Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ: Л.Гансүхийг дэмжигч иргэд хүртэл түүнтэй уулзаж байсан

Г.Номин, iKon.mn
2014 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийн хүрээнд тус газраас ямар ямар үйл ажиллагаанууд авч хэрэгжүүлсэн болон мөрдөн байцаалтын одоогийн байдлын талаар мэдээллээ.

Л.Гансүх нарт холбогдох хэрэгт 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар хамруулан шалгаж байгаа бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход саад болж магадгүй гэсэн үндэслэлээр зургааг нь цагдан хорьсон байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн, мөрдөн байцаах албаны дарга Э.АмарбатОдоогийн байдлаар гурван хүний таслан сэргийлэх , цагдан хорих үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Цагдан хорих үеэр хэрэгт холбогдогчдийн “эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүсэн, ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь уулзуулсангүй” гэсэн мэдээлэл гарсан. Эдгээр худал мэдээллүүдийг залруулах зорилгоор мэдээлэл хийж байна.

 Эрүүдэн шүүсэн зүйл огт байхгүй бөгөөд ар гэрийнхэн өмгөөлөгч нартайгаа уулзаж байсан.

Бид сэжигтнүүдийг хуулийн дагуу хорьсон. Мөн эрүүдэн шүүсэн зүйл огт байхгүй бөгөөд ар гэрийнхэн өмгөөлөгч нартайгаа уулзаж байсан. Л.Гансүхийг дэмжигч иргэд хүртэл түүнтэй уулзаж байсан” гэлээ.

Хэрэгт холбогдогчид хамгийн цөөн нь ес, хамгийн олон нь 21 удаа ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэйгөө уулзжээ.

Л.Гансүх, н.Мөнгөнтуяа нар тус бүр гурав, н.Тулга хоёр, бусад гурван сэжигтэн тус бүр нэг өмгөөлөгчтэй бөгөөд хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хүмүүс нэг өмгөөлөгчтэй байж болдоггүй учир хэргийн мөрдөн байцаалтын эхний үед зарим тохиолдолд сэжигтнүүдийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байсан ажээ.

Мөн цагдан хорих хугацаанд биеийн байдал нь муудсан, хүндэрсэн тохиолдолд урьдчилан хорих анги болон нарийн мэргэжлийн эмнэлэгт эмчлүүлжээ.

Тухайлбал, сэжигтэн н.Тулгын нуруу өвдөж урьдчилан хорих ангид эмчлүүлэх боломжгүй байсан учир гэр бүлийнхэнтэй нь зөвшилцөн “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт 18 хоног эмчлүүлээд хорих анги руу шилжүүлжээ.
Харин Л.Гансүх болон н.Мөнгөнтуяагийн биеийн байдал хорих ангийн эмнэлэгт эмчлэх боломжтой гэж үзээд тэндээ эмчилсэн байна.

АТГ-ын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын хэлтсийн дарга Ө.Энхтөр “2014 оны аравдугаар сарын 15-ны өдөр сэжигтэн Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж урьдчилан хорих төвд үлдээгээд явсан баримтыг үндэслэн түүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгөөд байна.

Ц.Баасандорж тухайн өдөр хорих төвд үлдээсэн баримт нь мөрдөн байцаалтын ажилд саад болж болзошгүй мөн төрийн өндөр албан тушаалтаны нэрийг барьж мөрдөн байцаалтад нөлөөлөх нөлөөлөл байж болзошгүй гэж үзэж байна.

Цаасан дээр "Е/сайд" гэж бичсэн байгаа энэ нь хэн гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ сайд гэдэг бол МУ-н төрийн өндөр албан тушаал шүү дээ” хэмээн ярилаа.

Төв аймгийн урьдчилан хорих төвд Ц.Баасандоржийн гарын үсэгтэй албан бичгийн ар дээр бичигдсэн зүйл:

 

Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн мэдээллийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдээлэхийг хориглодог учир дээрх мэдээллүүдийг олон нийтэд зарлаж болох эсэхийг прокурорын байгууллагаар тогтоолгож мэдээлж байгааг хурлын үеэр хэлж байсан юм.

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/