Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах заавартай боллоо

Ж.Отгонмягмар
2014 оны 10 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд  “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах заавар”-ыг боловсруулжээ. Энэ талаар “Монгол ус” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий инженер, ХУ-ны доктор  Х.Шүрэнцэцэгээс тодрууллаа.

-Манай улсад усны аюулгүй байдлын төлөвлөгөө хэзээ хэрэгжиж эхэлсэн юм бэ?

-Дэлхийн олон улсад хүн амыг ундны аюулгүй усаар хангах асуудал чухлаар тавигдаж бай­гаа. Тиймээс ч усны эх үүс­вэ­рээс хэрэглэгч хүртлэх бүх цэгүү­дэд  усыг бохирдуулагч хү­чин зүйлүүдийг тогтоож, бо­хирд­лоос урьдчилан сэргийлэх ар­га хэмжээг авдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмж­лэг­тэйгээр усны аюулгүй байдлын төлөвлөгөө төслийг манайд 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Азийн таван оронд ундны усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртлэх бүх цэгүүдэд усыг бохирдуулах хүчин зүйлийг тогтоогоод эрсдэлийг нь үнэлээд бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үйл ажиллагааг  ус хангамжийн тогтолцоонд нэвтрүүлээд байна.

-Одоогоор хэчнээн аймагт усны аюулгүй байдлын төлөв­лөгөө хэрэгжүүлээд бай­гаа вэ?

-Манай оронд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2011 оноос эхлэн ус хангамжийн тогтолцоонд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд Ус сувгийн удирдах газар, Дорноговь аймгийн “Чандмань илч” ХХК-ийг загвар болгон түшиглэж ирсэн бөгөөд одоогоор Баянхонгор, Өмнөговь, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймагт төслийг эхлүүлээд байна.

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсөл хэрэгжүүлэгчдэд  өгөх заавар буюу аргачилал байх­гүй байсан. Тиймээс ЭМЯ, МХЕГ, БХБЯ, “Монгол ус” тө­рийн өмчит үйлдвэрийн газрын мэр­гэ­жилт­нүүд хамтраад “Усны аюулгүй байдлын тө­лөв­лөгөө боловсруу­лах заа­вар”-ыг боловсруулан Эрүүл мэндийн болон Барилга хот байгуулалтын сайд хамтран батлахаар зөвшилцөөд байна.

Гэхдээ  БХБЯ татан буугдсантай учраас арай л батлагдаж амжаагүй байгаа. Уг нь ДЭМБ-аас зөвлөхүүд ирээд, олон удаа хэлэлцэгдээд заавар маань бэлэн болчихсон.

-“Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах заа­вар”-т ямар үзүүлэлтүүдийг тус­гах талаар зөвлөсөн байгаа юу?

-Ус хангагч байгууллага өөрийн бүтэц, үйл ажиллагаа, тех­ни­кийн нөөц, бололцоо, орон нут­гийн онцлогт тааруулан “Усны аюул­гүй байдлын төлөвлөгөө”-г боловс­руулах талаар болон гол чухал ямар үзүүлэлтүүдийг тө­лөв­лөгөөнд зайлшгүй оруулах шаард­лагатайг энэхүү зааварт тус­гаж өгсөн ач холбогдолтой юм. Мөн ус хангагч байгууллага нь энэхүү шаардагдах төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөг аймаг, нийслэл, сумын иргэдийн тө­лөө­лөгч­дийн хурлаар хэлэл­цүүлэн батлуулж байхаар оруулсан.

-Орон нутгууд хяналт, шин­жилгээг хэрхэн хийж тайлан мэдээг хаана өгөх ёстой вэ?

-Энэхүү аргачилсан зааварт усны аюулгүй байдлын төлөв­лөгөөг хэн удирдан зохион бай­гуулах, тайлан мэдээгээ хаана өгөх буюу жилд хэдэн удаа хүргэх зэргийг оруулж өгсөн. Тодруулбал, аймгууд усны аюулгүй байдлын төлөвлөгөний тайлан мэдээг жилд нэг удаа БОНХЯ, ЭМЯ-ны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Ус ариун цэврийн  байгууламжийн ажлын хэсэгт мэдээгээ өгч байна гэсэн үг.

Энэхүү аргачилсан заавар нь төвлөрсөн ус хангамжтай газруудад зориулсан байгаа. Бид дараагийн ээлжинд төвлөрсөн бус усан хангамжтай сумуудад усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрхэн боловсруулах аргачилсан заавар хийх төлөвлөгөөтэй байна.

-“Усны аюулгүй байдлын тө­лөв­лөгөө”-г хэн удирдан зо­хион бай­гуулж, хэдэн хүнтэй баг бүр­дүүлэх шаардлагатай вэ?

-Аргачилсан зааварт зааснаар тухайн орон нутгийн ус хангагч байгууллага багаа бүрдүүлнэ. Үйлчлэх хүрээний хүн амаас хамаараад хэд хэдэн баг байж болно. Багийн ахлагч нь орон нутагт Засаг даргын орлогч, нарийн бичгийн дарга нь ус хангагч байгууллагын дарга байх бөгөөд  есөөс доошгүй хүнтэй багийг бүрдүүлэх ёстой.

Багт иргэдийн төлөөлөл, хэвлэл мэдээлэл, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол гээд олон нийтийн бүх оролцоог бүрдүүлж чадахуйц  усаа хянах багийг бүрдүүлэх шаардлагатай. Баг  нь тухайн орон нутгийнхаа уур амьсгал, газар зүйн онцлогоос болж ямар эрсдэл гарч болох зэргийг тооцоолон, сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулна. Хэрэв эрсдэл гарч усаар тасарвал ийм арга хэмжээ авна гэсэн төлөвлөгөөгөө ч бэлэн байлгах ёстой юм.

Ер нь усны аюулгүй байдлын төлөв­лөгөө боловсруулан хэрэг­жүү­лэх үйл явц нь салбар дундын хамтын ажиллагаа шаардсан багаар хийгддэг ажил. Тиймээс төслийг орон нутагт өргөжүүлэх, тогтвортой байдлыг хангах үүднээс багийн бүрэлдэхүүнийг чадавхжуулах ажлыг үе шат­тай­гаар зохион байгуулж байгаа.

Ту­хайлбал, энэ сарын 20-нд “Усны аюул­гүй байдлын төлөвлөгөөг орон нутагт өргөжүүлэх, Ус сувгийн удирдах газрын турш­ла­гыг судлах” үндэсний хэм­жээ­ний сургалтыг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион бай­гуул­сан. Энэ мэт олон ажлыг өрнүүлж байгаа.

Зураг