• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Алуурчид” Монголын үрсийг эхийн хэвлийд нь хүйс тэмтэрч байна

Р.Төгс
2014 оны 11 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг

Сүүлийн үед охид, бүсгүйчүүд маань баталгаагүй гэж нэрлэгдсэн үр зулбуулах эм хэрэглэж, амь насаараа хохироод зогсохгүй насан туршдаа үрийн зулай үнэрлэж чадахгүй гашуухан гэмээр харамсмаар тохиолдол маш олноор гарах болсон билээ.

Уг нь үр хүүхэд гэдэг хүссэн болгонд олдоод байдаг бурханы бэлэг биш. Тиймээс л үр удмаа үлдээх гэж хүн болж төрснийх нь утга учир оршино хэмээн ардын зүйр цэцэн үг ч байдаг. Гэтэл сүүлийн үед хар захууд дээр монголын үр удмыг үндсээр нь устгах гэсэн хятадын бодлого яваад байна уу даа гэсэн хар өөрийн эрхгүй төрж байна.

Ийн хэлэхийн учир нь өчигдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” захын нутаг дэвсгэрт үр зулбуулах эмийн хууль бус худалдааг илрүүлэх, хууль бус эмийн наймааг таслан зогсоох шалгалтыг зохион байгуулсан юм. 

Шалгалтаар “Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг нэгэн эмэгтэй лангуун дээрээ үр зулбуулдаг цагаан өнгийн хайрцагтай хуурамч эм зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсныг илрүүлж, харъяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн албанд хүлээлгэн өгсөн юм. Мөн тус зах дээр энэ төрлийн худалдаа хийж байсан хоёр иргэнийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагч нар өнгөрсөн долоо, наймдугаар дугаар саруудад тус тус илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж байсан ч өнөөг хүртэл хятад улсын чанарын баталгаагүй хуурамч гэх үр зулбуулдаг эм зарагдсаар байгаа юм байна. 

 Хууль бус эмийн наймаа хийдэг хүмүүсийгээ “Алуурчид” хэмээн нэрлэсэн байдаг.

Хамгийн сонирхолтой нь Нарантуул захад баталгаагүй эм зардаг хэсэг бүлэг наймаачид байдаг юм байна. Тэд энэхүү эмээ 20 мянган төгрөгөөр зарж өөрсдийн гэсэн томоохон сүлжээг бий болгоод авчээ. Түүнчлэн тус захын бусад наймаачид хууль бус эмийн наймаа хийдэг хүмүүсийгээ “Алуурчид” хэмээн нэрлэсэн байдаг гэнэ. Муу арга залийг хэрэглээд сурчихсан эмний наймаачид дүүргийнхээ байцаагч нарын царайг тогтоочихсон учир шалгалт хийх гээд очихоор нь зугтаад алга болчихдог байна. Манай улсын хууль тогтоомж сул байдаг учраас тэдэнд ногдуулдаг шийтгэл нь их хөгийн байгаа юм.

Уг нь зохион байгуулалттайгаар хүний амь насыг хохироож байгаа алуурчдыг төр төмөр нүүрээ харуулж хатуу цээрлэл үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид хүн амынхаа тоог өсгөх гэж бодлогоор маш олон ажил хийж байгаа. Гэтэл төр засгийн гаргасан энэхүү шийдвэрийг үл огоорч байгаа нөхдүүд хүний амь насыг юман чинээ бодолгүйгээр халтар хэдхэн цаасны төлөө явж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид ямар хятад улс шиг шороо шиг олууллаа биш одоо л нэг ирэх онд гурван сая дахь иргэнээ хүлээж авна хэмээн улсаараа хөөрцөглөж байгаа.

Гэтэл энэ мэтийн алуурчид охид, бүсгүйчүүдийн минь амьдралыг халтар цаасаар хэмжиж байгаа нь арай ч дээ гэж зэвүүцэх сэтгэл төрж байгааг нуух юун. Тухайлбал, эн төрлийн хууль бус наймаа хийсэн хүнд дараах хууль үйлчилж байгаа нь харамсалтай байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйл ангид зааснаар хориглосон үйлдвэрлэл үйлчилгээ, худалдааг дур мэдэн эрхэлж, үлэмж буюу их хэмжээний орлого олсон бол тухайн эд хөрөнгийг хураах, буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, эсвэл 3-6 сар хүртлэх хугацаагаар баривчлан шийтгэнэ хэмээн заасны дагуу тухайн хүмүүст арга хэмжээ авдаг байна.

Мөн захиргааны хариуцлагын хуулиар бол зарж буй эд, бараа, материалыг нь бүгдийг нь хураах, түүнээс олсон ашиг орлогыг нь мөн хураах, торгууль тавих арга хэмжээг авдаг” гэх заалттай. Үнэндээ энэ хуулийн заалт хууль бус эмийн наймаачдын инээдийг хүргэж санаатайгаар хүний амь насаар даажигнаж байна гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Уг нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу хүний амь насыг санаатайгаар хохироосон тохиолдолд 15-25 жилийн ял оноодог.

Үр зулбуулж хүний амь насыг санаатайгаар хохироож байгаа эмийн наймаачдыг хэдхэн төгрөгөөр торгоод өнгөрч байна.

Мөн бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцсон, зохион байгуулалттайгаар хүний амь нас хохироосон бол Эрүүгийн хуульд заасны дагуу 15-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах хүртэл ялаар шийтгэдэг байх юм.

Гэтэл үр зулбуулж хүний амь насыг санаатайгаар бүлэглэн хохироож байгаа эмийн бүлэг наймаачдыг хэдхэн төгрөгөөр торгоод л өнгөрч байгаа нь тэднийг “Дахиад хүний амь насыг хөнөөж болно шүү” гэх үгийг хэлсэнтэй адил байгаа юм. Холбогдох хууль хяналтынхан үе, үе шалгадаг хэдий ч тэд хэн нэгнээс шалгалт хийх сургийг сонсоод бүгд нуувчиндаа ордог байна.

Ийм учраас нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэдэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын эмийн бүртгэлд ороогүй, баталгаагүй, хятад улсад үйлдвэрлэсэн, хятад хэлээр бичсэн, хадгалалт тээвэрлэлт хэрхэн хийгдсэн нь тодорхойгүй эм, эмийн бэлдмэлийг хувь хүний гар дээрээс авч амь нас эрүүл мэндээ хохироохгүй байх, эм, эмийн бэлдмэлийг баталгаатай эмнэлэг, эмийн сангаас авч эмчийн хяналтан доор хэрэглэхийг сануулсаар байгаа ч охид, бүсгүйчүүд маань төдийлөн тоохгүй байгаа нь тэдний амьдралд үүрдийн хар толбо үлдсээр байх болно гэдгийг ухаарахгүй байгаа нь даанч харамсалтай.

Зураг