Исламын улсад Казахуудын анги бий болжээ
Дэлхий нийтийн аюул занал болоод байгаа Исламын Улс бүлэглэлд олон орны иргэд нэгдсээр байгаа билээ.
Өөртөө хүмүүс элсүүлэх ажлыг онлайн сүлжээгээр хүчтэй зохион байгуулж байгаа нь бусад террорист хөдөлгөөнүүдээс ялгарч байгаа юм.
Тэгвэл саяхан тэд ээлжит сурталчилгааны видеогоо тараасан байна. Уг видеонд Казахстанаас очсон Казах жихадистуудыг харуулжээ.
Түүгээр ч барахгүй Казах болон өөр бусад үндэстэн угсаатнуудын бага насны хүүхдүүд хэрхэн цэргийн эрдэмд суралцаж байгааг харуулсан байна.
Тусгай албадын мэдээллээр одоо Казахстанаас 300 орчим иргэн Сири, Ирак руу очиж Исламын улсын армид нэгдээд байгаа гэнэ. Тэдгээрийн 150 орчим нь эмэгтэйчүүд байгаагаас харвал Казахууд гэр бүлээрээ Исламын улсад нэгдэж байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл зөвхөн дайтах бус Исламын улсын иргэн болж амьдрах замыг сонгожээ.
Казахстаны эрх баригчид уг видеог үзэх сувгуудыг хаах арга хэмжээ авсан гэнэ.
Зөвхөн Казах төдийгүй Төв Азийн бусад улсууд ч иргэдийнхээ шилжилт хөдөлгөөнд хатуу хяналт тавьж эхэлсэн байна.
Газар зүйн байрлалаас шалтгаалаад Казахстанд шууд аюул заналхийлэл болохгүй ч гэсэн тус улс нөхцөл байдлыг хяналтандаа авч болгоомжилж эхэлжээ.
Эх сурвалж: DailyMail
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

