АТГ-аас гаргасан шийдвэрийг үл тоож, цагдан хоригдож буй ахлах зөвлөх Л.Гансүхтэйгээ уулзсан Ерөнхий сайдын үйлдэл олны анхаарлыг эрхгүй татаж, олон таамаглал дэвшүүлэхэд хүргээд байгаа.
Энэхүү үйлдэл нь сөрөг хүчнүүдийн анхаарлыг ч зүй ёсоор татлаа. Тухайлбал, өнөөдөр МАН-ыг төлөөлж намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Усын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчсөн үйлдэл хийлээ. Тэдний хийсэн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын түүхэнд урьд өмнө гарч байсангүй.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 425.2-т заасныг Н.Алтанхуяг сайд зөрчсөн. Энэ ч үүднээс АТГ Ерөнхий сайдаас тайлбар авна гэдгээ мэдэгдсэн байгаа. Энэ нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэсэн заалт юм. Энэ заалтыг зөрчсөн тохиолдолд гурван жил хүртэл хугацаагаар хорих заалттай.
Н.Алтанхуяг сайдын энэ байдал зүгээр нэг намын нөхрөө эргэж очсон хэрэг бус хийсэн гэм буруутай үйлдлээ хаацайлах гэсэн, үгсэн тохирох гэсэн үйлдэл болох нь харагдлаа. Үгүй бол хуулиа, АТГ-ын шийдвэрийг зөрчин байж, яруу сандруу Л.Гансүхтэй уулзахгүй байсан.
Ж.Мөнхбат: Ерөнхий сайд увайгүй үйлдэл хийсэн тул ард иргэдээс хууль биелүүлэхийг шаардах эрхгүй
Иймд МАН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХЗ-н сайд Х.Тэмүүжин нарыг “Хуулийн засаглалыг устгасан” гэж албан ёсоор дүгнэж байгаагаа дуулгая.
Тэд өөрсдөө ийм увайгүй үйлдэл хийсэн тул ард иргэдээс хууль биелүүлэхийг шаардах эрхгүй” гэсэн юм.
Түүнчлэн тэрбээр Их хурлын дарга З.Энхболдод мэдэгдэл хүргүүлж буйгаа дуулгасан. Мэдэгдэлд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, дээрх сайд нарт авах арга хэмжээг даруй хэлэлцэх ёстой гэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!