УИХ-ын гишүүн С.Оюунаас Засгийн Газрын бүтцийн талаар цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
-ИЗНН шинэ Засгийн Газартай зөвшилцөх асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Хамтран ажиллана гэж яригдаж байгаа боловч нарийн гэрээ хэлэлцээр өчигдрөөс хийгдэж байна. ИЗНН-ын Улс Төрийн Зөвлөл өчигдөр хуралдсан. Бодлогын асуудлуудын дийлэнх дээр нь зарчмын хувьд хамтран ажиллах боломжтой гэдэг саналыг манай намын улс төрийн зөвлөл дэмжсэн. Өчигдөр орой албан ёсоор ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг маань өнөө өглөө АН-ын ажлын хэсэгтэй уулзсан.
2012 сонгуулийн дараа АН, Шударга ёс эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулахдаа гэрээ байгуулсан. Энэ гэрээндээ манай нам тууштай байсан.
-Танай намаас Засгийн Газрын бүрэлдэхүүнд орох уу?
-БОНХ-ын салбарыг хариуцан авч явсан. Ингэхдээ чадлаараа нэр төртэй авч явсан гэж бодож байна. Цаашдаа энэ салбараа авч явъя гэсэн саналаа тавьсан. Одоохондоо бүх зүйл тодорхойгүй байна.
-Та сайдаар үргэлжлүүлэн ажиллах уу?
-Сайдаар ажиллах эсэх нь ганц миний асуудал биш. БОНХ-ын салбараа манайд өгвөл бид нам дээр хуралдаж шийднэ.
Засгийн Газраа АН байгуулах эрхтэй учраас хэдэн яам, сайдтай байхаа шийднэ. Бид өөрсдийн эхэлсэн ажлаа хугацааг нь дуустал авч явах хүсэлтээ тавьсан. АН одоогоор хариу өгөөгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!