"Гал үндэстэн" холбоо, цөмийн эсрэг "Голомт" хөдөлгөөн, "Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө" ТББ-аас цаг үеийн гурван асуудлаар мэдээлэл хийв.
Тэд "Гал үндэстэн" холбооны хууль бусаар ял шийтгүүлэн хоригдож байгаа гишүүдээс гурван хүний биеийн байдал муу, тэр дундаа н.Дашцэрэнгийн биеийн байдал тун хүнд, н.Ганболд, н.Болдбаатар нарын сахар нь нэмэгдэж нэлээн тааруухан болж байгааг дуулгасан юм.
Мөн Ураны хор аюулын гамшиг манай орны зарим аймаг сумдаар илэрч гамшиг нь бид бүхний нүдэн дээр ил болоод байхад асар их хэмжээний газар нутгийг хамруулан олгосон ураны хайгуулын лицензүүдээ хураан авах, хүчингүй болгох талаар эрх баригчид юу ч хийхгүй байгааг олон улсын байгууллагууд анхааралдаа авсан гэдгийг хэллээ.
Харин гурав дахь асуудлын тухайд, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг нэн даруй Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулахыг дахин шаардаж буйгаа мэдэгдэв.
Л.Гансүхийн холбогдсон хэрэг ч тун ноцтой төдийгүй үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүрэг оролцоо их байсан нь тодорхой.
Дээрх холбоо, ТББ-ууд Засгийн газрыг огцруулах шаардлагыг УИХ-д өмнө ч бас хүргүүлж байсан. Гэсэн хэдий ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос хариу шийдвэр өгч байгаагүйг дурдаад, Монгол Улсын Засгийн газрын бусармаг ажиллагаа үргэлжилсээр байна гэж мэдэгдлээ.
"Гал үндэстэн" холбоо, цөмийн эсрэг "Голомт" хөдөлгөөн, "Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө" ТББ-ынхан хэлэхдээ "Ерөнхий сайд нь Хууль зүйн сайдтайгаа хамтран гэгээн цагаан өдрөөр өөрсдөө гэмт хэрэг үйлдэж явдаг боллоо. Тухайлбал АТГ-ын мэдэгдэлд дурьдсанаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн” байна.
Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийн холбогдсон хэрэг ч тун ноцтой төдийгүй үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үүрэг оролцоо их байсан нь тодорхой байна. Иймд Н.Алтанхуягийг нэн даруй Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулахыг дахин шаардаж байна" гэсэн.
Түүнчлэн Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны дөрөвдүгээр 3-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан гэмт хэрэг үйлдэж газар дээрээ баригдсан Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарыг УИХ-ын тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 6.9.1-д заасны дагуу УИХ-ын гишүүнээс нь ч түдгэлзүүлэх ёстой гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!