Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийг өнгөрсөн сарын 29-нөөс Төв аймаг дахь цагдан хорих байранд саатуулаад байгаа.
Энэ хугацаанд түүний өмгөөлөгч Ц.Баасандорж өмгөөлүүлэгчтэйгэээ уулзах гэсэн боловч АТГ-аас дарамт шахалт их тул тэр бүр уулзаж чадахгүй байгаа аж.
Иймд тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн бөгөөд ХЭҮК-т (Хүний эрхийн үндэсний комисс) өргөдөл гаргасны дагуу өргөдлийн хариу ирсэн гэдгийг мэдэгдэв.
ХЭҮК өмгөөлөгч Л.Ц.Баасандоржийн өргөдөл гомдлыг хүлээн аваад “АТГ өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
Иймд өмгөөлөгч Л.Ц.Баасандорж энэхүү дүгнэлтийг үндэслэн АТГ газар болоод бусад холбогдох байгууллагын зарим албан хаагчдад хариуцлага тооцуулах болно гэсэн юм.
"Хууль зөрчсөн үйлдэл ар араасаа гараад байхад холбогдох байгууллагууд дүлий юм шиг л суугаад байна”
Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт би өөрийн биеэр АТГ-д очсон. Өмгөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлттэй танилцах бүрэн эрхтэй. Тиймээс шинжээчийн гаргасан 120 гаруй хуудас дүгнэлттэй танилцаад холбогдох мэдээллээ тэмдэглэж авч байтал н.Золжаргал гэж мөрдөн байцаагч шинжээчийн дүгнэлтийг надаас булааж авсан. Ингээд ”Чамаар би тэмдэглэл хөтлүүлэхгүй, чи өрөөнөөс гар” гэсэн байдлаар надад хандсан.
Энэ хүн мөрдөн байцаагч хүн. АТГ-ын албан өрөө н.Золжаргалын гэр орон биш, би түүнд хөөгддөг эхнэр, хүүхэд, дүү нь биш.
Тиймээс би Нийслэлийн прокурорын газарт гомдол гаргасан байгаа. Хууль зөрчсөн энэ мэт байдал ар араасаа гараад байхад холбогдох байгууллагууд дүлий юм шиг л суугаад байна” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Л.Гансүхээс мэдүүлэг авч эхэлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!