Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Баярсайхан: Эрх барьж байгаа нам аль болох олон хүнээ ажилтай болгохыг хичээнэ шүү дээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Засгийн Газрын бүтэц, шинэ сайдуудын талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы байр суурийг сонирхлоо.

-Засгийн Газрын бүтцийн асуудалд АН ямар байр суурьтай байгаа вэ? 

-АН-ын хувьд хийх ажил их байна. Засаг төрөө төвхнүүлэх хэрэгтэй байгаа. Миний хувьд МАН-ын байр суурийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл төр засаг цомхон ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар 16 яамны тоо яригдаж байна. Энэ бол хамгийн боломжит хувилбар. Эв нэгдлийн Засгийн газарт олон намын оролцоо байгаа. Улстөрийн намууд бялуунаас хэн нь томыг хүртэх вэ, хэн нь олон хүнээ ажилтай болгох уу гэдэг нь чухал биш.  Хийх ажлаа тэргүүн эгнээнд тавьж ажиллах хэрэгтэй байна. 

-Хүндээ тааруулж яамаа хувиарлана гэсэн хувилбар яригдаж байна. Тэгэх боломжтой юу?

-Монгол төрийг хүнд тохируулж бий болгоно гэдэг асуудал байж болохгүй. Хамгийн түрүүнд цомхон бүтэцтэй байх тухай улстөрийн намууд ярилцаж тохирох хэрэгтэй.

Шонхор фракцын хувьд С.Эрдэнэ сайдыг цаашид ажлаа үргэлжлүүлээд явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. 

АН олонхи учир эдийн засгийн хямралтай энэ үеийн ачааг үүрэх ёстой. Сангийн яам зэрэг чухал ач холбогдолтой яамдууд манай намд байх ёстой гэж би хувьдаа үзэж байгаа. 

Харин Засгийн Газрын гишүүдийг гадна, дотроос томилох асуудлыг чухал биш гэж бодож байна. Ажил хийж чадах л хүн хэрэгтэй.  

-Шонхор фракцын зүгээс сайдуудад ямар хүмүүс яригдаж байгаа бол? 

-Шонхор фракц дээр “За чи сайд болно шүү. Би энэ удаад болилоо” гэдэг ч юм уу, тиймэрхүү яриа болоогүй. Жишээ нь, С.Эрдэнэ сайд нийгмийн чиглэлд ард түмэн рүү хандсан чухал хуулиудыг санаачилсан. Хамтын тэтгэвэрийн тухай хууль гэх мэт. Эдгээр хуулийн хүлээлт их байгаа. Тиймээс санаачилсан хүн нь цаашид үргэлжлүүлээд явах нь зөв зүйтэй. Шонхор фракцын хувьд С.Эрдэнэ сайдыг цаашид ажлаа үргэлжлүүлээд явах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. 

-Та сайдад нэр дэвшиж байгаа юу? 

-Миний хувьд УИХ-ын гишүүнийхээ ажлыг хийгээд явна гэсэн бодолтой байгаа. Эрх барьж байгаа нам олон хүнээ ажилтай болгох, аль болох олон хүнийг сайд болгохыг хичээнэ шүү дээ. Хэдийгээр нам 19 сайдтай байна гэсэн байр суурьтай байгаа ч миний хувьд заавал олон байх шаардлагагүй, есөн яамтай байсан ч болно гэж үзэж байна. 

-Сайдын албан тушаалд ямар хүмүүсийн нэр яригдаж байгаа вэ? 

-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Эхлээд бүтцээ тодорхой болгох нь зүйтэй байх. Яам олон байхын хэрээр ажил сайн явна гэсэн хууль хаана ч байхгүй. Хэдэн зуун сая хүн амтай улс орнууд цомхон Засгийн Газартай байдаг юм билээ. Цомхон, ухаалаг төртэй байх зарчмыг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй.