүд эцэг, эхээ даган анд явах чадвартай болох бөгөөд энэ үеэс сүрэг дахин нэгдэж дараагийн ороо ортол тогтвортой байна.
Хэдийгээр чоно бэлтрэгнүүддээ маш их анхаарал тавьдаг боловч нийт бэлтрэгний 60-80 хувь нь эхний жилдээ үрэгддэг. Бэлтрэгний эр нь гурав, эм нь хоёр жил болоод бие гүйцнэ.
Байгаль дээр чоно 15 жил амьдрах чадвартай ч 10-12 наснаасаа хөгшрөлтийн шинж илэрч эхэлдэг. Чоно идэш тэжээл болдог амьтдынхаа хамгийн сул дорой эсвэл өвчтэйг нь барьж устгах байгалийн “эрүүлжүүлэгч”-ийн үүрэг гүйцэтгэдэг байна.-
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!