Төрийн тусгай хамгаалалтын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын тасгийн дарга, хошууч Ж.Гантөмөр, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Самбалхүндэв нар хэдхэн хормын өмнө мэдэгдэл хийлээ.
Учир нь АТГ Төрийн тусгай хамгаалалтын газрын нууцын зэрэглэлд халдахуйц гэмт үйлдэл хийсэн гэж үзсэн байна. Иймд тус газрыг ТЕГ-аар шалгуулахаар болсноо албан ёсоор мэдэгдэж байгаагаа дуулгав.
Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн сарын 31-нд өөрийн зөвлөх Л.Гансүхтэй уулзах үеэр Төрийн тусгай хамгаалалтын газар үүргийнхээ дагуу ажлаа гүйцэтгэсэн байна.
Гэтэл энэ үеэр АТГ-ын ажилтнууд ил болон далд байдлаар бичлэг хийж, улмаар олон нийтэд цацсан нь Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааг олонд ил болгожээ.
АТГ-ынхан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн.
Хошууч Ж.Гантөмөр хэлэхдээ “Ерөнхий сайд Н.Алтанхуяг тухайн өдөр хууль зөрчсөн үйлдэл хийсэн үгүй нь бидэнд огт хамаагүй. Манай байгууллага хуулийн дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, өндөр хэмжээний гадаадын төлөөлөгчид гээд тусгай хамгаалалтын нэгдүгээр зэрэглэлд хамаарах хүмүүсийг хамгаалах л үүрэгтэй. Гэтэл энэ үүргийнхээ дагуу ажил үүрэгээ гүйцэтгэж байхад АТГ төрийн нууцын зэрэглэлийг задруулсан үйлдэл хийлээ.
Төрийн тусгай хамгаалалтын үйл явц, арга тактик, хүч хэрэгсэл төрийн нууцын зэрэглэлд хамаарагддаг. Гэтэл дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа.
Иймээс бидний зүгээс ТЕГ-т хандаж, АТГ-ыг шалгуулах болсноо өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.
Төрийн тусгай хамгаалалтын газраас гаргасан МЭДЭГДЭЛ:
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хамт 2014 оны долоодугаар сарын 31-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед АТГ-ын алба хаагчид төрийн тусгай хамгаалалтын бүсэд, төрийн тусгай хамгаалалтын алба хаагч, орон нутгийн тагнуул, цагдаагийн байгууллагын алба хаагч нарын хуульд нийцүүлж тавьсан шаардлагыг үл биелүүлж, хамгаалуулагчийн үйл хөдлөлд хяналт тавин, бичлэг хийж баримтжуулан уг бичлэгийг хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрх, нэр төр, халдашгүй дархан байдалд халдсан явдал боллоо.
Энэ үйлдэл нь Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, Эрүүгийн хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль гэх зэрэг олон хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон байна. Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын Ерөнхий сайдын бие, нэр төр, уналга, зориулалтын орон сууц халдашгүй дарха байна” гэж заасан байдаг. Мөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 2.1-д зааснаар “1-р зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсад айлчлал хийж байгаа гадаад орны төр засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн өндөр хэмжээний зочин хамаарна” гэж заасан. Мөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Төрийн тусгай хамгаалалтын бүс гэж гадуур хамгаалалт зохиогдож байгаа болон төрийн тусгай хамгаалалт авсан барилга, бусад зүйлд хамаарах тодорхой орчин, нутаг дэвсгэрийг хэлнэ” гэж заасан байдаг.
Цаашид хамгаалалтын үйл ажиллагааг баримтжуулж ажиллахгүй байхыг төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна.
Авлигатай тэмцэх газрын алба хаагчдын дээрх үйлдэл нь Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг мөн зөрчсөн байгаа. Тус хуулийн 1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Төрийн тусгай хамгаалалтанд байх албан тушаалтан, иргэн болон хурал чуулган, арга хэмжээ, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийн байнгын болон цаг үеийн хамгаалалтыг зохион байгуулахтай холбоотой мэдээ, баримт бичиг нь төрийн нууцад хамаарна” гэж заасан байдаг.
Гэтэл Авлигатай тэмцэх газрын алба хаагчид албан үүргийн дагуу мэдсэн мэдээллээ ашиглан хамгаалуулагчийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очих үед Төрийн нууцад хамааруулсан Монгол Улсын Ерөнхий сайдыг хамгаалах хамгаалалтыг зохион байгуулж байгаа хамгаалалтын бүсэд нууцаар болон илээр бичлэг хийж, уг бичлэгээ нийтэд мэдээлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87 дугаар зүйлд заасан төрийн нууц задруулах гэмт хэргийн шинжтэй байгаа тул Төрийн тусгай хамгаалалтын газрын зүгээс Тагнуулын ерөнхий газарт энэ талаар хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын албыг хашиж байсан албан тушаалтан, иргэнийг төрийн ёслолын болон албан ёсны арга хэмжээнд оролцохоос бусад тохиолдолд хамгаалуулагчийн үйл хөдлөл, хамгаалалтын үйл ажиллагааг баримтжуулж ажиллахгүй байхыг төрийн болон орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэдэд анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!