Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн Цагдан хорих байрны дарга Т.Ганбаатар зөвлөх Л.Гансүхээс болж халагджээ

Б.Ану
2014 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх Төв аймаг дахь цагдан хорих байранд саатуулагдаад байгаа билээ. Л.Гансүх нь долоодугаар сарын 29-ний өдөр хоригдсон. Харин түүний өмгөөлөгч Л.Цэндсүрэн маргааш нь буюу долоодугаар сарын 30-нд Л.Гансүхтэй уулзах гэсэн боловч түүнтэй тодорхой шалтгаангүйгээр уулзуулаагүй байна. 

Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч нар хэвлэлд хандан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35.2.8-д заасан "Сэжигтэн нь өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах эрх эдэлнэ" заалтыг зөрчсөн гэж байсан билээ. 

Тэгвэл энэ долоо хоногт Төв аймгийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга Т.Ганбаатарыг ажлаас нь чөлөөлсөн байна. 

Хошууч Т.Ганбаатарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж ийнхүү чөлөөлжээ. 

Харин бусад эх сурвалжууд Т.Ганбаатарыг Ерөнхий сайд, Хууль зүйн сайдыг Л.Гансүхтэй уулзах гэж буйг АТГ-т мэдэгдэж төрийн нууц задруулсан нь ийнхүү хариуцлага хүлээх болсон гэж мэдээлж байна. Гэхдээ энэ бүгдээс яг аль шалтгаанаар нь Т.Ганбаатарыг ажлаас нь халсан одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлжээ. Албаны эх сурвалжууд Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх гадаадад томилолтоор ажилтай, харин Б.Батзаяаг орон нутагт явах хойгуур нь ийм шийдвэр гаргажээ. 

Чухам ямар шалтгаанаар Б.Батзаяаг ажлаас нь халсан талаар ЗГ-аас албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа юм. 

Гэх мэт Төрийн байгууллагууд учир шалтгаан нь тодорхой бус байдлаар халаа, сэлгээ хийж эхэллээ.